Сонгуулийн хуулиудыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гишүүдийн өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг хэлэлцлээ. Ингээд Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг 86 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Мөн Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Су.Батболд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад гишүүд дараах байр суурийг илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Сонгуулийн сурталчилгааг сонингоор дамжуулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сурталчилгааны хугацаа 45 хоног байсныг 21 болгосон. Гэтэл одоо 14 болгосон байна. Шинэ хүмүүс олон нийтэд 14 хоногт яаж танигдах вэ”

Энэхүү асуултад УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Нэр дэвшигч, нам эвсэл сонин хэвлэл дээр тавьж гаргаж болно. Сонинд сурталчилгаа байрлуулахыг хязгаарлаагүй. 14 хоногийн хугацааг эргэн ярьж болно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хяналтын тооллого гээд байгаа асуудлыг хэрхэн зохицуулсан бэ. Иргэдийн бүртгэлтэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэсэн” гэж асуухад хууль санаачлагчид “Сонгуулийн санал авч байгаа хар машинд бус хар машины системд итгэхгүй байгаа. Сонгуулийн хуулийг шинээр өргөн бариагүй сайжруулах асуудал л яригдаж байна” гэх хариултыг өгч байна.

УИХ-ын гишүүн Д.Батцэрэг “Өргөн барьсан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах дөрвөн хуулийг дэмжиж байна”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сонгуулийн дүнг гар аргаар давхар тоолох хэрэгтэй. Камер тавьж байгаад тоолох нь зүйтэй. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгохоо болих хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулахыг дэмжихгүй байна” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих