ОХУ “С-400” пуужингаас хамгаалах системээ Сирид байршуулна

adc2c5f82a75bed2eeb9d755663c41aa

“C-400” пуужингийн систем 400 км-ийн радиус дахь агаарын орон зай дахь байг устгах боломжтой

Оросын эрх баригчид лхагва гаригт Сирид байршуулах зорилгоор “С-400” пуужингаас хамгаалах орчин үеийн цогцолбороо илгээснээ мэдэгджээ. Энэхүү орчин үеийн системийн тусламжтайгаар Сирийн агаарын орон зайд нисч буй Оросын нисэх онгоцуудыг хамгаалах ба тус улсын усан хилийн ойролцоо буй Москва байлдааны хөлөг онгоц дээрх агаараас эсэргүүцэн хамгаалах системийг мөн энэ зорилгод ашиглах аж.

Туркийн эрх баригчдын зүгээс сануулга өгөх зорилгоор нисэх онгоцыг санаатайгаар сөнөөсөн ч Оросын нисэх хүчин лхагва гаригт сүйрэл болж, түрэг гаралтай босогчид нисгэгчийг нь хөнөөсөн газар нутгийг эрчимтэй бөмбөгдсөн байна. Турктэй хил залгаа Сирийн уулархан нутагт амьдардаг туркмен (түрэг, хүн гэсэн хоёр үгийн нийлбэр бүхий ерөнхий ойлголт) гаралтай босогчдыг Туркийн эрх баригчид зэвсэглэж, курдууд болон Сирийн эрх баригчдын эсрэг турхирч өөрийн зорилгод ашигладаг.

Оросын онгоцыг Туркийн тал сөнөөсөн нь НАТО-гийн гишүүн болон Оросын хооронд сүүлийн хагас зуун жилд бий болсон хамгийн  ноцтой зөрчилдөөн аж. Энэ үйл явдал “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэл байгуулах боломжийг хумьж, Сири улсыг үгүй хийхийг оролдож буй Турк, Катар, Саудын Арабын эрх ашигт нийцэж буй юм.

Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган энэ үйлдлийн төлөө уучлал хүсээгүй төдийгүй улсынхаа аюулгүй байдал, цус нэгт ахан дүүсээ хамгаалсан хэрэг гэдгийг өгүүлжээ. Оросын албаны төлөөлөгчид уг үйлдэлд дургүйцсэнээ илэрхийлж, Туркийн эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ ээлж дараалан мэдэгдсэн.

Тухайлбал, Оросын “Ростуризм” агентлагаас халдлага гарах эрсдэлтэй хэмээн үзэж Туркт аялахгүй байхыг зөвлөсөн. Оросын иргэд болон тур операторууд энэ зөвлөмж гарахаас өмнө аяллаас татгалзаж эхэлснээс нислэгийн компаниуд Туркт чартерийн нислэг үйлдэхээ зогсоосноо зарлажээ. Мөн Туркээс бараа импортолдог компаниудын ачааг гааль дээр саатуулж эхэлсэн нь худалдааны дайн зарлах гэж буйн шинж тэмдэг юм.

Д.Мөнхболд


URL:

Сэтгэгдэл бичих