ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын эрхийг түр хаслаа
Допинг хэрэглэсэн асуудалтай холбогдуулан ОХУ-ын хөнгөн атлетикийн баг тамирчдын олимпын наадам зэрэг олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь түр хугацаагаар хориглосон байна.
Допинг хэрэглэх асуудлыг ОХУ дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэсэн тухай Дэлхийн допингийн эсрэг агентлагийн бие даасан зөвлөл мэдээлсний дараа Олон улсын хөнгөн атлетикийн холбоо ийм шийдвэрт хүрчээ.
ОХУ-ын олон улсын тэмцээнд оролцох эрхийг түр хасах эсэх тухай санал хураалт явуулж, зөвлөлийн гишүүдийн 22 нь дэмжиж, нэг нь эсэргүүцсэн байна.
Энэ асуудал бид бүгдэд сануулга болж байна гэж Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Лорд Кое мэдэгдэв.
Мөн тэрбээр, “энэ их ичгүүртэй асуудал юм. Шаардлагатай өөрчлөлтийг хийхэд анхаарлаа хандуулж байна. Ийм хатуу сургамжаас суралцах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
ОХУ-ын хөнгөн атлетикийн баг тамирчдад хориг арга хэмжээ авснаар тэдний олон улсын тэмцээнд оролцох эрх, тэр дундаа, ирэх жил Бразилын Рио-де-Жанейро хотод болох олимпын наадамд оролцохыг нь хориглож байна. Мөн ОХУ-ын хөнгөн атлетикийн холбооны олон улсын тэмцээн зохион байгуулах эрхийг нь хасжээ.
Д.Нямтулга
http://montsame.mn/
URL: