Монголчууд маш бага цалинтай ч маш үнэтэй том машин унадаг нь сонин
Орон орны хүмүүс мэдлэгээ хуваалцдаг “Quora” хэмээх сайтад “Монголд гэрэлт ирээдүй бий юу?” гэсэн асуулт тавигдаж, түүнд нэгэн нэрээ дурдаагүй хүн хариулжээ. Санал бодлоо бичсэн хүн нь Монголд амьдарч үзсэн гадаадын иргэн бополтой. Тэрээр “Би Монголын тухай сайн мэдэхгүй ч өөрийн үзсэн, мэдэрснийг (магадгүй зарим нь буруу ч байж болно) бичиж байна” гэжээ. Түүний бичсэн сэтгэгдлийг орчуулагч Р. Түвшин орчуулжээ.
Монголын тулгамдсан асуудлууд гэвэл:
-Мөнгийг хэт шүтэж, боловсролд бага анхаардаг
-Дээд боловсролд хандах хандлага нь тун их америкжсан. Зевхөн өндөр цалинтай ажил хийхийн тулд л их сургуулийн диплом хөөцөлддөг. Жинхэнэ боловсролоос илүүтэй өндөр үнэтэй гадаадын их сургуулийг төгсөх сонирхолтой.
-Монголын нийгэм мөнгө, санхүүтэй холбоотой ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг өндөрт тавьдаг. Үүнд нэг их буруу байхгүй ч нөгөө талаар сургууль, цэцэрлэгийн багш, эмч зэрэг нийгмийн салбарынхныг бараг үнэлдэггүй.
-Монголчуудын цалин дэндүү бага бөгөөд ажлын байруудад цалингийн ялгаа бараг байхгүй. Би цалингийн өндөр зөрүүг дэмждэг неолиберал хүн биш ч (би герман хүн, манай систем энэ тал дээр үнэхээр сайн) Монголд ихэнх хүний цалин 500,000-1 саяын хооронд байдаг нь маш хэцүү санагддаг.
Ямар ажил эрхэлдэг байхаас үл хамаараад нягтлан, жолооч, төмөр замын ажилчин, инженер, менежэр, банкныхан, цэцэрлэгийн багш, програмист, дизайнер, сэтгүүлч гээд бүгд энэ хооронд л авдаг. Тэдний зарим нь ямар ч боловсролгүй бол зарим нь гадаадын хэд хэдэн сургууль төгссөн нь ч байна. Би олон монголчууд гадаадад сураад эргэж ирдэггүйг мэднэ.
Бас эргэж ирсэн нь сайн цалин авах найдваргүй тул өдөржин ажил дээрээ Үоutubе үзэж суудгийг ч мэднэ.
-Гэвч Монголд ойлгогдохгүй юм их байна. Дээрх тийм бага цалинг авдаг хүмүүс яаж үнэтэй том машин хөлөглөөд байдаг юм бол? Эцэг эхчүүд яаж Олон улсын дунд сургуульд жилийн $30,000 төлж хүүхдээ сургадгийг огт ойлгодоггүй.
-Энэ бүхний эцэст эхний асуудал руугаа буцаж байна. Мөнгөнд хэт анхаарч, боловсролд бараг анхаарахгүй байгаа нь хамгийн том асуудал. Нийтийн эрүүл мэнд, хувийн санхүүгийн боловсролд том ахиц гаргах хэрэгтэй санагддаг.
Бусад цаг уурын нөхцөл, Орос, Хятадын хооронд хавчигдсан байрлал зэрэг хүчин зүйлс нь тийм ч чухал биш. Далайд гарцгүй орнуудын нийтлэг сул талууд юм.
Асуудлуудыг шийдэх ямар гарц байгаа талаар миний бодол:.
-Хөдөлмөрийн зөв үнэлгээ. Тэнгэрт хадсан биш ч миний бодлоор залуу мэргэжилтнүүд сайн ажилладаг бол $1,000 орчим авах хэрэгтэй. Улаанбаатар бол үнэтэй хот, хүмүүс нь яаж амьдардгийг таахад бэрх.
-Мөнгө бус боловсролыг үнэт зүйл болгон өөрчлөх
-Олон нийтэд хувийн санхүү, эрүүл мэндийн боловсрол олгох
-Нийтээр орон сууцжуулж гэр хорооллыг багасгах, улмаар агаарын бохирдлыг бууруулах
-Малчдад засгийн газраас дэмжлэг үзүүлэх
-Архидалт, гэмт хэргийн эсрэг Засгийн газрын авах арга хэмжээг нэмэгдүүлэх
-Авлигатай тэмцэх
-Цэцэрлэгт хүрээлэн, олон нийтээрээ цаг өнгөрөөх газрыг олноор бий болгох. Миний бодлоор Монголд нэг бол дуурь, урлагийн арга хэмжээнд очдог үгүй бол баар саванд орж тасартлаа уудаг гэсэн хоёр төрлийн хүмүүс л байдаг мэт. Дунд нь өөр ангилал байхгүй.
Монголын хөгжилд нэмэр болохгүй зүйлс:
-Шинэ онгоцны буудал, шинэ хотууд (Их Майдар бүр биш), замууд
-Тансаг машин, бусад үнэтэй брэндүүд -Тансаг орон сууцнууд -Хамаатан саднаа ажилд авах үзэгдэл
-Нэг саяын цалинтай ч жинхэнэ үнэтэй цаг зүүдэг хүмүүс Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол. Буруу ч байж магадгүй.
Р. Түвшин
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин
URL: