АРИУН ДИЯАН

11737992_1463235047329546_7990278180596745733_n

Тэсэхүйеэ бэрх өлөн ходоодны
Тэн хагас нь “шүүс” байхуйц
Тэвчээр алдсан мунхаг тачаал нь
Тэр чигээрээ зүүд байхуйц

Өнгө сайтыг барьж тэмтрэхийн
Өчүүхэн хэсэг нь дур байхуйц
Үлдсэн бүхий л хоосон хийрхэл нь
Үхээрийн хар тийрэн байхуйц

Бэрх тийрэнгээс салж чадвал
Бядан явагч хүн байхуйц
Бядан явагч хүнээс хагацаад
Бадрангуй сэтгэгч дияанч байхуйц

Халгилж булгилсан сэтгэлийн сэжүүр
Хамаг л дур хүслээ унтрааж
Хаашаа л бол хаашаа дэрвэх
Халуун залуу насаа ч мартах…

Тураг биеэ эцэсгүй зовоож
Тувт сэтгэлийн тамд унаж
Хоёр нүдээ ширгэтэл бясалгаж
Ховс илбийн нууцад нэвтрэх…

Өвдөж шаналах, турж эцэхийг
Өег сэтгэлийн галаар хуйхалж
Үгтэж аймсах, ганцаардаж туйлдахыг
Өнчин зүрхний хилэнгээр төөнөх…

Эндүү молхи бусмаг санааг
Эхнээс нь аваад дуустал “бяцалж”
Эргэж дахиад хоног сунгахааргүй
Эгнэшгүй хүчит тарни бүтээх…

Насны тарни дүвлэх явцдаа
Нямбаан даалгүй үхэхэд хүрвэл
Лянхуа мэт алгуур хумбиж
Мятрашгүй ялж, төгс нөхцөх…

Билэг сайт бодь хүмүүн л
Бие сэтгэлдээ ийнхүү андгайлж
Бишид хүмүүний туулж барамгүй
Бэрх зовлонгийн үүдийг нээмүй!

Бурхан багшийн алдарт “Дөрвөн үнэн”-ийг
Буцалтгүй үйлээр чадан ядан гэтэлгэж
Сэв тортог өчүүхэн ч үл хүргэх
Сэтгэлийн там-Ариун дияан

Нажид зовлонгийн үсгэвэр үл халдааж
Нарийн ухаанд эцсийн цэг тавих
Очироор огтлогч догшин ширүүн тэнгэрс
Оройн дээд шүтээн-Алдарт дияан

Б.ОЙДОВ


URL:

Сэтгэгдэл бичих