С.Баярцогт сайдын хэлснийг ”Айвенхоу Майнз”, ”Рио Тинто” үгүйсгэлээ

Сангийн сайд С.Баярцогт саяхны хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл, үргэлжлэх хугацаанд өөрчлөлт оруулах асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж байгаа хэмээн мэдэгдсэн билээ.


Түүний хийсэн энэхүү мэдэгдэл дэлхий дахинд томоохон шуугиан тариад байна. Тэгвэл энэхүү асуудлаар Оюу толгойн уурхайн 66 хувийг эзэмшигч Канадын «Айвенхоу Майнз»-ынхан мэдэгдэл хийсэн талаар эдийн засгийн мэдээллийн www.market-watch.com сайт мэдээлжээ. «Айвенхоу Майнз» мэдэгдэлдээ «Бид Монгол Улсын Засгийн газартай Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар ямар ч яриа, хэлэлцээ хийгээгүй» гэжээ. Түүнчлэн Оюу толгойн шууд бус хувьцаа эзэмшигч Австралийн «Рио Тинто»-гийн Зэсийн бүлгэмийн  гүйцэтгэх захирал Эндрью Хардинг «Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай яриа Монголын улстөрчдийн дунд гарах

болсон нь ирэх жил болох царламентын сонгуультай холбоотой. Монгол Улсын Засгийн газрын сайд нар Оюу толгой төслөөс олох ашиг улс оронд нь ямар их хэрэгтэйг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Миний уулзаж, ярилцаж байсан сайд нар ч энэхүү төслөөс одоо олж буй ашиг чухал биш гэдгийг онцолж байсан. Оюу толгойн төсөл хэрхэн хэрэгжихээс бусад стратегийн ордууд тодруулбал хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж буй Таван толгойн ирээдүй шалтгаална. Монгол Улсын хуулийн хүрээнд байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхгүй гэдэгт бид итгэлтэй байна» гэжээ. Тэрбээр ийнхүү манай улстөрчид сонгууль   ойртсонтой   холбоотойгоор   ийм зүйл яригдаж байна хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Үнэхээр ч манай зарим улстөрчид сонгуулийн шоугаа энэхүү ажлаар эхэлж байж болзошгүй. Хамгийн гол нь нэгэнт байгуулагдчихсан гэрээг өөрчилж, эргэж буцах нь манай улс дахь гадны томоохон хөрөнгө оруулагчдыг үргээх аюултай талаар эдийн засагчид мэдэгдэв. Хэрвээ томоохон хөрөнгө оруулагчид манайхаас нүүр бууруулбал гарах үр дагавар нь тун сөрөг байх нь ойлгомжтой. Монголын эрх баригчид Засгийн газрын 34 хувийн эзэмшлийг 50 хувьд хүргэж өөрчлөхөөр төлөвлөж буй талаар www.market-watch.com сайтад мөн мэдээлжээ.

“Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих