Сахиус нь орж ирээд эхнэрээ зодчихвол яана

Архангайн тойргийн бүх малын чихэнд чип суулгаж, муусайн хулгайчийг хаашаа ч гаргахгүй хэмээн /2008/ сонгуульдаж явсан энэ хүн орчин цагийн олон “Цахиур” Төмөрийн уур цухлыг барсан байх. Харин олон Итгэлт баян түүний энэ мөрөөдөлд баярлаж, Бадарч тахарууд хийх ажилгүй болох нь хэмээн харамсаж суусан нь лавтай. Даанч ийн амласан хүн нь “фортуна” Н.Батбаяр учраас “цахиур” Төмөрүүдийн санаа амарч, Итгэлтүүдийн урам хугарсан. Үнэндээ энэ үгэнд иргэд бүү хэл тухайн үед нэр дэвшин өрсөлдөж байсан МАН-ын “Түгжилүүд” ч итгэсэн байх шүү.

Уг нь тэр малын чихэнд суулгасан чипийнхээ хүчээр Архангай аймгийн мал сүргийг чуулганы хуралдаан дээр хянаж суух бодолтой байж. Давхар сонгогч олноо хянах бодлого ч байгаа биз. Малчид тэр бүрий цахим хэлбэрээр малаа хаана явааг хянах боломжгүй учраас мань эр чуулганы хуралдаан дээр хэний мал хаана явааг төвөггүйхэн мэдээд тойргийнхоо сонгогчид руу утасдах нь л дээ. “Хөөе нөхөр Дорж танай адуу Тэрхийн цагаан нуур уруудаад явж байна” гэх зэргээр ярих мөрөөдөл байжээ. Тэр ийм л гэгээн мөрөөдөлтэй “сайхан” Төрийн түшээ.

Гал тахиж, тэнгэртэй хэл амаа ололцдог Н.Батбаяр гишүүн чуулганы хуралдаан, ер нь хаа хамаагүй гэнэт бодит байдлаасаа алсарч эрүүл бус сэтгэлгээтэй болдог. УИХ-ын чуулганы хуралдаанд согтуу ирж, УИХ-ын даргад агсам тавина. Гэнэт гишүүдийн карт суглаад танхимаас зугтана. Байсхийгээд л 99, 888, 33 гэх зэргээр бэлгэдлийн тоо ярьж, шинжлэх ухаанчаар хандах учиртай Төрийн ажлыг шашны зан үйлтэй холбоно. Ерөөсөө Төрийн түшээ бүү хэл эгэл жирийн иргэнд баймгүй араншин гаргана. Гэвч энэ нь түүний унаган зан биш аж. Тодруулбал, түүний сахиус нь орж, тэнгэртэй харьцаад ирэхээр ийн өөрийгөө хянаж чадахаа байдаг бололтой. Өөрөөр хэлбэл, түүнийг сахиус хэмээх нэгэн далдын хүч удирдаад олны өмнө согтуу галзуу юм шиг харагдуулах аж. Үүнээс үүдээд нэгэн бодит жишээ дурдая. Манай нэг сахиус тэнгэрээ авчихсан гэх бөө нөхөр эхнэрээ зодчихжээ. Уг нь эмэгтэй хүнд гар хүрчихээр нөхөр биш. Та яагаад эхнэрээ зодов хэмээн гайхширвал “Би биш ээ, сахиус орж ирээд зодчихсон байна. Арай хэтрүүлчихэж” хэмээж байсан нь бараг өчигдөрхөн мэт. Хэрвээ “Фортуна” гишүүнээс та яагаад чуулганы хуралдаанд агсам тавив гэвэл аанай л ийн хариулах байх даа.

Улстөрчийн хувьд тэр арвин намтарыг богино хугацаанд цуглуулж чадсан нь түүний увайгүй зангийнх гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Ямар сайндаа 2012 оны сонгуулийн дараа “шинэчлэлийн” Засгийн газар төрөх гэж дуншиж ахуй цагт тэрээр сайд болохын тулд яаж улайрч байсан саяхны жишээ бий. Сайд нарын томилгооны асуудал хэлэлцэж ахуй цагт тэрээр гишүүдийн карт суглан зугтаах замаар Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж чадсан. Ийн шантааж хийснийхээ үр дүнд энэ суудлыг авсан гэхэд болно. Чухал салбарыг удирдсан гавьяа гэвэл дэлхийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.долларыг босгож чадсан. Нийгэмд авсан түймэр нь “фортуна” Н.Батбаяр Монгол Улсын ирээдүйг өрөнд орууллаа гэсэн бол нөгөө талаас энэ мөнгийг бүтээн байгуулалтад оруулж, олон аймгийг хатуу хучилттай замаар холболоо хэмээж байв.

Улаанбаатарт гэхэд 33 уулзвар шинээр барих буюу засварлах, 888 төслийг жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжихэд хэрэгжүүлнэ гээд билгэдлийн төлөвлөгөөг гаргасан нь миний дээр дурдасных. Анхнаасаа АНУ-д гал тахиж байж авчирсан мөнгийг ийм тооны билгэдлээр тараах учиртай байсан байлгүй. Увсын Ц.Нямдорж нар л нарийн учрыг нь олохгүй “Бөөгийн тоо” энэ тэрээр нь доромжлоод байх юм. Гэтэл саяхан чуулганы хуралдаанаар тэр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох тухай төсөл ярьж аанай л Ц.Нямдоржоор загнуулсан. Ийн билгэдлийн тоогоор мөнгө зарцуулсан хэрэг нь хэзээ нэгэн цагт сөхөгдөнө гэдгийг бүгд мэддэг. Бондын мөнгө зарцуулах бүү хэл хумсын төдийхнөөр нь нүүрс болгоод тараачихсан Л.Гансүх шоронгийн хаалга татсан. Тэгэхээр бондын мөнгө босгоод зарцуулсан эрх бүхий нөхрийн ирээдүйг Л.Гансүхийнх шиг хувь заяа тосч уулзахыг үгүйсгэхгүй.

Оюутны ширээний араас даргын суудалд шат дараалан дэвшиж ажилласан цөөн хүний нэг бол Н.Батбаяр. Хэрвээ нам нь ялагдаж, эсвэл засагт хамтраагүй цагт ядахад группийн ерөнхийлөгчөөр ажиллаад бизнесээ хийгээд явчихна. Тэгэхээр түүнд газардсан гэх ойлголт үгүй юм. Тиймдээ ч нам нь ялж засаг байгуулах болон нам нь Засгийн газарт ямар нэгэн хэлбэрээр хамтрахад суудлын төлөө улайрдаг байх. Хар нялхаасаа шахам суудлын дон тусчихсан болов уу гэмээр зүйл түүнээс ажиглагдана. Тэр 1983 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засаг-статистикийн дээд сургуулийг дүүргэн ирсэн даруйдаа Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтнээр ажлын гаргаа эхэлж тун ч удалгүй хэлтсийн дарга, орлогч дарга болон дэвшисэн нь түүнийг суудлын төлөө улайруулах донг тусгасан байж таарна.

Тэр Москвад эдийн засгийн чиглэлээр суралцах завсартаа Москвагийн их сургуулийн дэргэдэх Улстөрийн дээд сургууль төгсөөд авсан хичээнгүй нэгэн. Энэ нь ч түүнийг бусдаас илүү байх ёстой гэсэн бодол суулгаж, суудалд тэмүүлдэг болгосон гэх гаргалгаа өөрийн эрхгүй бууж байна. Дарга болохын бас нэг донг нь мартах шахлаа. Тэр Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд орлогч дарга болтолоо 1992 он хүртэл ажиллахдаа 1990 оноос Ардын Их Хурлын депутат, орлогч даргаар давхар алба хашиж байсан. Энэ бүгдээс харвал тэр яах аргагүй сүйхээтэй нэгэн. Бас чиг хоёр нийгмийн аль аль алинд нь сурч хөдөлмөрлөх, өөрийнхөө карьерыг өсгөх тал дээр байнга анхаарч байсан нь харагдана. Ийнхүү төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт нийгэмд даргын эрэмбэ эдэлж байсан Н.Батбаяр зах зээлийн нийгэмд хөл тавьсан даруйд л 1992 онд “Монгол түлхүүр” ХХКомпаний захирал, “Фортуна” группийн ерөнхийлөгчөөр 1999 он хүртэл ажилласан юм. Энэ үед АН засгийн эрх барьж, тэрээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж 2000 оны сонгуульд өвдөг шороодож, 2004 он хүртэл “Монгол түлхүүр” ХХКомпаний захирал хэмээн бизнесээ үргэлжлүүлсэн. Харин 2004 онд тэр УИХ-ын гишүүн болж улмаар Барилга хот байгуулалтын сайд болж тодорсон нь хувийн бизнест нь ч эерэг нөлөөлөл үзүүлсэн хэмээдэг.

Нэгэнтээ Төрийн өндөр дээд албан тушаатны суудалд сууж амтыг нь сайтар мэдэрсэн “фортуна” 2008 оны сонгуульд ёстой л нүдээ аниад дайрсан. Ямар сайндаа л тойргийнхоо бүх малын чихэнд чип суулгана гэж улайрч байхав дээ. Ингэсний дүнд тэрээр Архангайн тойрогт шороотой өвстэй ч ялалт байгуулж, улмаар Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар тодорч байлаа. Бүлэглэл фракц олонтой, ханилж яваад нэгнээ түлхдэг АН-д бол тэр хэт хуучирсан дүр. Түүнийг ирээдүйд дурсамжаар амьсгалах улстөр хүлээж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. “Чингис” бондын мөнгөнөөс үүдсэн асуудал хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй. Тэгэхээр АТГ-ын хараанд орчихоогүй бол сайхан дурсамжаар амьдрах он жилүүд угтаж байгаа гэж найдая.

Ийнхүү билгэдлийн тоогоор бондын мөнгө тарааж байсан Н.Батбаяр сайдын суудлаас Монгол Улсыг өрөнд оруулсан гэх зэрэг муу нэртэй  газардав. Мөнгө тараахаа больж зав чөлөөтэй байх Н.Батбаяр нэгэнтээ чуулганы хуралдаанд нэлээд дөрөө чанга орж ирэв. Энэ даруй “хамтдаа төр засгийг бүтээх гэж байна. Өглөөгүүр хэлэлцэж болохгүй юу. Заавал шөнөөр хуралдаж байгаа нь ямар учиртай юм бэ. Шөнөөр хэлэлцэж байгаа бол сайн цаг ирэхгүй. Хүн болгон санагтун, бодогтун, сэрэгтүн. Өнөөдөр монголчууд эв нэгдэлтэй байх цаг нь ирсэн. Тэр ч утгаараа бид нэгдэх цаг нь болчихсон. З.Энхболдоо чи Монголын төрийг удирдаж байна гэж бодож байгаа бол худлаа. Андуурч байна” хэмээн агсам тавилаа. Энэ нь “Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг нараа өмөөрсөн, эсвэл тэдний хатгаасаар ч юм шиг байв. Нөгөө талаар дээр хэлсэнчлэн онгод сахиустай хүний сахиус нь орж ирээд ийн хэлүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй.

Намынхаа даргыг чуулганы хуралдаан дээр шүүмжилсэн зэргээс харвал тэр ирээдүйн улстөрийн карьераа дууссаныг сайтар ойлгосон нь илт. Байнга бужигнаж холж сольж байдаг АН гэнэт З.Энхболдыгоо түлхээд Н.Алтанхуягийг томилчихгүй бол “фортуна”-гийн хувьд улстөрийнхөө замын жолоог эвхэхээс өөр аргагүй. Хэрвээ ийм аз тохиовол Н.Алтанхуяг “буруу харан уйлж, зөв харан инээж” байгаад түүнд ямар нэгэн боломж олгож таарна.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих