МАХН-ын генсекийг Ц.Шаравдорж түр орлож байна

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас яллагдагчаар татаж хорих хугацааг нь дахин хоёр сараар сунгаад байгаа билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Г.Шийлэгдамбын ажлын өрөөнөөс ихээхэн хэмжээний мөнгө олсон. Энэ нь авлигын мөнгө байсан учраас саатуулсан гэдэг. Харин Г.Шийлэгдамба хорих ангиас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн захидалдаа уг мөнгө нь найзынх нь мөнгө байсан, тэр мөнгийг түр хадгалж байсан тухай бичсэн байдаг.

Мөн тэрбээр, Ерөнхий сайдад хүргүүлсэн захидалдаа сайдын үүрэгт ажлаас огцруулж өгөхийг санал хүссэн. Тэрхүү хүсэлтийнх нь дагуу түүнийг огцруулсан юм.

Тэгвэл Г.Шийлэгдамба нь сайдын албан тушаал хашихаас гадна МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг давхар хашдаг байсан юм. Түүнийг саатуулагдсан өдрөөс хойш эдгээр суудлуудад сууж, түүний орыг залгах хүмүүсийн талаар ярьж, бичиж байгаа ч өнөөдрийг болтол тодорхой болоогүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүл мэнд, спортын яамны сайдын суудлыг АН болох МАХН булаацалдаж эхэлсэн.

Харин МАХН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаараа одоогоор хүн томилоогүй ч Ц.Шаравдорж түр орлож байгаа аж. Энэ талаар тус намын дарга Н.Энхбаяр “Туршлагатай, хариуцлагатай, ажилд няхуур нямбай ханддаг гэдэг утгаар нь намын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг eрөнхий нарийн бичгийн даргын ажлыг хариуцаад хийж бай гэж даалгасан” гэсэн юм.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих