Эхлээд хүнлэг ёс суртахуун, дараа нь боловсрол

Өнөөгийн өсвөр, залуу үеийнхэн эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэдгээ эргэн харах цаг ирлээ. Дор бүрнээ эргэцүүлж бодоод нэг үзээрэй.

Цөөнгүй залуучууд хувиа хичээн зугаа цэнгэлээр хөөцөлдөн эмгэнэлтэй амьдарч байгааг бидний эргэн тойрноос харагдаж байгаа гэвэл хэн ч маргахгүй бизээ. Хөвгүүд, охид минь ийм сул дорой, идэвхгүй амьдрал биднийг улам бүр гундаах болно гэдгийг бүү март.

Үүнд залуус өөрсдөө л хамгийн түрүүнд буруутай. Залхуу гэдэг өвчин таныг ямагт сүүдэр мэт дагаж байдгийг санаарай. Гэхдээ төрөөс залууст мэргэжил олгоход дэмжлэг туслалцаа үзүүлэхэд хойрго хандаж байгааг үгүйсгэх аргагүй.

Монгол залуус хилийн чанадад очоод ямар ч ажлыг хэнээс ч дутахгүй сайн хийж алс нутгаас ар гэрээ тэжээж байгааг бид мэднэ.

Монгол хүний оюуны чадамж ямар өндөр түвшинд байгааг дэлхийн нэртэй пүүс, компанид амжилттай ажиллаж «Монгол» гэсэн нэрийг дуурсгаж яваа монгол залуусын ажил үйлс нотолно. Тэгвэл эх орондоо 3-6 сарын мэргэжлийн дамжаанд суралцаад тэр гадныханд өгөөд байгаа ажлыг нь хийж, авах ёстой цалинг нь авч сайхан амьдарч яагаад болохгүй билээ.

Өнөөдөр мэргэжил боловсрол эзэмшъе, хийж бүтээе гэсэн олон залуу хүн эх орондоо төдийгүй өндөр хөгжилтэй улс орнуудад сурсан мэдлэг мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Цаана нь ийм хүсэл эрмэлзэлтэй олон мянган охид хөвгүүд бий. Төр засаг минь тэдэнд боломж олгооч. Тэдэнд тэтгэмж хэрэггүй.

Харин төрөөс мэргэжил эзэмших сургалтын бааз байгуулж, суралцахад нь санхүүгийн дэмжлэг өгөхөд л хангалттай. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний ажил, мэргэжилгүй байгаа хойч үеийнхэний маань бие, сэтгэл гандаж, гундан амьдралд сөхөрч, ирээдүй нь бүрхэг болох нь мэдээж.

Үүний хариуцлагыг өнгөрсөн 20 жилд Монгол Улсын хууль, тогтоол, журмыг боловсруулан гаргасан үе үеийн нам, төр засгийн түшээд, эрх мэдэлтнүүд үүрэх ёстой ч өнөөдөр хэн нэгнийг буруутгаад цаг хугацаа эргэн ирэхгүй. Харин жирийн иргэд л хохирч үлдсэн нь гашуун үнэн.

Үүнийг монголчууд бид зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. Монгол Улс оршин тогтнож байхын үндэс нь монгол хүн. Тиймээс ч энэ алдааг өнөөдөр л засахгүй бол бид хойч ирээдүйдээ нөхөж баршгүй гай түйтгэрийг нөмрүүлсэн хүмүүс болж үлдэх нь тодорхой төдийгүй улс орны ирээдүй ч бүрхэг болно.

Харин олон зуун жилийн түүх, уламжлалт өв соёл, зан үйл, бахархах олон юмтай монголчууд хойч үедээ энэ бүхнээ өвлүүлэн үлдээх нь өнөөдрийн төрийн бодлогын эрхэм бөгөөд залгамж чанар байх ёстой. Энэ л бидний хөгжлийн зөв гарц болов уу.

Үндэсний бахархалтай, хүнээ дээдэлсэн улс орон хэрхэн яаж хөгжин дэвжиж болдгийн жишээг өмнөд хөрш БНХАУ харуулж байна. Энэ улс 20 гаруй жилийн өмнө ямар байсныг бид мэднэ. Одоо дэлхийн хүчирхэг гүрэн. Энэ том гүрэнтэй Монголоо яаж жиших юм гэх хүн ч байгаа. Гэхдээ бас бидэнд тэднээс давуутай талууд бий.

Энэ давуу байдлаа ашиглаж чадвал хүн бүхэн элбэг хангалуун, аз жаргалтай амьдарч болно. Хамгийн гол нь хөдөлмөрийн насны хүн бүхнээ ажилтай болгоё! Өндөр ур чадвартай мэргэжлийн ажилчин бэлтгэе.

Тухайлбал гагнуурчин, цахилгаанчин, сувилагч, засварчин, сантехникч, өрөмдөгч, уул уурхайн болон барилгын төрөл бүрийн мэргэжлээс эхлээд өнөөдөр эрэлт хэрэгцээтэй байгаа ажил, мэргэжлийг эзэмшүүлдэг сургуулийг байгуулмаар байна. Ажлын хөлс, цалин пүнлүүг дэлхийн жишигт хүргэж нэмэгдүүлъе.

Хүн ямар ч ажил эрхэлж болно, харин энэ ажил мэргэжилдээ чадварлаг, мэргэшсэн байх нь хамгийн чухал гэдгийг өнөөгийн хүүхэд, залууст ойлгуулж мэдрүүлэх нь төрийн бодлогоор хэрэгжүүлэх эн тэргүүний хэрэгжүүлэх ажил юм. Өнөөдөр Монгол Улсын Боловсролын салбарт чамгүй ахиц дэвшил гарч байгааг үгүйсгэх аргагүй.

Тухайлбал, ерөнхий боловсролын сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажил ид үргэлжилж байна. Өсвөр үеийнхний хүнлэг ёс суртахуун, эх орон, түүх, соёлоороо бахархах хүмүүжлийн асуудлыг эн тэргүүнд анхаарах хэрэгтэй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлэн анхаарлын төвдөө оруулж байгаа нь бас нэг томоохон дэвшил. Дунд сургуулиудад хэрэгжүүлж ирсэн «Үдийн цай», «Үдийн хоол» хөтөлбөрийг цаашид өргөжүүлэх бодлого баримталж байгаа.

Сургалтын хөтөлбөрийг шинэчилж, хүүхдийн хамгийн дотны зөвлөгч сурах бичгийн үнийг бууруулан агуулга, чанарыг сайжруулахад анхаарч байна. Мөн бүх багшийг компьютертэй болгох хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Их дээд болон мэргэжлийн сургалтын төвүүдийг хотхоноор байгуулж, эмх журамд оруулж жинхэнэ утгаар нь хөгжүүлэх зорилт дэвшүүлж, ажил хэрэг болгож хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ хичээлийн жилийн нэг том зорилт бол Кембрижийн стандартыг хэрэгжүүлж эхэлсэн нь боловсролын салбарт хийж буй томоохон шинэчлэл гэж болно.

Уг стандартыг мөрдсөнөөр англи, монгол хос хэл эзэмшсэн төгсөгчид нь дэлхийн хэмжээний нэр хүндтэй сургуульд элсэн суралцах эрхтэй болж, Монголын боловсролын тогтолцоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих