Д.Цэрэнчимэг: Эрх баригч намын үүрэг хариуцлагын асуудлыг Үндсэн хуульд нэмж тусгах шаардлагатай
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэгтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлага бий болсон эсэх талаар ярилцлагаа эхэлье?
-Цаг хугацааны хүчин зүйл талаас нь авч үзвэл 23 жил гэдэг багагүй хугацаа бөгөөд эргэцүүлэн дүгнэх боломжийг олгож байна.
Үүнтэй зэрэгцэн Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлын гарцыг Үндсэн хуультай холбон тайлбарлаж байгааг үгүйсгэх аргагүй. Үндсэн хуулийн нэг гол үүрэг бол төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв оновчтой хийх явдал юм. Энэ талаас нь авч үзвэл Монгол Улсын Үндсэн хууль өөрийн үүрэг зорилгоо хэр сайн биелүүлж байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт хийх цаг болсон гэдэгтэй санал нийлж байгаа юм.
-Одоогийн Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтыг зөв хийгдсэн гэж та үзэж байна уу?
-Монгол Улс бол 1992 оны Үндсэн хуулиараа парламентын засаглалыг сонгон авсан. Энэ хүрээнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн харилцан хяналттай байх зарчмыг хүлээн зөвшөөрсөн боловч түүний бүрэн гүйцэд хэрэгжих байдалд төдийлөн анхаарч зохицуулалт хийлгүй, парламентын гишүүдийн мэдлэг чадвар, өндөр ёс зүйд хэт найдаж задгай орхисны улмаас энэ нь цаг хугацааны шалгуурыг даалгүй хэврэг байдал нь илэрч, үүний улмаас төрийн дээд институцүүдын хооронд бие биедээ хяналт тавих, харилцан тэнцвэртэй байх зарчим алдагдаж, эрх мэдлийн савалгаа үүсчээ гэж харагдаж байгаа юм.
-Өмнөх долоон өөрчлөлт үү?
-Тэр өөрчлөлт дотроос УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нь л угийн эрх мэдлийн тааруу хуваарилалтыг улам хэврэг болгож орхисон хэрэг. Түүнээс Ерөнхий Сайдыг долоон удаа буцаадаг энэ тэр гацааг гаргасан нь сайн өөрчлөлт шүү дээ.
-Тэгвэл эрх мэдлийн савалгаа үүссэн гэж та чухам юуг хэлж байна вэ?
-Үндсэн хуульд УИХ-ыг нөгөө хоёр эрх мэдлээсээ дээгүүр эрхтэй этгээд гэж тунхагласан байхаас гадна парламентын засаглалтай орны Ерөнхий сайдад хэн байхаас үл хамаарч, байвал зохих эрх мэдлийг олгоогүйгээс өнөөгийн энэ улс төрийн эмх цэгцгүй, ойлгомжгүй байдал үүссэн байж болох юм.
-Сая УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл таны ярьж байгаа зүйлд хэр сайн хариулт өгсөн төсөл болсон бэ?
-Энэ төслөөр парламентын засаглалыг улам боловсронгуй болгоё, гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүнийг нөгөө хоёр эрх мэдэлдээ нөлөөлж, харилцан хяналттай байх төвшинд хүргэж өөрчилье гэсэн санаагаар боловсруулсан юм болов уу гэж ойлгосон. Гэхдээ нэгэнт засаглалын механизмыг сайжруулъя гэж байгаа бол бүрэн гүйцэд хийх тал дээр хангалтгүй байна гэж харж байна. Тухайлбал, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгосноор түүний бүрэн эрх хязгаарлагдаж байгаа нь харин ч эсрэгээр улс төрийн тогтворгүй байдлыг одоогийнхоос улам бүр хүндрүүлж, Засгийн газрыг огцруулах гэсэн давалгаа эрчимжих магадлалтай. Өнөөдөр сайд хийж үзье гэж байсан бол, маргааш Ерөнхий сайд болъё гэж зүтгэхийг үгүйсгэх аргагүй. Миний хэлэх гэсэн гол санаа бол нэгэнт Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгож байгаа л бол хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлах эрхийг нэгэн зэрэг олгох ёстой юм. Тэгэхгүйгээр өнөөгийн улс төрийн тогтворгүй орчноос ангижирч чадахгүй.
-Тэгвэл та үүнийг хэрхэн хийх ёстой гэж үзэж байна?
-Ерөнхий Сайд УИХ-ыг тараах саналыг Ерөнхийлөгчид тавих, түүнийг нь Ерөнхийлөгч тодорхой хугацааны дараа тараах эрхтэй байж болохоор зохицуулалт хийх зэргийг бодож боловсруулах шаардлагатай байна.
-Ерөнхий Сайд УИХ-ыг тараадаг болчихвол УИХ-ын сонгууль байнга болоод харин ч тогтворгүй байдал үүсэх юм биш үү?
-Цаг дээрээ тийм амар тардаггүй, зарчмын асуудлаар Ерөнхий Сайд болон УИХ харилцан зөвшилцөж шийдэлд хүрдэг бусад орны жишгийг судлан үндсэн хуульдаа суулгаж яагаад болохгүй гэж. Заавал УИХ тардаг байх нь чухал биш, гол нь зарчмын асуудлаар шийдэлд хүрч чаддаг байх тийм механизмыг боловсруулж Үндсэн хуульд шингээн өөриймшүүлж авах нь зөв юм.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх хувилбарыг та зөв гэж үзэж байна уу?
-Парламентын засаглалтай оронд энэ нь зөв хувилбар юм. Энэ төсөлд УИХ-ын гишүүдээс гадна аймаг, том хотын ИТХ-ын дарга нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр сонгох гэсэн санал боловсруулсан байна лээ. Энэ нь тийм ч оновчтой хувилбар биш. Учир нь нэг талаас УИХ-ын гишүүний мандатыг аймаг хотын ИТХ-ын даргын статустай харьцуулах аргагүй. Одоо энэ төсөлд аймаг, хотын ИТХ-ын дарга нарыг ард олон шууд сонгох биш, доод шатны ИТХ-аас сонгогдох замаар буюу төлөөллийн ардчиллын хэлбэрээс дахин сонгогдож гарч ирэхээр заасан. Тэгэхээр бүх ард түмнээс олгогдсон шууд мандаттай УИХ-ын гишүүдийг шууд биш статустай төлөөлөгчтэй адил төвшинд авч үзэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна” гэсэнтэй нийцэхгүй юм. Харин түүний оронд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох “төлөөлөн сонгогч”-ийг УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлээс ард түмэн шууд сонгох, тэрхүү төлөөлөн сонгогчид нь УИХ-ын гишүүдтэй хамтран Ерөнхийлөгчөө сонговол илүү оновчтой гэж бодож байна.
-Та бол эрх барьж буй намын орон нутгийн дарга нарын нэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий Сайд шууд томилох харин сум, хотын Засаг даргыг иргэд нь шууд сонгох гэсэн санал дэвшигдсэн байна?
-Нутгийн өөрөө удирдах ёсны талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалтай энэ нь зөрчилдөж байгаа эсэхийг авч үзэх ёстой юм. Монгол Улсын Үндсэн хуульд орон нутгийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж заасан байгаа. Гэтэл уг төслөөр аймаг, томоохон хотын Засаг даргыг Ерөнхий Сайд шууд томилохоор заасан нь энэ зарчимтай зөрчилдөх бөгөөд энэ нь Үндсэн хуулийн зүйл, заалтуудын дотоод зөрчилдөөнийг үүсгэх эрсдэлийг бий болгож байна. Нөгөө талаар өмнөх тоталитар тогтолцооны үед орон нутгийн удирдлагыг дээрээс шууд томилдог байсан нь орон нутгийг өөрөө бие даан хөгжих боломжийг алдагдуулж, дээшээ харсан бэлэнчлэх сэтгэлгээг бий болгосныг бид мартах учиргүй. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг бол жам ёсны зүй тогтол гэдгийг бид хэзээ ухаарах юм бэ. Үүнийг ухаараагүйгээс бид одоо Улаанбаатар гэдэг ганц том хоттой, түүндээ шавалдан сууж байгаагаас харж болох юм.
-Мөн энэ төсөлд “Орон нутгийн сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй” гэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт оруулахаар тусгажээ. Энэ нь орон нутгийн ажил амьдралтай нэр нийцсэн өөрчлөлт болох вэ?
-Ийм өөрчлөлттэй огт санал нийлэхгүй байна. Энэ бол орон нутгийн ажил амьдралаас хол хөндий хүмүүсийн “дээрээс” хийх гэж буй өөрчлөлт болов уу. Орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцож байж л сонгууль утга учиртай зорилго чиглэлтэй, хариуцлагатай болдог. ИТХ-ыг зөвхөн иргэдийн төлөөллийн оролцоо мэтээр харвал энэ нь эндүүрэл бөгөөд ирээдүйд орон нутгийн хөгжлийг мухардалд хүргэх туйлын муу үр дагавартай гэдгийг төсөл боловсруулагчид тооцсонгүй бололтой.
-Танд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан нэмж хэлэх зүйл байна уу?
-Орон нутагт улс төрийн намыг удирдаж байгаа хүний хувьд миний бодож явдаг нэг зүйл бол улс төрийн намын үүрэг зорилгын талаарх суурь зохицуулалт манай Үндсэн хуульд илт дутагдаж байна гэж үздэг. Улс төрийн намын үүрэг зорилго нь дан ганц засгийн эрх авах гэж тодорхойлох нь хэт өрөөсгөл бөгөөд орчин үеийн хөгжлийн чиг хандлагад огт тохирохгүй хуучирсан ойлголт юм. Улс төрийн намын гол үүрэг зорилго бол ард түмний улс төрийн хүсэл зориг бүрэлдэхэд нь туслах явдал гэж үздэг. Энэ агуулгаар ялангуяа эрх баригч намын үүрэг, хариуцлагын асуудлыг Үндсэн хуульд нэмж тусгах шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: