Монголчуудад сануулах үгс
Монгол Улсын иргэн бид яах вэ. Ухаалаг амьдарч чадаж байна уу үгүй юу. Монгол хүн жилийн 365 хоногийн чамлахааргүй их өдөрт нь баяр тэмдэглэдэг тооцоо бий. Баяраас баярын хооронд амьдардаг өвөрмөц аж төрөх мөчлөгтэй ч гэдэг.
Тэгвэл тэр мөчлөг аль хэдийн эхэлчихжээ. Бүтэн сар шахуу шагнаж урамшуулсан, хундага тулгасан, шартсандаа ёолсон өдрүүд удахгүй үргэлжилнэ. Залгуулаад цагаан сарын бэлтгэл ажил ид өрнөнө.
Бэлгэдэл, үндэсний баяр нэрийн дор бас л хагас сар гаруй баярлаж, бэлтэй нэг нь бэлээ гайхуулах, чадал муутайхан нь байдгаа сэгсрэх “их бүтээн байгуулалт” хямралын ид мөчлөгтэй зэрэгцэн эхлэхээр айсуй.
Ахмад настнууддаа хадаг барин золгож, ах дүү, хамаатан саднаараа цуглан, бэлгэтэй сайхан үгсийг хэлэлцдэг эртний сайхан уламжлалт баярыг ямар төрийн үед хэн гээч чөтгөр нь ийм болгож хувиргасан юм бол доо.
Үнсүүлж золгосоныхоо хариуд 100 грамм татаад, бэлэг авч өндөрлөдөг цагаан сарын баяр дуусаад олигтой удаагүй байхад араас нь Гэгээн Валентины баяр, намын гишүүн болсны баяр, инээх эрхтэй болсны баяр, эмэгтэй хүн болж төрсний, эрэгтэй хүн болж төрсний (уг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баярын өдөр) баяр гээд зарим нь бүр долоо хоног гаруй үргэлжлэх баярууд цуварна.
Удсан ч үгүй зун болж наадамлана. Наадмаас хойш намар болтол төрийн ажил ч зогсчихно. Залгуулаад хичээлийн шинэ жилийн баяр, багш нарын баяр, ахмадын баяр, Чингисийн төрсөн өдөр, Тусгаар тогтнолын баяр гээд дахиад л есөн идийн баярууд шилээ даран хүлээнэ.
Бүр муу ёрын сүнсний баяр хүртэл хийнэ гээч. Ингэж баярласаар хэд хоногт нь бид ажлаа хийдэг юм болоо. Статистикийн газраас албан ёсоор ийм судалгаа хийвэл мөн ч их нүдээ олсон судалгаа болно доо.
Их хурлын гишүүд хүртэл ухаалаг төртэй болоё гэсэн санааг эсэргүүцэх мэт баяраар амрах өдрүүдийг нэмэх нь цаагуураа ууж идэж ухаанаа гээх өдрүүдээ олшруулах далд санаатай мэт.
Алтаар суултуураа бүрдэг баян арабчууд ч атаархмаар баярлах монголчууд. Уг нь ч хийх, бүтээх ажил их л байгаа юм. Харамсалтай нь баяраар баярлах, нэр хүндээ бодох сэтгэлгээндээ автаад жилийн 365 хоногийн талд нь баярлаж талд нь ажил хийдэг болжээ бид.
Хажуугаар нь залуу үе маань фэйсбүүкт ид донтож байна. Монгол залуус ажилдаа ирээд хамгийн түрүүнд хийдэг зүйл нь фэйсбүүкээ нээж хардаг гэдэгтэй мөрийцсөн ч болохоор болжээ. Фэйсбүүк хэмээгч нийгмийн харилцааны сайтгүйгээр хүмүүсийг тэр дундаа залуу хүнийг салгаж төсөөлөх нь утгагүй хэрэг.
Гэхдээ хэт донтох байдал газар авах болсон нь тийм ч сайн зүйл биш болов уу. Хүн жилд шүдээ угаахад нэлээд хэдэн цаг зарцуулдаг гэсэн дундаж тооцоолол уншиж байсан санагдана. Тэгвэл улсын хөгжлийн түлхүүр болсон залуус маань жилийн хэдэн цагт нь фэйсбүүк ширтэж суугаа бол гэхээс айдас ч хүрмээр. Тэгэхээр баяр, фэйсбүүк хоёроо ухаалгаар зохицуулахгүй бол Монгол Улс хөгжинө гэдэг саналтгүй. Байгалийн баялгаа л барж суухаас өөр замгүй болох вий. Сануулах ийм хэдэн үгс байна.
Н.Умард
Эх сурвалж: Bataar.mn
URL: