Жил бүрийн улсын төсвийг данхайлгаж баталдаг уламжлал тогтох нь
Өнөөдрийн Монгол улсын эдийн засгийн байдал маш ээдрээтэй үе дээрээ явж байна. Ирэх онд хямрал улам эрчээ авч, иргэдийн амьдрал улам доройтоно гэж эдийн засагчид үзэж байгаа. Харин УИХ-ын гишүүд, Засгийн газрын тэргүүн нь үүнийг огт анзааралгүй, өр зээлийг нэмэгдүүлж, үргүй зардал их хэмжээгээр гаргасаар байна. Судалгаагаар Монгол улсын нэг иргэн энэ онд 13 сая төгрөгийн өртэй байсан бол ирэх онд дээрх тоо нэмэгдэнэ гэжээ. Энэ бол Монголын улсын гадаад өр.
Энэ бүгдийг Ерөнхий сайдад сануулж хэлэхэд, хэдэн төгрөг зардаг, хэдэн төгрөг олох гэдгээ ч мэдэгүй сууж байсан удаатай. Өнөөдөр ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Төсвийн төсөөллийг өмнөх 2-3 жилд хэт өөдрөгөөр хийснээр дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас орлого тасрах үндсэн нөхцөл болж байсан. Энэ алдаагаа ойлгож, 2015 оны төсвийг бодитойгоор хийх гэж оролдсон хэмээн төсөл боловсруулагчид тухайн үед ярьж байв. Гэтэл бас л түүхий, тооцоо судалгаа муутай хийснээс үүдэж, энэ оны наймдугаар сарын байдлаар улсын төсөв 700 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байгаа юм. Ганцхан жишээ татахад, өмч хувьчлалаас 163 тэрбум төгрөг олно хэмээн төсөвлөсөн ч эндээс нэг ч төгрөг төвлөрүүлээгүй байх юм.
Тэгвэл ирэх оны төсвийн орлогыг 6.9 их наяд төгрөгөөр тооцжээ. Орлогыг нэлээд бодит хэмжээнд бууруулж оруулж ирсэн гэж үзэж байгаагаа Сангийн сайд мэдэгдсэн байна билээ. Харин үүнийг УИХ хэлэлцэхдээ хэрхэн нэмэхийг хэлж мэдэхгүй байна. Учир нь, сонгуулийн жилийн өмнө батлагдсан төсөв оруулж ирсэн төслөөсөө 40-50 хувиар нэмэгдэж батлагддаг жишиг тогтжээ.
Жил бүрийн улсын төсвийг данхайлгаж баталж ирснээс намар нь тодотгол хийдэг бичигдээгүй дүрэм тогтоод буй. Энэ талаар Сангийн сайд Б.Болор “Монгол Улсын төсөв сүүлийн 6-7 жил байнга нэмэгдэж, данхайж ирсэн. Дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдалтай төсөв батлахаар бидэнд ямар асуудал тулгардаг вэ гэхээр төсвийнхөө алдагдлыг бонд гаргаж нөхдөг. Энэ хэмжээгээрээ маш их буюу их наядаар хэмжигдэх хөрөнгийг манай төсөв “идсэн” байна. Цаашид ингэж явбал, эдийн засаг улам хүндэрнэ. Тэгэхээр бид төсвийг эрүүлжүүлэх шаардлагатай. Төсөв энэ хөрөнгийг “идээд” байна гэдэг чинь хувийн хэвшил рүү орох мөнгө багасаад байна гэсэн үг. Тэр хэрээр хувийн хэвшилдээ нөлөөлдөг” хэмээсэн.
Хэрэв Засгийн газраас алдагдалтай төсөв оруулж ирвэл түүнийг засах, танах эрх УИХ-д бий. Тэд танах бус данхайлгах тал руу хэлбийж ирснийг өнгөрсөн хугацаанд баталсан улсын төсвүүд харуулдаг. Иймд гүйцэтгэх засаглалын “тийм хэмжээний мөнгө олно, төдий хэмжээний зарлага гаргана” гэсэн ерөнхий прогноз нь алдагдчихаад байгаа учир төсвийн алдагдал нэг их наяд гаруй төгрөг болох нь хэвийн үзэгдэл мэт болчихоод байна. Нэгэнт “хөөсөрсөн” төсөв баталчихаж байгаа юм чинь гүйцэтгэх засаглал төдий хэмжээний орлогыг төвлөрүүлэх аргагүй билээ.
Г.Төмөр
URL: