Обамаг Олланд ятгаж чадах болов уу
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мягмар гарагт АНУ-ын төрийн тэргүүн Барак Обаматай Цагаан ордонд уулзана. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй ОХУ-ын оролцоотой терроризмтой тэмцэх өргөн бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулах асуудлыг хэлэлцэх юм. Елисейн ордноос мэдээлснээр, Францын удирдагчийн Америкийн засаг захиргааны тэргүүнтэй хийх бүтэн хагас цагийн уулзалт Вашингтоны цагаар 10 цагт эхэлнэ. Үүний дараа хоёр орны удирдагчид хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.
Олландын АНУ-д хийж буй айлчлал нь Парисын эрх баригчид террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлтаа эрс идэвхжүүлж буй үеэр болж байна. Францын цэргийн онгоцууд Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт байрлаж байгаа нисэх онгоц тээгч “Шарль де Голль” хөлөг онгоцоос даваа гарагт анх удаа байлдааны нислэг үйлдэж, Сири, Ирак дахь босогчдын байрлалд агаараас цохилт өгсөн юм. Түүнчлэн Францын нисэх онгоц тээгч хөлөг онгоц Оросын цэргийнхэнтэй холбоо тогтоосон тухай мэдээлж байна.
Үүний сацуу Францад Парисын халдлагын дараа орон даяар тогтоосон онц байдлын дэглэм хүчинтэй хэвээр байна.
Путин болон дэлхийн бусад удирдагчтай уулзана
Францын удирдагчид терроризмтой тэмцэх өргөн бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулах санаачилгадаа дэмжлэг авах зорилгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ гишүүн орнуудтай бүгдтэй нь долоо хоногийн турш ээлж дараалан хэлэлцээ хийнэ.
Олландын гадаадад хийж буй айлчлалын Вашингтоны дараах маш чухал цэг нь тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах Москва хот болно.
“Лалын улс”-д шийдэмгий цохилт өгөхийн тулд бид өргөн бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулах ёстой. Зарим орны хооронд санал зөрөлдөөн байдаг хэдий ч дэлхийн хамтын нийгэмлэг нэгдмэл гэдгээ харуулах ёстой” гэж Францын удирдагч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
“Бид илүү шийдэмгий, шуурхай шийдвэрийг гаргах боломжтой болохын тулд үйл ажиллагаагаа зохицуулах асуудлыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцэхээр мягмар гарагт Вашингтоныг зорьж, харин пүрэв гарагт Москвад айлчилна” гэж Олланд хэлжээ.
Өргөн бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулах замд
Францын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын АЗ өнгөрсөн долоо хоногт санал нэгтэйгээр баталснаар өргөн бүрэлдэхүүнтэй олон улсын эвсэл байгуулах замд маш чухал алхамыг хэдийн хийсэн. Уг тогтоолд олон улсын хууль эрх зүйн дагуу Ирак, Сирид “Лалын улс” болон бусад террорист бүлэглэлтэй тэмцэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг уриалжээ. Франц улсын санал болгосон тогтоолын төслийг батлахыг АЗ-ийн гишүүн 15 орон бүгд дэмжсэн байна.
Обамаг Олланд ятгаж чадах болов уу
Парисын эрх баригчид “Лалын улс”-тай хийж буй тэмцэлд ОХУ-тай хүчин чармайлтаа нэгтгэхэд Америкийн удирдлагыг ятгаж чадах уу үгүй юу гэдэг гол асуултыг АНУ-ын улс төрчид болон хэвлэлийнхэн тавьж байна.
Орос, Америкийн Ерөнхийлөгч нарын саяхан Туркт болсон “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хоёр талын уулзалт нийтлэг дайсны өмнө дэлхийн улс орнууд нягтран нэгдэж чадна гэдэг итгэл найдварыг төрүүлсэн.
“Барууны хэд хэдэн орон одоо Оростой хамт “Лалын улс”-тай тулалдахыг хүсч байна” гэдгийг Вашингтоны эдийн засагч, улс төрч Андерс Ослунд хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Оросын эсрэг үзэлтэйгээрээ алдартай юм.
Гэхдээ ОХУ-тай урьдаас хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа Обама Антальягийн уулзалтын дараа илэрхийлсэн байна. “Хэрэв бид Сирид иргэний дайныг хэрхэн дуусгах талаар Оростой маш сайн ойлголцолд хүрвэл “Лалын улс”-тай тэмцэхэд үйл ажиллагаагаа зохицуулах маш том боломж нээгдэх нь тодорхой” гэж тэрбээр Манилад болсон Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр хэлжээ. Үүний сацуу Цагаан ордны эзэн ОХУ Сирид анхнаасаа зөвхөн “Лалын улс”-тай тэмцэх төдийгүй Дамаскийн одоогийн дэглэмийг дэмжих зорилготой байсан гэдгийг дахин мэдэгдсэн байна.
Болгоомжтой урьдчилсан таамаг
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби АНУ, Франц, Оросын оролцоотой терроризмтой тэмцэх өргөн бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулах хэтийн төлвийн талаарх сэтгүүлчдийн хүсэлтэд тайлбар өгөхдөө, “Дэлхийн 65 орон нэгдсэн эвслийг хэдийн байгуулсан. Хэрэв бусад орон эвсэлд нэгдэхийг хүсч байвал үүнийг хэлэлцэх боломжтой. Гэхдээ үүний тулд тэд “Лалын улс”-тай тэмцэхийг гол зорилгоо болгох ёстой” гэжээ.
АНУ-ын Засгийн газар “Лалын улс”-тай тэмцэх өргөн бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулахад түүний дотор тагнуулын мэдээллийг бодитоор солилцоход” “урьдын адил болгоомжтой хандсаар байна” гэж “Вашингтон пост” сонинд мэдээлжээ. Тус сонинд гарсан нийтлэлээс үзвэл, АНУ-ын эрх баригчид “Сирийн асуудлаар улс төрийн гэрээ байгуулбал түүнд хүлээх үүргээ биелүүлэхэд ОХУ бэлэн эсэхийг юуны өмнө шалгахыг хүсч байна. Америкийн эрх баригчид Дамаскт Башар Асадын “дэглэмийг өөрчлөх” гэдэг заалтыг ийм гэрээний гол заалт гэж үзэж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: