АН дахь хямралын нян төрд халдварлалаа
УИХ-д суудалтай нам, эвсэл, бие даагчид мэдээлэл хийхэд зориулсан А, Б, В, Г гэсэн дөрвөн танхим Төрийн ордонд бий. Үүний А, Б гэсэн хоёр танхим өчигдөр өдөржингөө эзэнгүй өнжсөөр, эцэстээ хаалгаа барив. Уг нь энэ хоёр танхимд Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж Эрүүгийн, Зөрчлийн, Хамтын тэтгэврийн зэрэг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байлаа.
Бүгдээрээ л нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хуулийн төсөл. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хоёулаа шалтгаангүйгээр хойшилсон юм. Хууль зүйн байнгын хороонд харьяалтай МАН-ын зургаан гишүүн гэхэд бүгдээрээ суусангүй. Бодвол өмнөх өдөр нь хуралдсан Бүлгийн хуралдаанаараа Эрүүгийн хуулийг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн тэд байр сууриа ирцийн бойкотоор үргэлжлүүлсэн нь энэ байх. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хувьд ч ялгаагүй. Гишүүдийн ирц хүрээгүйгээс гадна хөдөө томилолтой яваа Байнгын хорооны дарга нь нийслэлд хараахан ирж чадаагүй нь хэлэлцэх асуудлыг хойшлуулах шалтгаан болсон юм.
Хууль зүйн байнгын хороонд харьяалалтай 18 гишүүний наймыг АН-аас бүрдүүлдэг. Харин НББСШУ-ы байнгын хороо 19 гишүүнтэйгээс найм нь мөн л АН-ынх. Үүнийг яагаад тодотгоод байна гэхээр эрх баригч намынхан энэ хоёр Байнгын хороонд бараг олонхийг бүрдүүлдэг юм.Хүсвэл засагт хамтарч байгаа “Шударга ёс” эвслээс хоёр, хоёр гишүүнийг нь Байнгын хорооныхоо хуралдаанд суулгаад хуулийн төслөө урагшуулах хангалтгай боломж АН-д бий гэсэн үг. Гэвч тэгсэнгүй, тэгэхийг ч хүссэнгүй.
Гэхдээ энэ бүх шалтгааны учгийг даваа гарагт АН-ын бүлэг хуралдаагүйтэй уяж тайлбарлаж болохоор байна. Уламжлал ёсоор МАН, “Шударга ёс” эвслийнхэн даваа гарагт хуралдаж чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэсэн ч эрх баригч намынхан л ганцаараа хуралдаагүй юм. Эсрэгээрээ “Алтан гадас”, “МҮДН”, “Шонхор”, МоАХ гэсэн фракцад харьяалалтай гишүүд нь фракцынхаа тэргүүнүүдийн өрөөнд өдөржингөө хуралдсанаар өдрийн талыг барсан. Үүнийг Эрүүл мэнд, спортын сайдын квотыг АН-ынхан өөрсдөө авах ёстой гэсэн санаачилга гарсантай уялдаж сайд болох хүсэптэй гишүүд нь фракцынхаа тэргүүний өрөөнд бусдыгаа цуглуулж сэм тохироо хийж эхэлсэнтэй холбоотой гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм. “Шударга ёс” эвслийнхэн ч эзгүйрсэн сайдын суудлыг гэрээнийхээ дагуу өөрсдөд нь үлдээхийг АН-аас шаардаж эхэлсэн гэх.
Угтаа бол УИХ-ын нэгдсэн чуулган нь Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан, нам, эвслийн бүлгийн хуралдаанаас тус тус бүрдэнэ гээд хуульдаа заачихсан. Энгийн гэмээр энэ зарчмыг эрх баригч АН-ын гишүүд эрхбиш мэдэж баймаар. Гэвч сайд болох хүсэлдээ хөтлөгдсөн тэдний үйлдлээс болж хоёр ч Байнгын хороо хэлэлцэх асуудалтайгаа ийнхүү хойшиллоо. Байнгын хорооны үйл ажиллагааг хойш татаж байгаа нь УИХ, цаашлаад төрийн ажлыг гацааж байгаагаас өөрцгүй. Сөрөг хүчин нь улс төрийн мэх хэрэглэж байна гзж бодож болдог юм гэхэд ядаж эрх баригч намынхан нь сандал ширээний асуудлаас болж Бүлгийн хураддаанаа ч хийж чадахгүй парламентын үйл ажиллагааг гацааж боломгүй баймаар. УИХ хавиар байдал иймэрхүү.
Засгийн газарт ч бас байдал сайнгүй байх шиг. Огцруулах санаархлын хуй байн байн боссоор байгаагийн хажуугаар Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас цагдан хорьсноос хойш 20, араас нь Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ганчимэгийг саатуулаад яг 14 хоногийн хугацаа өнгөрөв. Сайд, төрийн нарийн бичгийн даргатай холбоотой хэргийн учиг тайлагдсангүй. Богино хугацаанд, тийм ч амар тайлагдчих хэрэг биш л болов уу. Ард нь салбарын яам эзэнгүйдлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч танхимаа бүрэн бүтэн болгох талаар ямар ч санаачилга гаргасангүй, Шадар сайддаа хариуцуулаад мартаж орхилоо. Уг нь эрүүл мэндийн салбар бол хэн нэгэнд даатгаж орхиод, аясаар нь явуулчихдаг салбар биш. Тэнд өдөр бүр асуудал ундарч, гарах шийдвэр бүр нь монгол хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын баталгаа болж байдаг онцгой салбар. Тиймээс хойшлуулалгүй сайдыг нь томилох учиртай. Гэвч Ерөнхий сайдад шийдвэр гаргах боломж олдохгүй, ацан шалаанд орчих шиг боллоо.
МАХН-ынхан өөрсдөдөө ногдсон квотоо авах, гэрээгээ биелүүлэхийг АН-аас шаардаж байгаа юм бол түүнийг нь өгөх ёстой байж таарна. Харим хэнийгээ санал болгох талаар богино хугацаанд шийдвэр гаргахыг МАХН-аас шаардах эрх Засгийн тэргүүнд бий. Хэрвээ тэд хүсэхгүй, эсвэл Засгийн ажлыг уяж буй бол АН-ынхан Эрүүл мэнд, спортыи яамаа авч болно. Гэхдээ мэдээж хэрэг, нэгэнт Засгийн газарг хамтарсан тул тодорхой хүрээнд тохиролцоо, хэлцэл хийж таарна. Ингзж чадахгүй байгал нь хэний буруу ю? АН, МАХН-ын даргын амбийц уу, эсвэл Ерөнхий сайдын урагшгүймх үү?
Төрийн ажил гэдэг зогсолтгүй үргэлжилж байх учиртай механизм болохоос хэн нэгний их мэдэхээс, эсвэл наймаалцлаар шийдэгддэг, тэр хүртэл гацаж, гайтаж байдаг ажил биш.
Парламент, Засгийн гаэрын аль алинд ийнхүү асуудал урагшлахаа больсон нь АН-ын дотоод дахь зөрчил хагарлын нян төр, засгийн түвшинд халдварласны шинж биш гзж үү? Бүлгийн хуралдаанаа ч хийж чадахгүй, түүнээс нь болоод төрийн ажил ч гацаж байгаа нь АН-ыг муухай харагдуулж байна. Орон гарсан нэг сайдынхаа орны хүнийг томилчихож чадахгүй бусдын амыг харж суугаа нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг ч үлбэгэр сулбагар дүрд хувиргаж орхилоо. Тиймээс АН-д асуудлаа цэгцлэх шаардлага зайлшгуй чухал болжээ.
С.ГАНДӨЛ
URL: