Палестинчууд хотынхоо гудамжинд гарч ирлээ
Улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг шаардсан Палестинчууд өчигдрөөс нийслэл Рамалла хотынхоо төв талбайд гарч ирж эхэлжээ.
Тэд Палестины тусгаар тогтнолыг үгүйсгэж, Израильтай хэлэлцээр хийхийг шаардаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг бодлоо өөрчлөхийг шаардаж байгаа юм.
Цуглаанд оролцож буй зарим нэг залуус АНУ-ын төрийн далбааг шатаах гэсэн ч бусад нь хориглож болиулсан гэж Израилийн “Гаарец” сонинд бичжээ. Палестины чөлөөлөх байгууллага өмнө нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхэлсэн энэ сарын 21-нийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, хүссэн хүн бүрийг тусгаар тогтнолынхоо төлөө гудамжинд гарч ирэхийг уриалсан билээ.
Палестинчуудын энэ жагсаал хүчирхийллийн шинж тэмдэггүй тайван болж өнгөрсөн ч Израилийн арми өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Энэ байдал сүүлийн хэдэн хоногийн турш үргэлжилж байгаа юм.
Палестины чөлөөлөх байгууллага НҮБ-д 194 дэх гишүүнээр элсэх хүсэлтээ өргөн барих болсны дараа АНУ “Палестин Tycгaap тогтнох эсэх асуудал зөвхөн Израильтай хэлэлцээр хийснийх нь дараа л яригдах ёстой” хэмээн эсэргүүцсэн байр суурь баримталсан юм. Тэднийг зөвхөн АНУ ганцаараа эсэргүүцэж байгаа биш бөгөөд ХАМАС бүлэглэл, дээр нь мэдээж Израиль нэмэгдэнэ.
Мөн Европын холбоо АНУ-ыг дагах хандлагатай байна. Европын холбооны Гадаад асуудал эрхэлсэн комиссар Кэтрин Эштон Палестиныг тусгаар тогтнох бодлоосоо татгалзахыг уриалсан. Хэрэв тэгвэл НҮБ дахь эрхийг бага зэрэг өргөжүүлж болох юм гэсэн саналыг тэрбээр Арабын орнуудын лигийн хуралд оролцохдоо дэвшүүлж байсан юм.
Гэвч Палестин болон Арабын орнуудын лигийн улс орнууд бүгд тусгаар тогтнолыг дэмжиж байсан тул тэрбээр хурлыг дундаас нь орхиж явсан. Гэхдээ НҮБ дахь эрхийг яг яаж нэмэгдүүлэхээ ч тэрбээр хэлээгүй юм. Палестины чөлөөлөх байгууллага одоогоор НҮБ-ын ажиглагч гишүүний байр суурин дээр байгаа билээ.
Дээр дурдсанаас бусад улс орнууд, жишээлбэл Арабын орнуудын лиг, Өмнөд Америкийн орнууд Палестиныг ер нь дэмжих хандлагатай байгаа. Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху энэ байдлыг өөрийн талд эргүүлэхээр Ойрхи Дорнодод Палестинчуудын үйлдэж буй аллага хядлагын талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэж, дараа нь шууд хэлэлцээр хийхийг Палестины удирдагч Махмуд Аббаст санал болгосон. Зохиол энэ хувилбараар явсан бол цаашид хийх хэлэлцээрийг нь Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр бэлтгэсэн байсан гэнэ.
Гэсэн ч бодлыг нь өөрчилж чадаагүй. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонх нь Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрвөл асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэнэ. Аюулгүйн зөвлөл нь Гишүүдийн 100 хувийн саналаар л шийдвэр гаргадаг байгууллага бөгөөд нэг гишүүн болох АНУ татгалзсан байр суурьтай байгаа. Энэ өнцгөөс харвал Палестин тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадахгүй мэт.
Гэтэл нөгөө өнцгөөс харвал Аюулгүйн зөвлөлд багтдаг АНУ, Франц зэрэг орнууд БНХАУ, ОХУ-ын эсэргүүцлийг үл тоон Ливид цохилт өгөх шийдвэрийг гаргаж байсан билээ.
Х.Сайхан
URL: