ЖИРГЭЭ: Бандааштай бүсгүйчүүдийн хамтлаг гэх нэрийг “Гурван охин”-д өгчихжээ
Саяханы жишээг ярья. Өвөрмонголын Хөххотод саяхан Монгол-Хятадын анхдугаар экспо гэх том хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулагдав. БНХАУ-ын муж бүрээс төлөөлөл ирсэн 12 мянган хүнийг хамарсан энэ том арга хэмжээнд бид хэрэндээ л бэлтгэлтэй очсон. Гурван улсын урлаг соёлын цэнгүүн гурван өдөр Хөххотод үргэлжилж, урлагийн үнэ цэнэ тэр тусмаа монгол үндэсний бүжгээр бид шилдэг гэдгээ баталсан. Олон улсын бүжгийн наадамд монгол бүжигчид маань үндэсний бүжгээрээ оролцож ёстой л шилдгийн шилдэг гэдгээ тэнд батлаад ирэв.
Харин манайхаас явсан поп хамтлагууд үнэндээ бидний нүүрийг түлж байгаад ирсэн гэхэд хэтийдэхгүй. Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө бий болгосон хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг “Гурван охин”, “Sweetуmotion” хамтлагууд Монгол Улсын урлагийн нүүр царай болон очжээ.
Харамсалтай нь тэнд суугаа монголчууд ч тэндээс урлагийн таашаал мэдэрч чадсангүй. Өнөөх бидний аав ээжийн үед хит болж, өдгөө дэлхий дахинд хит болон эгшиглэж буй “Улаанбаатарын үдэш” дууг сонсохоос ч төвөгтэй болгочихож. Элдэв маяг нугалаа оруулж, хоолой салгаж байна гэж худал хэлсэн хүнд солгойрч байх юм. Гэтэл Улаанбаатарын үдэш дууг Хятад, Монгол хэлээр хольж дуулсан Өвөрмонголын залуу хамтлаг маргааш үдэш нь ёстой л гурван улсын залуучуудыг хуйлруулж чадаж байлаа. Залуу хамтлагийг энд чадваргүй хэмээн шүүмжлэх гэсэнгүй. Мэдээж Улаанбаатарын үдэш чинь бидний өмч шүү гэдгийг тэнд зарлахыг хүссэн байж мэдэх юм. Гэхдээ өмсөх хувцас, гаргах хоолой, хэнд хаана зориулж дуулж байна вэ гэдгээ бодолцох ёстой байв. Хэний ч мэдэхгүй шахам Өвөрмонголын дууч залуу харин дэргэд нь үндэсний цэвэрхэн богино дээл, гуталтай гарч ирээд дуулж байгаа нь нүдэнд дулаахан харагдсаныг нуух юун. Бандааштай бүсгүйчүүдийн хамтлаг гэх нэрийг “Гурван охин”-д өгчихжээ, тэнд цугласан залуус. Дөнгөж 18 нас хүрч буй Өвөрмонголын охидын хамтлагтай залгаж дуулсан “Гурван охин”-оосоо золтой л ичээд үхчихсэнгүй.
Баттөр Төмөрбаатар
URL: