АТГ-ынхан Г.Шийлэгдамбатай ар гэрийнхнийг нь ч уулзуулахгүй байгаа гэв
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Түүнийг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Уг хугацаа өнгөрсөн хугацаанд дууссан ч 60 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас түүнийг яллагдагчаар татаж, дахин хоёр сар сунгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн нь ийн биелэлээ олоод байгаа.
Түүнийг хэд хэдэн хүний хамт шалгаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг юм. Түүний цагдан хоригдох хугацааг хоёр сараар сунгаад байгаа билээ.
Г.Шийлэгдамбын өмгөөлөгчийн хэлж буйгаар Эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлт өгсөн ч хүлээж аваагүй гэнэ. Түүний хувьд зүрхний хүнд өвчтэй учир ойр ойрхон эмчлүүлдэг байсныг намын нөхөд нь хэлж байна.
Мөн АТГ-аас Г.Шийлэгдамбатай хэнийг ч уулзуулахгүй байгаа аж. Гэр бүлийнхэн нь ч уулзаж чадаагүй байгаа юм байна. Г.Шийлэгдамбатай уулзахыг хүссэн хүмүүс АТГ-т байнга очиж уулзах хүсэлт гаргасаар байгааг эх сурвалж мэдээллээ.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ нарын хүмүүсийг дуудаж мэдүүлэг авсан гэх мэдээлэл байгаа ч “Тийм зүйл байхгүй” гэдгийг Н.Энхбаяр онцоллоо.
Түүнчлэн сүүлийн үед Г.Шийлэгдамбыг намынх нь нөхөд “бухсан” гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Үүнд намынхан нь “Ор үндэслэлгүй гүтгэлэг” гэдэг товчхон үгээр няцаалт хийж байна.
Цаашлаад Г.Шийлэгдамбыг баривчлагдсанаас хойш МАХН-ынхан их л шахалт хавчлаганд байгаа сурагтай. Учир нь дараагийн нарийн бичиг, сайдаа тавиач гэх шахалт ирсээр байгаа аж. Гэвч тэд Г.Шийлэгдамбын асуудал нэг тийш болтол харж байхаар болж түр орлон гүйцэтгэгчдийг томилоод байгаа юм.
Д.Дуулим
Эх сурвалж: www.24tsag.mn
URL: