МҮХАҮТ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Төрийн өндөр дээд шагналыг анх удаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгож байгаагаараа онцлог юм.
1960 онд Гадаад худалдааны яам дэргэдээ гурван хүний бүрэлдэхүүнтэй худалдаа аж үйлдвэрийн танхимыг анх байгуулж байсан түүхтэй. Харин өнөөдөр тус танхим 3000 гаруй аж ахуй нэгжийг багтаасан, 21 аймагт салбар танхимтай хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд тэргүүлэгч байгууллага болж чадсныг ахмадууд хэлж байна.
Өнгөрсөн хугацаанд худалдаа аж үйлдвэрийн танхим төр хувийн хэвшлийг холбосон гүүр байж, мөн олон улсын төвшинд монголын бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд, жижиг дундынхныг таниулахад голлох үүрэгтэй оролцож ирсэн. Тийм ч учраас МҮХАҮТ төрийн өндөр дээд энэ шагналыг 55 жилийн үйл ажиллагаанд нь дүн тавьж, цаашид улам ихийг хийх ташуур болгон хүлээн авч байгаагаа илэрхийлсэн.
Зөвхөн дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс гадна олон улсын байгууллагууд ч төсөл хөтөлбөрөө худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулан хэрэгжүүлдэг. Монголын бизнес эрхлэгчдийг нэгтгэн зангидаж, гадны хөрөнгө оруулагчдад нэг цонхоор харах боломжийг бүрдүүлж ирснийг олон улсын байгууллагынхан хэлж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банк гэхэд хөдөө орон нутаг дахь салбар танхимуудаар дамжуулан 230 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлсэн байдаг. Энэ бол МҮХАҮТ-иар дамжуулан монголын бизнес эрхлэгчдэд олгосон олон боломжуудын нэг нь юм.
Монгол улсын хөгжил дэвшлийг түүчээлэх тэргүүлэх чиглэл бол яах аргагүй, аж үйлдвэр, бизнесийн салбарын үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс энэ бол монголын бизнес эрхлэгчдэд төрөөс үзүүлж байгаа итгэлийн илэрхийлэл гэдгийг МҮХАҮТ-ын гишүүд хэлж байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.
URL: