Дэлхийн бөмбөрцөг, Болороо хоёр “Намайг үзэгтэй минь хамт оршуулаарай”

Түүний мөрөөдлүүд 11-р сарын сүүлчийн өдрүүдийн төлөвлөгөөтэй хамт ажлын өрөөнд нь байх цагаан самбар дээр үлджээ. Яг энэ өдрийг тогтож харлаа. “11-р сарын 25-ны лхагва гаригт сэтгүүлчдэд зориулсан сургалт” хэмээн нөгөөх л нямбай, шийдэмгий хэв бүхий бичгээрээ гаргацтай боловч бага зэрэг таталган үлдээжээ. Ажлын ширээнийх нь ард дэлхийн бөмбөрцөг. Монголын сэтгүүлзүйд Л.Болормаа хэмээх энэ шавилхан бүсгүй дэлхийн хэмжээний сэтгэлгээ болоод хэв шинж, өнгө төрхийг авчирсан. “Вашингтон пост”-ын редакциас сурсан мэдсэнээ мэргэжил нэгтнүүддээ хүргэж, хөгжлийн нэг түвшинд гацаж орхиод удсан сонины сэтгүүлзүйг алхам урагшлуулсан. Чөлөөт сэтгүүлзүй хэмээх омголон тодотголоос цааш ахихаа байсан сэтгүүлзүйг тэрээр ” Өнөөдөр” сонины орлогч эрхлэгчийн суудал дээрээс өөрчлөн урлаж, өнгө төрх, агуулгын хувьд дахин дэглэсэн билээ. Эдийн засаг, уул уурхай хэмээх ээдрээтэй сэдвийг Л.Болормаа эрвээхэйн далавч мэт уран хийгээд эрдэс баялаг мэт жинтэй бичдэг нэгэн.

Түүний ямархан чансаатай, цараатай сэтгүүлч болохыг нийгэм мэднэ. Харин өнөөдөр би түүний эгэл жирийн эмэгтэй хүн, эх хүн байсныг яагаад ч юм санагалзаж, юухнаас ч болов цэцгийн дэлбээ мэт хөнгөн, гэгээн гэрэл олж харж чаддаг байсныг нь дурсмаар байна. Хэрэв яаж ч хайгаад цэцгийн үнэр үгүй бол, гарч гүйгээд цагаахан лиш цэцэг олоод ирдэг тийм л нандин эмэгтэй. Биднийг сонины солиотой хүүхнүүд гэж олон хүн боддог, адладаг, сэмхэн атаархдаг, бас шоолдог. Гэвч бидний үеийнхэн хүүхдээ хөтөлж, томоос том цүнхээ мөрлөчихөөд үзэг цаас, үзэл бодол, үнэн сэтгэлтэйгээ хамт амьдарч, ажиллаж, бүтээн туурвиж чаддаг байснаар би омогшдог. Надтай л адил хоёр хүүхэдтэй, надтай л адил хажуудаа түшиггүй, гэхдээ надтай л адил, бас энэ цагийг бүтээж яваа олон олон бүсгүйтэй л адил хөгжим мэт эгшиглэж, хөлөө холготол ажиллаж, хүндээс хүнд ачаандаа үл түүртэн, хүйтэн энэ нийгмийг хөглөж явсан…ийм олон сайхан эмэгтэйн сэтгэлийн гэрэлд ургасан цэцэг, урамтай залуу нас бүүр ч олон. Нэгэн үеийг гэрэлтүүлж, нэгэн үеийнхнийг мэргэжлийн сэтгүүлзүйд сургаж, нэгэн үеийг бүтээж, бас нэгэн ээжийн хоёр охиноороо зүрхээ дүүргэн, зүсээ гоёж явсан Болороо…Шийдэмгий, ширүүхэн, тийм атал урсах нулимс, унах цас, цэцгийн дэлбээ, цэгээн аялгуу мэт эмзэгхэн Болороо…тааваар суух тавин насандаа татаад тавьсан сум мэт одлоо. Нэг л зүйлийг би чамд хэлэхийг хүсч байсан. Хэзээ нэгэн цагт хэлэх л байсан.

- Болороо, би чамаар бахархдаг шүү! Гэтэл чи ” Намайг үзэгтэй минь хамт оршуулаарай” гэсэн ганц л өгүүлбэр үлдээсэн байх юм. Сэтгэл минь сэрүүн салхи мэт сэнгэнээд, шимшрээд байна….

Р.Эмүжин


URL:

Сэтгэгдэл бичих