Улс төрчдийн “хайрын цикл”

q24rsgkdls;g
Энэ бол байдаг л үзэгдэл, түр зуурын сээтэгнэл

УИХ-ын ээлжит сонгууль болоход долоон сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тойргоос сонгогдсон нь

тайлангаа тавих нэрээр, тойроггүй нь томилолтоор ажиллах далимаар дүүрэг, хороо болон орон нутгийг зорих түшээдийн цуваа тасрахаа байв. Улс төрчдийн ааш аяг зөөлөрч, хаа сайгүй л инээмсэглэсэн төрхөө гаргаж, сонгуулийн шоугаа хэдийнэ эхлүүлжээ. Хааяа нэг үзэгддэг байсан гишүүд хагас бүтэн сайныг алдахгүй тойрог руугаа гүйдэлтэй болов. Хаа хамаагүй нэгнийг хамаатан саднаа мэт тэврэх нь энгийн үзэгдэл болоод байгаа. Энэ бол байдаг л үзэгдэл, түр зуурын сээтэгнэл.

Сонгуульд нэр дэвшигчид өөрийгөө таниулах үүднээс олон арга сүвэгчилж, тархиа гашилгаж эхэлсэн нь илт. Урлагийн авьяастан, спортын гавшгайч, уран уншигч, ухаант мэргэн гээд хувирч болох бүхий л дүрийг бүтээх нь элбэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг уулзалтынхаа ирцийг бүрдүүлэхийн тулд утасны нэгжээр урхидсан. Тэгвэл “Иргэний хөдөлгөөн”-ий О.Магнай нүүрс тараасан нь нийгмийн сүлжээгээр нэг хэсэгтээ л түгсэн. “Иргэдээ ядуу байлгаж сонгууль бүрийн өмнөхөн өл залгуулан доромжилж байна” гэх шүүмжлэлийг өнгөрсөн найман жилийн турш хэлсэн тэрбээр ийнхүү “Дэм дэмэндээ” гэх нэрээр багаа тайллаа.

Гэхдээ энэ буухиаг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тойрогтоо 40 литрийн бидон тарааж эхлүүлсэн. Үүнийг нь “Дүнжингарав”-аар овоглодог Б.Наранхүү Дундговийн нутгийн золголтод ирсэн аймаг, улсын цолтой 110 уяач, бөх, харваач нарт тус бүр нэг сая төгрөг гардуулснаар залгамжлуулсан. Тэрбээр мөн улсын баяр наадмаар тойргийнхоо иргэдийг урамшуулж, мотоцикль, будаа агшаагч тараасан удаатай. Гэвч төрийн түшээдийн сонгууль угтсан шоу үүгээр зогссонгүй. Энэ шинэ “мода” орон нутгийн удирдлагуудад ч “халдварлачихаад байна” Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цэвэр усны саван дээр зургаа хэвлүүлж, мөнхжүүлсэн удаатай. Энэ бол улс төрчдийн тойргоо тойглож, тугаа мандуулж байгаагийн илрэл.

Парламентын засаглалтай улс болсны дараахнаас буюу иргэдийн гарт сонгох эрх шилжсэн тэр үеэс эхтэй гэж хэлэхэд хилсдэхгүй энэ үйлдлүүд он цагийн уртад улам төгөлдөржиж буй улс төрчдийн “хайрын цикль” юмсанжээ. Монголын төлөө, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээ илчилж буй улстөрчдийг үүнд буруутгах нь ч бас өрөөсгөл хэрэг. Харин тэдний “хайрын цикль” дээд цэгтээ хүрэх мөч улам ойртож байна. Чухам энэ үед сонгогчдын өмнө тавигдах уран сайхны жүжгүүд цаашид хэрхэн үргэлжлэхийг тааварлахад бэрх байна.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих