Хэт турах нь амиа хорлох хүслийг өдөөдөг үү…

Анорексия буюу хэт турахыг хүсэх хандлага сүүлийн үед охид эмэгтэйчүүдийн дунд дэлгэрсэн. Yүнийг хоол идэхээс эмээх гэхээсээ сэтгэл мэдрэлийн өвчин гэж оношлох болжээ. Уг дүгнэлтийг баталсан нэгэн судалгааг Хойд Каролины их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн байна. 16-76 насны 413 эмэгтэйн 17 хувь нь дор хаяж нэг удаа амиа егүүтгэхийг оролддог аж.

Харин тэдний тал хувь нь гадаад үзэмжиндээ байнга сэтгэл дундуур явдаг, бүх зүйлийг голж шилдэг, нэг үгээр хэт сайхан харагдах хүсэл нь сэтгэцийн өвчин болон хувирсан охид, эмэгтэйчүүд байдаг байна.

Анорексия хүнд, хөнгөн олон хэлбэртэй бөгөөд дээрх эрдэмтдийн үзэж буйгаар дөрвөн эмэгтэй тутмын нэг нь хөнгөн хэлбэрийн анорексиятай аж. Тэдний тайлбарласнаар хөнгөн анорексиятай эмэгтэйчүүд идсэн зүйлээ буцааж гаргахыг хүсэх, дэлгүүрт таарсан чамин даашинзыг л биедээ тааруулахын тулд турах, гадагшаа гарахын өмнө толины өмнө олон цагаар эргэлдэх зэрэг шинж тэмдэгтэй байдаг.

Хэт турах хүсэл нь дэндсэн эмэгтэйчүүдээс дээрх шинж тэмдгүүдээс гадна байнга уцаарлах, түгших, бүх зүйлд сэтгэл дундуур байх зэрэг ажиглагддаг байна. Энэ бүхэн даамжирсаар амиа хорлох хүслийг өдөөдөг бөгөөд бие махбодь нь ч туйлдаж гүйцдэг гэнэ. Тиймээс эрүүл хоол хүнс амьдралын баталгаа гэдгийг санаж гоолиг харагдахыг зорилгоо болгохынхоо өмнө сэтгэл санаагаа тайван байлгахыг, биеэ хянаж сурахыг мэргэжилтнүүд анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих