“Халх гол” чөлөөт бүс төсөл ямар ашигтай вэ
Манай улс Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх , өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх , улмаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан зорилтын хүрээнд УИХ, Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоол баталсан билээ.
Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү чөлөөт бүсийг байгуулах хэрэгцээ шаардлага, учир шалтгаан болон тухайн бүсэд явуулах үйл ажиллагааны талаарх тайлбар, тодруулгыг албаны хүмүүсээс авсанаа хүргэж байна.
С.Дивангар: Энэ бүсэд хорио цээрийн тусгай дэглэм бүхий гурван үе шаттай үйл ажиллагаа хэрэгжүүлнэ./ХХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн/
-Манай улс малын өвчлөлөөрөө ямар түвшинд бичигддэг вэ. Энэхүү малын өвчлөл нь эргээд эдийн засаг, олон улсын харилцааны хувьд ямар боломжуудыг хаадаг вэ?
-Ерөнхий байдлаар нь авч үзвэл манай монгол мал харьцангуй эрүүл мал. Жишээлбэл, өнгөрсөн жил 50 гаруй сая мал тоологдсон. Үүнээс давхардсан тоогоор 25 сая малыг 20 нэр төрлийн дархлаажуулалтын вакцинд хамруулсан байгаа. Давхардсан тоогоор гэж байгаа учраас нэг малд хоёроос гурван удаа вакцин таригдсан гэсэн үг. Энэ нь нэг талаараа монгол мал харьцангуй эрүүл болохыг баталж байгаа юм. Олон улсын дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас заавал зөвшөөрөл авч баталгаажуулах шаардлагатай зургаан нэр төрлийн өвчин байна. Эдгээрээс манайд зөвхөн шүлхийн өвчин л асуудалтай байна. Өмнө нь үхрийн мялзан өвчин бичигддэг байсныг олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас байхгүй гэдгийг баталгаажуулсан. Манай улс шүлхий өвчний статустай байгаа нь олон улсын зах зээл дээр гарахад гол хориг саад болж байна. Тэгэхдээ энэ бол дааж давашгүй том бэрхшээл биш, шийдвэрлэх боломжтой асуудал. Хамгийн гол нь шийдвэрлэх гарцаа зөв, оновчтой сонговол малын махаа экспортод гаргах боломж байна. Бид 2014 оноос эхлэн бүсчилсэн стратегийн бодлогыг баримталж байгаа. Энэ нь нэг бүс нутгаас шүлхий өвчин гарлаа гэхэд бусад бүсээс мах экспортлох боломжтой байдгаараа ач холбогдолтой. Гэхдээ энэхүү стратегийн бодлогийг хэрэгжүүлэхэд асуудал байна уу гэвэл байна. Юу вэ гэхээр бүс нутгийн хэмжээ хэтэрхий том байна. Жишээлбэл, баруун бүс нутгийг шүлхийгүй хэмээн зарлаад үйл ажиллагаа хэрэгжүүлж байхад баруун бүсийн аль нэг аймаг, сум дээр шүлхий өвчин гарах жишээтэй. Тэгэхээр нөгөө баруун бүс нутагт дахин хорио цээр тогтоогдож байна. Энэ бэрхшээлээс юуг харж болох вэ гэхээр бүсчлэлийн хэмжээ илүү жижиг байлгах шаардлагатай нь харагдаж байна.
-Таны хэлсэнчлэн хорио цээрийн бүс байгуулахад бүсчлэлийн хэмжээ бага байх ёстой юм байна. Түүнчлэн Халх гол чөлөөт бүсэд хорио цээрийн бүс байгуулна гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл энэхүү хорио цээрийн бүс нь ямар үйл ажиллагаа явуулах юм бэ?
-Манай улсын зүүн бүс худалдааны хорио цээрийн өвчлөлийн хувьд олон улсад хаалттай байгаа. Олон улсынхан ч тэр хөрш орнууд ч тэр танай зүүн бүсээс мах авахгүй гэдэг асуудлыг тавьж байна. Тэгэхээр зүүн талд байгаа боломжийг хэрхэн нээх вэ гэхээр жижиг талбайг ашиглан хорио цээрийн бүс байгуулах шаардлагатай. Үүний нэг нь Халх гол чөлөөт бүс. Бид энэхүү бүсэд хорио цээрийн тусгай дэглэм бүхий гурван үе шаттай үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, тэр бүс рүү орж байгаа малын хөдөлгөөнийгбүртгэдэг тогтолцоог хэрэгжүүлнэ. Энэ бол тухайн бүсийг эрүүл гэж баталгаажуулах эхний алхам. Хоёрдугаарт тухайн бүс нутагт мал аж ахуй эрхэлж байгаа айл өрхийн малд танадалт судалгаа хийнэ. Сорьц аваад лабораторид шинжлээд энд байгаа мал эрүүл байна гэдгийг нотлох юм. Гуравдугаарт, үйлдвэр нядалгааны өмнөх үзлэгийг хийж эрүүл мал нядалгаанд орлоо гээд нотлоод өгнө. Энэ гурван үе шатныхаа эрхзүйн орчинг бий болгож, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж манайхаас мах экспортлох сонирхол бүхий улс орнууд руу явуулах юм.
-Энэ нь нэг талаараа махыг экспортод гаргах боломжийг нээж өгч байгаа том гарц гэж ойлгож болох юм байна тийм үү?
-Тийм. Түүнчлэн манай улсад хэд хэдэн ийм хорио цээрийн бүс шаардлагатай байна. Нэг бүсэд нь асуудал гарлаа гэхэд нөгөө бүсээсээ махаа экспортлох. Нэг үгээр хэлбэл тасралтгүй холбоог бий болгох юм. Халх гол чөлөөт бүс үүний зөвхөн эхлэл юм.
URL: