Дэлхийн клубүүдийн АШТ-д “Хасу-Мегастарс” баг оролцоно
Иран улсын Мазадаран хотод 11 дүгээр сарын 26-27-нд болох Дэлхийн клубүүдийн АШТ-д “Хас-Мегастарс” клубын чөлөөт бөхийн багийн тамирчид хүчээ сорино.
Тэмцээнд тэргүүн байр эзлэсэн багийг 50, хоёрдугаар байрт 30, гуравдугаар байрт 20 мянган ам.доллараар урамшуулах юм. 2014 онд болсон нэрт дасгалжуулагч Н.Ганбаатарын нэрэмжит эрэгтэй шилдэг багуудын тэмцээнд багаараа тэргүүлсэн “Хасу-Мегастарс” клубын баг 2 дахь удаагийн клубүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөхөөр болов.
Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегастарс” компанийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан, дасгалжуулагч Д.Хишигдорж, шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун нар ажиллах юм.
Спортын мастер Ж.Баярхүү, залуу бөх А.Мөнх-Эрдэнэ нар 57 кг-д, 61 кг-д ОУХМ Б.Нэмэхбаяр, 65 кг-д СМ Б.Наранболд, ОХУ-ын Москва хотын “ЦСКА” клубын бөх, ОУХМ Цырынов Баяраа, 70 кг-д СМ Б.Цогтгэрэл, залуу бөх Б.Батсүх, 74 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ П.Өнөрбат, 86 кг-д СМ Б.Өлзийсайхан, 97 кг-д СМ Э.Төгөлдөр, 125 кг-д ОУХМ Б.Одгэрэл, залуу бөх М.Төрбат нар барилдана.
Өнгөрсөн жил Иран улсын Жоубар хотноо болсон Дэлхийн клубүүдийн АШТ-д 11 орны 15 баг өрсөлдсөнөөс манай улсаас оролцсон “Монголын армийн баг” ҮI байр эзэлсэн юм.
URL: