Б.Оюунбилэг: Хотын даргын хүү биш байсан бол хууль бус үйлдлүүд нь дэмжигдэхгүй байсан

Туркийн “216 Япи үрэти худалдаа” компани хотын даргын хүү Б.Чулуудайн “Грандлайн” компанитай гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хамтарч ажиллах байсан ч хувьцаа эзэмшигчдийн үл ойлголцлоос болж иргэний  болон Монголын олон улсын ба үндэсний арбитрын шүүхээр маргаанаа шийдүүлсэн. Гэвч туркүүд одоог хүртэл хохирсон хэвээр байгаа юм байна. Турк улсын “216 Япи Үрэти худалдаа” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

faf_700x700-Манай улсад хөрөнгө оруулалт хийсэн туркүүд “Грандлайн” компанитай бүтээн байгуулалтын ажилд хамтарч ажиллах байсан ч удирдлагуудын зөрчилдөөнөөс ажил нь зогсч, хувьцаа болон гэр хорооллын төслийн ажил нь өөр компанид шилжээд байгаа. Та Туркүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр анхнаас нь ажилласан учраас бодит мэдээллийг өгөх байх?

-Туркүүд “Грандлайн” компанитай 2013 оны есдүгээр сарын эхнээс Б.Чулуудайтай холбогдон хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж, арванхоёрдугаар сард Хамтран ажиллах гэрээ хийсэн.

Тэдний хамтарч ажиллах зорилго нь Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 15 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 150 сая ам.долларын төслөөр “Түмэн-Амгалан” цогцолборыг барих байсан. Гэрээн дээрээ үндэслээд Монгол Туркийн хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай “Грандлайн” компанийг  байгуулсан. Туркууд “Грандлайн” компанийн 50 хувийн хувьцааг 200 мянган ам.доллараар худалдаж авсан. Дараа нь төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил туркүүдийн хөрөнгөөр  хийгдсэн байгаа. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэх зар сурталчилгааны зардал, айлуудыг нүүлгэж байранд оруулах,  газар чөлөөлөх, орон сууц барих газар шорооны ажил, ажилчдын цалин хөлс, оффисын зардал гэх мэт. Мөн барилга барихдаа ашиглах гол технологи тунель форумын хэв хашмал, тоног төхөөрөмж оруулж ирэх зардал орсон.

Туркүүд  энэ төслийг хэрэгжүүлэх эхний ажлууд хийгдсэний дараа компанийн удирдлагууд ойлголцохгүй болсон үеэс надтай холбогдсон. Туркүүдтэй анх уулзаад тэд  Монголд яах гэж, ямар зорилгоор орж ирсэн, тэгээд хамтраад олон ажлууд хийгдэж эхэлсэн зэргийг сонсоод би энэ бол компанийн дотоод зөрчил, хувьцаа эзэмшигчдийн асуудал байна гэж харсан. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн зөрчлийн талаар ярихад эрт байсан учраас хувьцаа эзэмшигчид эв зүйгээ олоод төслийг хэрэгжүүлээсэй, мөн манай улсад гадаадын хөрөнгө оруулалтаар туршлагатай компаниар бүтээн байгуулалт нь хийгдээсэй гэж Монгол Улсын иргэн хүний болоод хуульчийн хувьд хүссэн. Мөн туркүүд Монголын хууль, эрхзүйн талаар сайн ойлголтгүй байсан учраас эхний ээлжинд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх хэрэгтэй, 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайтай адил тэгш эрх эдлэх ёстой гэдгийг зөвлөсөн.

-Асуудлыг шүүхийн шатанд очиж хурцдахаас нь өмнө  дотооддоо шийдээд бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж болохгүй байсан хэрэг үү?

- Уг нь манай улсын Компанийн тухай хуулиар хамгийн эхэнд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж гүйцэтгэх удирдлагыг сонгож, хэрхэн ажиллах гэрээг хийсэн байх ёстой. Гэвч хамтарсан компани байгуулагдсанаас хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж байгаагүй юм билээ. Тэгээд туркүүд Б.Чулуудай руу хувьцаа эзэмшигчдийн хурал хийх зар болон хэлэлцэх асуудлын саналаа хүргүүлсэн. Гэвч ямар ч хариу санал ирээгүй учраас хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлын товоо хүргүүлж туркүүд Монголд ирсэн. Хуралд Б.Чулуудай ганцаараа ирсэн. Тухайн үед туркүүдийн дарга нь юм шиг эвгүй зан авир гаргаж, тэднийг учиргүй загнаж  байсан. Би хувьцаа эзэмшигчдийн хурал дээр байсан учраас та нар адил тэнцүү 50:50 хувийн хувьцаа эзэмшигч учраас хэн нь ч нэгэндээ даргасахгүй. Асуудлаа дотооддоо шийдэх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Харин Б.Чулуудай санал гаргаж, гурав хоног хойшлуулсан ч хуралдаа ирээгүй. Туркүүд дахиад хувьцаа эзэмшигчийн хурал зарласан ч мөн л ирээгүй, тэдэнтэй уулзахгүй хэсэг хугацаанд  холбоо тасарсан. Мөн  туркүүдийг компанийн хашаагаар оруулахгүй байсан  учраас арга мухардсан. Анхнаасаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийгээгүй учраас компанийн удирдлагын бүх эрх мэдэл Б.Чулуудайн гарт байсан. Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй учраас Туркийн талаас Б.Чулуу­дай гүйцэтгэх эрх мэдлийг хууль бусаар авч, компанийн үйл ажиллагааг явуулж байгааг тогтоолгох,  компанийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр зогсоосныг  тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан юм. Иргэний шүүхээс хуульзүйн үндэслэлгүй, дэмий шаардлагыг бидэнд маш ихээр тавьж, мөнгө нэхэмжлээгүй байхад их хэмжээний тэмдэгтийн хураамж төлөхийг шаардах зэргээр шүүх дээр хугацаа алдагдсан. Ингэж байх хооронд Б.Чулуудай Монголын олон улсын ба үндэсний арбитрын шүүхэд гэрээ цуцлуулах, хувьцаа буцаалгах нэхэмжлэл гаргасан. Гэтэл яг гэрээн дээр бол асуудал үүсэхэд хэн нэгэндээ мэдэгдээд асуудлаа шийдэж чадахгүй бол зургаан сарын дараа арбитрын шүүхэд хандана гэж заасан байдаг.

-Энэ маргааныг гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн гэж харах хүн ч байна?

-Нэгэнт Арбитрын шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан учраас туркүүд хариуцагч болж, хувьцаа эзэмшигч Б.Чулуудайд сөрөг нэхэмжлэл гаргасан. Б.Чулуудай компанийнхаа худалдсан 50 хувийн хувьцаагаа буцааж авах, гэрээгээ цуцлуулах, өөрөөс гаргасан хөрөнгө 762 сая төгрөг нэхэмжилсэн байсныхаа 662 саяас  шүүх хуралдааны явцад татгалзсан. Б.Чулуудай нэгэнт шүүхэд хамтарч ажиллахгүй гэсэн гомдол гаргасан. Туркуудын оруулсан хөрөнгийн талаар санхүүгийн тайлан өгдөггүй зэрэгтэй холбоотойгоор туркүүдийн итгэл буурч,  төсөл хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгө болох  1.3 сая ам.доллараа нэхэмжилсэн.

Шүүхэд хандахаас өмнө туркүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийхийг  их хичээсэн. Тухайн үед Чулуудайг яах гээд байгааг ойлгохгүй байсан ч одоо эргээд түүний гаргаж байсан авир, үйлдлийг харахад анхнаасаа энэ төслийг хэрэгжүүлэх сонирхол байгаагүй мэт харагддаг.

-Гэрээндээ бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэж заасан ч туркүүд гэрээгээ зөрчсөн гэдгийг Б.Чулуудай хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан?

-Туркийн “216 Япи Үрэти худалдаа” компани нь тунел форумын хэв хашмал үйлдвэрлэдэг компани биш. Түмэн-Амгалан цогцолборын зураг Туркэд хийгдсэн. Тэр зураг нь Монголд ирээд хөрвүүлэгдсэн байдаг юм. Гэтэл Б.Чулуудай шүүх хурал дээр ч “Үгүй ээ, энэ зураг бол Монголд 35 сая төгрөгөөр хийгдсэн” гэж хэлсэн.  Хэзээ ч тийм том цогцолборын зураг 35 сая төгрөгөөр хийгдэхгүй. Туркэд 100 гаруй мянган доллараар хийсэн баримт нь байдаг. Зургийг Туркэд хийх талаар болон Монголын нөхцөлд тохируулж хөврүүлэх талаарх гэрээнүүд нь байдаг. Зар сурталчилгаа, хамтран ажиллах гэрээн  дээрээ ч тунель форумыг ашиглан барилга барих, ноу хау-технологиор барилгыг барих талаар бичээстэй байдаг. Мөн тунель форум гэдэг технологийг Б.Чулуудай Туркэд очиж үзээд үйлдвэрлэдэг компанитай нь гэрээ хэлцэл хийгээд ирсэн байдаг. Энэ дагуу Монгол Туркийн хамтарсан “Грандлайн” компани захиалгаа өгөөд, туркүүд мөнгөө шилжүүлж, уг технологиор барилга барих гол техник тоног төхөөрөмжийг зургийн дагуу захиалан, монгол руу ачуулсан юм билээ. Гэтэл Б.Чулуудай ийм техник, тоног төхөөрөмж, бараа биш, бэлэн мөнгө авна гэсэн шаардлага тавьсан байсан. Туркүүдтэй шүүхэд хандаагүй байх үедээ хятадуудтай хамтрах талаар яриа хэлэлцэл хийгээд явж байна гэсэн мэдээлэл туркүүдэд ирж байсан. Арбитрын шүүх дээр дөнгөж асуудал үүсч байхад “Бэрэн” группт төслөө зарах гэж байна гэж дуулдаж байсан. Харамсалтай нь энэ үнэн болох нь арбитрийн шүүхийн шийдвэр гарсанаас хойш сар хагасын дараа Бэрэн группд Грандлайн ХХК-ийг төслийн хамт худалдах гэрээ хийснээр нотлогдоод байгаа. Грандлайн ХХК-ийн бүх хувьцааг төслөө маш өндөр үнээр “Бэрэн” группт худалдсан байна лээ.

-Бэрэн группт ямар үнээр зарсан гэж?

- Мэдээж сарын дотор өндөр үнээр компани зарах асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Удаан хугацааны яриа хэлэлцээр, судалгаа шинжилгээ шаардах асуудал. Тодорхой тоог нь хэлмээргүй байна, одоохондоо нууц байг. Гэрээг нь харахад хувьцаагаа туркүүдэд зарсантай харьцуулашгүй их мөнгөөр худалдсан байна лээ.

-Тунель форумаар барилга барина гэдгийг анхнаасаа Б.Чулуудайтай зөвшилцөөгүй юм бишүү. Туркүүдэд найзынхаа компаниас бараа авчирч шахсан гэсэн мэдээлэл байна лээ?

-Чулуудай өөрөө тунел форум гэж ямар технологи байдгийг Туркт очиж үзээд, уг технологиор барилга барих, техник худалдан авах гэрээн дээр өөрөө гарын үсэг зурсан мөртлөө Арбитрын шүүх дээр Б.Чулуудай тунель форум гэж юу байдгийг одоо л сонсч байна гэж хэлсэн гээд бод доо. Бид  тэрийг нь няцаасан. Харилцаа сайн байхдаа гаргаж байсан зар сурталчилгааны каталог, хамтран ажиллах гэрээн  дээр нь тунель форумаар хийнэ, но-хау технологиор хийнэ гээд биччихсэн байдаг. Мөн туркүүд Б.Чулуудайг тунел форумын үйлдвэртэй танилцаж байсан бичлэгийг нь хурлын явцад гаргаж үзүүлсэн. Тийм болохоор Арбитрын шүүх тунель форумын техник, тоног төхөөрөмжийн үнийн 50 хувийг гаргуулахаар шийдсэн байх.

-Арбитрын шүүх энэ хэрэг дээр найман өдөр хуралдсан гэж сонссон. Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун бус байвал давж заалдах юмуу гомдол гаргах эрх байдаг уу?

-Уг нь оруулсан хөрөнгийг 100 хувь гаргуулж шийдэх байх гэж бодож байлаа. Харамсалтай нь Арбитрын шүүх 827.2 мянган ам.доллар гаргуулж шийдсэн. Мөн анх Арбитрын шүүх хэргийг яаж шийдсэн тухайгаа танилцуулж байхдаа туркүүдийн нэхэмжлэлийн шаардлагын 1,2,3-ыг хүлээж авсан гэж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2,3 дугаарт Б.Чулуудайгийн хууль, дүрэм, гэрээ зөрчсөн нэлээд хэдэн  чухал заалт байсан. Гэтэл шийдвэр бичгээр гарч ирэхдээ яг тэр хэсэг нь хасагдчихсан байсан. Тухайн үед туркүүд сонсч байсан, би бас сонссон, орчуулагч байсан, бичлэг хийгдсэн. Арбитрийн шүүхийн ирүүлсэн тэмдэглэлийг нь үзэхээр дээрх шаардлагыг хүлээн авсан талаар бичсэн мөртлөө шийдвэрт бичгээр гарахдаа хасагдсан байгаа юм. Уг нь арбитрын шүүхийн найман өдрийн хурал бүхлээрээ бичлэг хийгдсэн. Гэхдээ надад бичлэг өгөхгүй гэсэн. Арбитрын шүүх дутуу бичигдсэн зүйл техникийн, тоо, тооцоолол, аргачлалын алдаа гаргасан бол засвар, нэмэлт хийх эрхтэй. Тэрний нь дагуу бид гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Хамгийн аюултай нь Арбитрын шүүхийн шийдвэрийн шийдэл хэсэгт дээр давж заалдах эрх байхгүй. Арбитрын шүүх хамгийн дээд тал нь гурван өдөр хуралдсан байдаг бол турк, Б.Чулуудай нарын маргаан дээр найман өдөр хуралдаж 28 хуудас шийдвэр гарсан.

-Мөнгөн дүн дээрээ хоёр тал нэлээд маргасан юм билээ. Санхүүгийн баримтыг судалж шинжлэх боломж байгаагүй юмуу ? 

- Б.Чулуудай өөрөө 762 сая төгрөг нэхэмжилсэнийхээ 662-оос нь татгалзсан. Угаасаа нэхэмжилсэн мөнгөө гаргасан санхүүгийн баримт нь тааруухан байсан даа. “Грандлайн” компани  гаргасан зардлынхаа нэхэмжлэлийг  туркүүд руу явуулаад тэр дагуу ньТуркууд мөнгийг цаг тухайд нь шилжүүлдэг байсан юм билээ. Гэтэл Б.Чулуудай арбитрын шүүх дээр Улаанбаатар банкнаас зээлсэн есөн тэрбум төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж хэлсэн ч тэрийг нь нотлох баримт бараг байгаагүй дээ. Одоо ч очоод харсан Жанжин клубын хэсэгт Грандлайны хийсэн ажил  10 тэрбумд хүрэхгүй. Бас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас авсан 11 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй. Хэрэв туркүүд энэ бүхнийг үнэлүүлсэн бол ямар инээдтэй тоо гарч ирэх байсан бол. Гарсан зардал, санхүүгийн баримт дээр шинжээч томилуулъя гэсэн ч харамсалтай нь Арбитрын шүүх хүлээж аваагүй.

-Туркүүд “Грандлайн” компанийн нягтлангаас хоёр тайлан гаргаж өгөхийг шаардсан гэдгийг Б.Чулуудай хэлсэн байсан?

-Туркүүд хоёр тайлан гаргана гэдгийг мэдэхгүй шүү дээ.

-Туркүүдэд 827 278 ам.доллар Грандлайн компанийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайгаас олгуулахаар арбитрын шүүх шийдвэрлэсэн байсан. Энэ асуудал ямар шатандаа байгаа вэ?

-Б.Чулуудай туркүүдийн эзэмшдэг байсан 50 хувийн  хувьцааг өөр дээрээ хууль зөрчиж, Туркуудын оролцоогүйгээр шилжүүлээд авчихсан. Арбитрийн шүүхээс 50 хувийн хувьцаа шилжүүлэхийг Туркийн “216 Яапи Үрэти худалдаа” ХХК-д даалгасан,  Чулуудай тэдний оролцоогүйгээр яаж хувьцааг өөртөө шилжүүлж авсан нь ойлгомжгүй. 100 хувийн хувьцаагаа “Бэрэн” группт шилжүүлчихсэн байгаа. Тэгсэн хэрнээ туркүүдэд өгөх ёстой 827278 ам.доллараас  нэг ч доллар өгөөгүй. Уг нь хуулиараа “Грандлайн” компанийн эрх залгамжлагч “Бэрэн” групп төлбөрийг барагдуулах үндэслэлтэй. Гэхдээ нэг аюултай зүйл нь манай улсад хууль хэрэгждэггүйн жишээгээр Арбитрын шүүхээс “Грандлайн” компанийн 50 хувийн хувьцааг буцааж өгөхийг туркийн “216 Япи Үрэти худалдаа” компанид даалгасан. Гэтэл Б.Чулуудай туркүүдийн оролцоогүйгээр тэдний эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг өөр дээрээ шилжүүлээд авчихсан байгаа юм. Хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ч гэсэн Туркийн компанид  хувьцааг нь буцааж шилжүүл гэсэн шаардлага тавих ёстой, сайн дураар биелүүлэхгүй байсан ч албадаг биелүүлэхдээ тэднээр хувьцаа шилжүүлэх ажлыг албадаж хийлгэх ёстой. Гэтэл туркүүдэд хандаагүй. Улсын бүртгэл дээр аль наймдугаар сард хувьцаа нь шилжүүлчихсэн байгаа юм. Дээр нь Монгол Улсын Арбитрын тухай хууль, олон улсын гэрээ конвенцын дагуу  шүүхийн шийдвэр гүйцэтгэл Монголд биш туркт хийгдэх ёстой. Гэтэл Монголын шүүх хууль бус захирамж гаргасан, энэ захирамжийн оролцоогүйгээр Чулуудай хувьцааг өөртөө шилжүүлсэн байгаа юм.  Чухам ямар журмаар яаж авсныг ерөөсөө ойлгохгүй байгаа. Чулуудайгаас өөр хүнд бол гадаадын компани 50 хувийн хувьцаа эзэмшигч бол хэзээ ч ингэж шилжихгүй дээ.

Харин эсрэгээрээ “Грандлайн” компани Монголд байгаа учраас туркүүд Монголын шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр 827 278 ам.доллараа авах ёстой. Тэгээд Б.Чулуудай компаниа “Бэрэн” группт шилжүүлчихсэн байдаг. Тиймээс бид “Бэрэн” компаниас мөнгийг гаргуулж өгөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тавьсан. Туркүүдийн 50 хувийн хувьцааг Б.Чулуудай  хууль бусаар шилжүүлж авсан учраас Захиргааны шүүхэд хандах боломжтой. Гэвч туркүүд удаан хугацаагаар шүүхийн байгууллагад хандаад залхсан, түргэн шиг мөнгөө олж авахыг бодож байна.

-Та яриандаа манай улсын хууль хэрэгждэггүй гэж хэд хэдэн удаа хэллээ?

-Бид нар хэчнээн хуулийн дагуу төрийн, хуулийн байгууллагуудад хандаад болж өгдөггүй хэрнээ Б.Чулуудай хууль бусаар явахаар ажил нь бүтээд байдаг. Энэ бол мөнгө албан тушаалтай бол манай улсад бүгд болж байдаг бичигдээгүй хууль үйлчилж ноёрхсоны, хууль хэрэгждэггүйн тод жишээ. Хэрэв Б.Чулуудай хотын даргын хүү биш байсан бол түүний маш олон хууль бус үйлдлүүд дэмжигдээд явахгүй байсан.

Дээрээс нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, нийслэлийн хөрөнгө оруулалтаас авсан Чулуудайн дэд бүтцийн ажил яагаад ашиг сонирхлын зөрчилд орохгүй байгаа юм. Яагаад хууль хүмүүст ялгаатай үйлчлээд байна вэ. АТГ ямар өнцгөөс харахаараа ашиг сонирхлын зөрчил биш гэж хардаг юм. Иргэд “Грандлайн” компанийг сонгосон ч  “уучлаарай, хууль нь зөрчилдөөд байна” гээд аав нь ч хүү нь гэр хорооллын дахин төлөвлөлт болон дэд бүтцийн ажлаас татгалзах ухамсартай байх хэрэгтэй биз дээ, шударга юм бол.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: зочин Огноо: 27 November 2015

батүүл гэдэг улаан цагаандаа гарсан луйварчин байнаа. эднийг 16 онд яав ч гадагш нь америк руу алдаж болохгүй. маш хурдан шалгах хэрэгтэй тэгж байж шударга ёс тогтоно тэгэхгүй бол бахь байдгаараа л байна шүү ард түмээн

Нэр: Anonymous Огноо: 27 November 2015

Чухам бодит үнэнийг хэлж ярилцлага өгчээ. Хууль тэгш үйлчлэх боломжгүй нийгэмд бид амьдарч байна даа. Туйлын харамсалтай. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй.

Нэр: Болд Огноо: 30 December 2015

2016 он гарлаа да

Сэтгэгдэл бичих