Хүүхдийн автобусны хүрэлцээг нэмэгдүүлье

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсаар өвлийн эхэн сартай золгов. Хэдий тийм ч, хүйтний эрч улам чангарч, энэ өвөл чөмөг царцам байх болов уу гэх дүр зураг буугаад буй. Энэ их хүйтэнд томчуултай зэрэгцэн, нийтийн унаа хүлээж, цан хүүрэг татуулан зогсох сурагчид өвлийн бас нэгэн дүр зураг болоод уджээ.

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуу­лийн сурагчдад хүүхдийн ав­то­бус үйлчилж байгаа ч, алс­лагд­мал, гэр хорооллын хүүх­дүүдэд хүрч чадаж байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлнэ.

2013 онд “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргий­лэх, зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн да­гуу нийслэлийн ЕБС-ийн сурагч­дыг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдыг автобусаар тээвэрлэх болсон.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ерөнхий боловсролын төрийн өмчит 122 сургуулийн 26 нь буюу 21 хувь, хувийн 90 сургуулийн 28 нь буюу 31 хувь нь хүүхдийн автобустай болжээ.Энэ нь Нийслэлийн долоон дүүргийн 54 сургууль, 133 автобусаар долоон мянга гаруй сурагчид үйлчилж байгаа гэсэн үг юм.

Дүүргээр нь авч үзвэл, Баянзүрх дүүргийн есөн сургууль “Хүүхдийн автобус”-аар үйлчилж байна. Дээрх есөн сургуулийн зургаа нь хувийн, гурав нь улсын сургууль байгаа юм. Мөн Нийслэлийн хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй Сонгинохайрхан дүүрэгт сургууль, цэцэрлэгийн ачаалал их байдаг. Тус дүүрэгт ерөнхий боловсролын 24 сургууль үйл ажиллагаа явуулж, 38 мянга гаруй сурагч суралцаж байгаа юм. Гэтэл тус дүүргийн 121, 122, 67 гэсэн гурван сургууль л хүүхдийн автобустай байх юм. Түүнчлэн гэр хороолол ихтэй Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 14 сургуулиас нэгнь л хүүхдийн автобустай гэх. Тус дүүргийн хэмжээнд ЕБС-ийн 24 мянга гаруй хүүхэд суралцаж байна.

Ердөө гурван дүүргийн хэмжээнд хүүхдийн автобус төслийн хэрэгжилт ийм дүр зурагтай байна. Эндээс хоёр, гурав, бүр зургаа, долоон буудлын цаанаас сургуульдаа ирж, очдог сурагчид “Хүүхдийн автобус” үйлчилгээнд хамрагдаж чадаж байгаа юу гэдэг нь ч мөн эргэлзээ төрүүлж буй юм.

Энэ тухай Нийслэлийн боловсролын газрын холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Тэдгээр хүүхдийг хамруулж чадаж байгаа” гэх хариулт өгсөн. Гэтэл “Хүүхдийн автобус” үйлчилгээ алслагдмал, гэр хорооллын буюу зорилтот хэсэгтээхэрэгжээгүй болохыг дүүргийнхээ хэмжээнд нэг л автобустай Чингэлтэй дүүргийн жишээнээс харагдаж байна. Цаашид хүүхдийн автобусыг нэмэгдүүлж болох эсэх талаар Нийслэлийн боловсролын газрын хэвлэл, мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Н.Болдбаатараас тодруулахад “Автобус хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Автобустай болох хүсэлт илэрхийлсэн цөөнгүй сургууль ч бий. Автобустай хэдий ч, тэр нь хүрэлцдэггүй сургуулиуд ч байгаа. Гэхдээ санхүүжилт олгогдсон тохиолдолд автобусны тоог нэмэгдүүлэх боломж бий. Үүний тулд улсын болон нийслэлийн төсөвт хүүхдийн автобусыг нэмэгдүүлэх чиглэлээр санхүүжилт суулгах шаардлагатай” гэсэн юм. Мөн тэрээр хүүхдийн автобус нэг явалтад 24 хүүхдийг тээвэрлэдэг. Гэтэл хүн ам ихтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн хүүхдийн автобуснууд өдөрт хэд хэдэн рейс хийдэг. 14 дүгээр сургууль татан буугдсанаар тус сургуулийн хүүхдүүд 92, 44, Шавь цогцолбор сургуульд шилжин суралцаж байгаа ч тэдгээр хүүхдийг улсаас олгодог өмнөх зардлаараа тээвэрлэсээр байгаа. Хуучин зардлаар олон чиглэлд үйлчилгээ үзүүлэх нь нийслэлээс санхүүжилт горилдог улсын сургуулиудад багагүй дарамт учруулдаг. Түүнчлэн автобусны урсгал зардалд багагүй хөрөнгө шаардагддаг” тухай ч хэлж байлаа.

Хүүхдийн автобус хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй. Харанхуй гудамжаар, айж сандран, олон буудал явж сургуульдаа ирж, очдог, нийтийн унааны хүрэлцээ тааруу, төвөөс алслагдмал, захын дүүргийн хүүхдүүдэд хүүхдийн автобус үйлчилгээг чиглүүлэхсэн. Өвлийн хүйт ид тачигнаж буй энэ үед “Хүүхдийн автобус” төрийн өмчит ЕБС-ийн томчуултай зэрэгцэн, нийтийн унаа хүлээж, цан хүүрэг татуулан зогсох сурагчдад хэрэгтэй байна.

Хайлаастын жаалууд хавартай золготол алхах уу

Цас эрт унасан болоод ч тэр үү өвлийн эхэн сар ч шувтраагүй байхад өдрөөс өдөрт хүйтний эрч чангараад, өглөө оройдоо гадагш гарахаас халгаад байх болж. Саяхан хорооллын эцсийн автобусны буудлаас ажилдаа явахаар унаа хүлээн зогстол тав, зургадугаар ангийн гэмээр жаахан охин жижигхэн гартаа 200 төгрөг атгаад жиндсэн байртай хөл хавсран зогсоо харагдав. Бээлийтэй ч гэлээ бээрч хөрсөн гартаа тас атгасан 200 төгрөгөө байн байн шалгах аж. Худалч хүнд өөрөөсөө том цүнх үүрсэн тэрээр суух автобус нь ирмэгц олны дундуур хүчлэн зүтгэсээр орж байгаа харагдлаа. Хүнд цүнх, зузаан хувцсандаа түүр­тэх охин хуйлан атга­сан 200 төгрөгөө мөнгө ху­раах хайрцагт хийчихээд жо­лоочийн дэргэд цомцойн зог­­сов.., удаан хүлээлгэсэн ав­то­бус ч утаа саагиулан хөдлөв… Бид өдөр бүр ийм дүр зурагтай таарсаар дасал бол­чихсон мэт. Улмаар өхөөрдөм жаахан “бяцхан зорчигчид”-оо өөрсөдтэйгөө адилтган сэтгэж, нийтийн тээврээр зорчиход нь анхаарал хандуулахгүй байх шиг. Тиймдээ ч сургуулийн автобусны асуудал сураг чимээгүй хэвээр.

Өдгөө нийслэлийн хэм­жээнд 186 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагийн 10 орчим хувь нь хувийн сургуульд харьяалагдана. Өндөр төлбөртэй, хангамж сайтай хувийн сургуулиуд автобусны асуудлыг хялбархан шийдчихдэг нь мэдээж. Харин, ачааны хүндийг үүрдэг “төрийн өмчийн” гэх тодотголтой сургуулиудаас автобус унаа битгий хэл аятай тухай орчин бүрдүүлсэн нь цөөн.

Тиймээс хамран сургах тойргийн бус, холоос хичээлдээ явж, хоёр гурван автобус дамждаг “бяцхан зорчигчид”-ын нэг өдрийг сурвалжлахаар “хотын захын” гэх тодотголтой Чингэлтэй дүүргийн 72 дугаар дунд сургуулийг зорьсон юм. Бидний нэрлэж заншсан Хайлаастын зам дагуу байрлах энэ сургууль хоёр ээлжээр хичээллэдэг. Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хорооны 1880 гаруй хүүхдэд боловсрол олгодог сургуульд 16 дугаар хорооны 1500 орчим, 15 дугаар хорооны 300 гаруй сурагч хамрагддаг аж.

Тиймээс ачаалал их, хотын хойд захын сурагчдыг хүлээн авдаг эл сургуулийг онцолсон юм.

Манай сурвалжлах багийг очиход нэгдүгээр ээлжийн хичээл тарж, залгаад хоёрдугаар ээлж орж байв. Сургууль руу салсан замын гарцан дээр “school police” гэсэн шар хантаазтай эцэг эхийн төлөөлөл зогсч хөдөлгөөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Гарцаар гарч буй бага ангийн сурагчдаас эцэг эхтэйгээ яваа нь цөөн харагдах бөгөөд ихэнх нь сургуулийн хажуугийн автобусны буудлаас том оврын автобус болоод микро автобусанд суух аж.

Хайлааст хавийн замыг 2009 оноос эхлэн бага багаар зассаар өнгөрсөн жил дуусчээ. Долоон буудлын автобусны буудлаас эхтэй энэ зам найман километр үргэлжилж Хайлаастын хамгийн мухрын ам буюу Увсын хонхор хэмээх газар аваачна. Засмал зам дуусч шороон замтай золгох хэсгээс эхлэх Увсын хонхрын айлууд уулын бэлээр байрлах нь элбэг. Эл хонхроос 72 дугаар сургуулийн сурагчдын 20 орчим хувь нь хичээлдээ явдаг гэнэ. Явах явахдаа зүгээр нэг зам дээр гарч зогсоод автобусанд суучихгүй. Хуучин эцсийн буудал хүртэл дөрвөн километр хэртэй алхаж байж сая нэг автобустай золгодог аж. Өвөлдөө нийтийн тээврийн том оврын автобуснууд Хайлаастын хуучин эцэс хүртэл яваад буцдаг тухай сургуулийн нийгмийн ажилтан Б.Эмдором хэлж байлаа. Учир нь, хуучин эцсийн буудлаас цааш зам нь өгсүүр, халтиргаа их үүсдэг болохоор хэрийн жолооч халгаад явдаггүй гэнэ. Халтиргаа ихтэй, нарийн зам дагуу үерийн усны далан байрладаг нь том оврын автобус зорчиход эрсдэл ихтэй байдаг аж. Тиймээс Увсын хонхроос хичээлдээ явдаг 72 дугаар сургуулийн сурагчид хуучин эцсээс шинэ эцсийн буудал хүртэл дөрвөн буудал газар өглөө, үдшийн жаварт шүд зуун алхдаг байна.

Асуудал үүгээр дуусахгүй. Эргэлт цөөтэй, замын цагдаа тэр бүр хүрч ажиллаад байдаггүй болохоор Хай­лаас­тын зам дээр гарсан жолооч нар хурд хэтрүүлэх нь их. Тэр дундаа том оврын автобуснууд олон эргэлт хийх гэж өндөр хурдтай хөдөлгөөнд оролцох нь их байдаг хэмээн ойр хавийн оршин суугчид хэлж байв. Нийтийн тээврийн шинэчилсэн маршрутаар Баг­шийн дээд-Хайлааст чиглэлт зорчигч тээвэрлэдэг байсан “Тэнүүн Огоо” ХХК-ийн автобуснууд Хайлааст-Цэцэг төв-Зайсан чиглэлд явдаг болсон нь зорчигчдод хүлээлт үүсэх үндэс болжээ. Мөн хичээл эхлэх, тарах үеэр Хайлааст чиглэлийн том оврын автобуснууд буудал дээрээ зогсох нь ховор гэнэ. Учир юу вэ гэвэл автобус хүлээн зогсох сурагчдын ихэнх нь бага ангийн сурагчид байдаг бөгөөд “үнэгүй явж суудлын бөглөөс болдог” хэмээн жолооч нар буудал дээрээ зогсолгүй өнгөрч зогсох нь элбэг аж. Үүнээс үүдэж автобусны араас гүйж байгаад бэртэж гэмтсэн сурагч ч цөөнгүй хэмээн багш нар хэлж байлаа.

Ямартай ч, ерөнхий боловс­ролын сургуулиудад сургуу­лийн автобусны хэрэгцээ их байна. 2014-2015 оны хичээлийн жилд Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран “Сурагчийн автобусны үйлчилгээ” нэвтрүүлж есөн чиглэлд том оврын автобусаар үйлчилсэн нь алдагдал ихтэй байсан аж. Энэ тухай Нийслэлийн тээврийн газрын Тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Галбадрахаас тодруу­лахад “Манайх сургуулийн автобус хамгийн их шаардлагатай дүүрэг хороодын жагсаалт гаргаж, боломжит маршрут чиглэлүүдийг тодор­хойлсон ч Нийслэлийн боловс­ролын газраас энэ жил хамтран ажиллах санал ирүүл­сэнгүй. Уг нь, нэгдсэн зохион байгуулалтаар сургууль бүр энэ ажилд идэвхтэй оролцсон бол алдагдалтай ажиллах үндэсгүй. Өнгөрсөн жил үйлчилгээнд гарсан есөн автобуснаас зарим өдөр хоосон зогсолт хийх нь ч байсан. Ямартай ч, сурагчийн автобусны үйлчилгээ нэгдсэн журмаар хэрэгжиж чадвал хүүхдүүд зам тээврийн ослын хохирогч болох нь эрс буурна” хэмээсэн юм.

Э.Ганцэцэг

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих