Хар тамхины ”наймаачин” хулгана
Бразилийн Барра-да-Грота шоронгийн хуягууд хар тамхи тээвэрлэх зарлагын үүрэг гүйцэтгэж байсан оготныг илрүүлжээ. Тэр хулганы сүүлэнд жижигхэн уутанцартай хар тамхийг уясан байсан бөгөөд мэрэгч амьтан хонгилоор камер хооронд түгээлтээ хийж гүйсэн гэнэ. Энэ оготно камер хооронд дамжин өнгөрөх “гүүр” маягаар ашиглагдаж байсан гэдгийг шоронгийн удирдлага онцлов.
“Тэд гялгар уутыг хулганы сүүлэнд уяад дараа нь хар тамхи зэрэг бусад эд зүйлсийг нэг камераас нөгөө рүү тээвэрлэхэд ашиглаж байв” хэмээн шоронгийн дарга хэлжээ. Оготно зорьсон газраа ирэнгүүт хоригдол түүнийг эвтэйхэн барьж аваад сүүлнээс нь уясан уяаг тайлж авна.
Хуягууд нэгжлэг явуулаад 29 уут марихуан, 23 уут кокаин хар тамхийг илрүүлсэн аж. Өдгөө тэд хяналтын камерын бичлэгийг үзэж байгаа бөгөөд хоригдлуудын чухам хэн нь уг оготны эзэн байсныг тогтоохоор ажиллаж байгаа юм. Хөөрхий хулганыг шоронгоос холгүйхэн эрх чөлөөтэй болгож тавьсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: