Эрүүлжүүлэгдсэн иргэний нүд юм харахаа байжээ

Гэртээ агсам согтуу тавьсан иргэн Х-г энэ сарын эхээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулжээ. Гэтэл иргэн Х эрүүлжүүлэх байрны камерын өрөөнд тамхи татаж, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг асуудал үүсгэсэн байна. Иймээс эрүүлжүүлэх байрны цагдаа нулимс асгаруулагч хий буюу газ ашигласан аж. Харин долоо хоногийн дараа иргэн Х нэг нүд нь юм харахгүй байна хэмээн гомдол гаргасан байна.

Энэ дагуу ЦЕГ-ын Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тухайн албан хаагчийн үйлдлийг шалгаж эхэлжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа юм байна. Тиймээс иргэн Х-гийн нэг нүд юм харахаа байсан нь цагдаагийн албан хаагчийн буруутай үйлдлээс болсон эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Цагдаагийн албан хаагч хүний нүд сохолсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа шиг тухайн иргэний гарыг ард нь боож байгаад нүд рүү нь нулимс асгаруулагч цацсан асуудал байхгүй. Иргэн Х нь саатуулагдаж байхдаа тухайн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Цагдаагийн албан хаагч тусгай хэрэгсэл хэрэглэх ажиллагааг хийсэн.

-Тэгэхээр тусгай хэрэгслээ буруу ашигласан гэсэн үг үү?

-Ажиллагааг зөв хийсэн үү буруу хийсэн үү гэдэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих