Улс тунхагласан өдрийг мартагнуулж байна

11-26-7a1_700x700

Өнөөдөр Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны түүхт 91 жилийн ойн өдөр.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс гэж зарлан төрийн дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг УИХ ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн тунхаглажээ.

Ингэснээрээ Монголын төр, засаг ард түмний мартаж болшгүй түүхэн өдөр юм.

11-26-7a2_700x700

Түүх судлаачдын дүгнэлтээр Бүгд найрамдах улсыг тунхагласан явдал нь XX зууны Монголын хамгийн том ололт. Том нь юундаа байна вэ гэвэл туурга тусгаар Монгол улс байна гэдгийг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд оршино гэсэн бий.

Монгол Улсын анхдугаар Үндсэн хуульд хамжлагат ёсыг халж, газрын доорх баялаг ард түмний өмч гэдгийг хуульчилж түүхэнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг Азид анх удаа хүлээн зөвшөөрсөн тэр бүхэн нь нийгмийн дэвшлийн замд асар том алхам хийсэн гэж үздэг юм билээ.

Тиймээс Монгол Улс өнө мөнх бадрахын эхлэл тавьсан тэр өдрийг монгол хүн 90-ээд жил төрт ёсны баяр хэмээн ухаардаг юм. Тийнхүү ард түмний эв нэгдлийг улам баталгаажуулж төрдөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэгч онцгой өдөр байлаа.

11-26-7a3_700x700

Гэтэл УИХ-ын чуулганы 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар БНМАУ-ыг тунхагласан өдрийг үгүй хийх шийдвэрийг гаргасан гэж болно. Мөн тэр хуралдаанаар эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоон “Монгол бахархлын өдөр”-тэй болох шийдвэр гаргасан байдаг. Зөв л дөө. Чингисийн монголчууд Эзэн хаанаараа бахархах нь зүйн хэрэг билээ. Харин нэг түүхэн асуудлыг шийдвэрлэхдээ нөгөөг нь заавал үгүй хийдэг, нэг шинэчлэлийг бий болгохдоо хуучныг нь дарж устгадаг муу зуршил өнөөгийн төр, засгийн алба ажилд бий болсныг энэ үйл явдал харуулсан гэж болно.

Өнөөгийн Монголын түүхийг 1990 оноос эхэлсэн мэт төсөөлөл ч зарим улстөрчдөд байдаг бололтой юм билээ. Харамсмаар хэрэг шүү. Улс тунхагласан өдрийг үгүй хийсэн нь өнгөрсөн түүхээ адласан явдал гэж ч болно. Нэг мундаг үг байдаг даа. “Өнгөрсөн түүх рүүгээ гар буугаар буудвал ирээдүй биднийг их буугаар буудна” гэж.

Өнөөдөр жирийн иргэд маань 26-нд болдог байсан зөвхөн амралтдаа биш, хүндэтгэлийн хурал, тоглолт, төрийн ёслолын бусад арга хэмжээг үгүйлж байна. Саяхан бас арваннэгдүгээр сарын 26-ныг Үндсэн хууль өөрчлөх талаар бүх нийтийн санал асуулгын өдөр болгохоор нэлээд санаархсан. Энэ нь дараагийн жилүүдэд тэр өдрийг бүх нийтийн санал асуулга явуулсан өдөр гэж хэлүүлэх эхлэлийг тавих санаа байсан биз ээ.

Яаж ч хараар будсан түүх түүхээрээ л үлдэнэ.

Д.Надмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих