Франц аюулгүй байдлаа улам чангатгана

Парист болсон цуврал халдлагын дараа Франц улс аюулгүй байдлаа улам чангатгаж байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Версалийн ордонд парламентын хоёр танхимын гишүүдэд хандан үг хэлэхдээ энэ чиглэлд хэд хэдэн санал санаачлагыг ажил хэрэг болгохоо зарласан байна.

Энэ хүрээнд Парисын халдлагын хариуцлагыг хүлээж, цаашид дахин халдлагууд үйлдэхээр заналхийлж байгаа Исламын улс бүлэглэлийн эсрэг Ирак, Сирийн нутагт явуулж байгаа Францын агаарын ажиллагааг эрс эрчимжүүлэх үүднээс энэ пүрэв гарагт Арабын Булан руу нисэх онгоц тээгч илгээхээр болсон байна. Газрын дундад тэнгист байрлаж байгаа францын нисэх онгоц тээвэрлэгч “Шарль де Голль” хөлөг онгоц Арабын буланд очсоноор эндэх Францын агаарын хүчний хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ гэж тооцож байна.

Үүнээс гадна Францад тогтоосон онц байдлын үргэлжлэх хугацааг гурван сар болгон сунгах саналыг ерөнхийлөгч Олланд энэ долоо хоногт багтаан парламентад оруулж, шийдвэрлүүлэх юм байна. Мөн онц байдал зарлаагүй үед ч гэсэн аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ хэрэгжүүлэх бололцоог нээхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Олланд үзэж байна.

Эдгээрээс гадна тэрээр ирэх хоёр жилийн хугацаанд цагдаагийн албан хаагчийн орон тоог таван мянгаар нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарын төсвийг наанадаж 2019 он хүртэл танахгүй байх, мөн өөр улсын давхар иргэншилтэй хүмүүс терроризмын гэмт хэрэгт холбогдвол Францын иргэний харьяатаас хасах тухай хууль боловсруулах санал дэвшүүлж байна. Түүнчлэн Францын ерөнхийлөгч ирэх өдрүүдэд АНУ, Оросын ерөнхийлөгч нартай уулзаж, Исламын улс бүлэглэлийн эсрэг явуулж байгаа ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих