Оросын тамирчин Монголын нэрийн өмнөөс Олимпод оролцох хүсэлтэй байна

ОХУ-ын аваргын алтан медалийг хоёр ч удаа хүртсэнээс гадна улсын чанартай хэд хэдэн дээд амжилтын эзэн, пара усан сэлэлтийн тамирчин Михаил Асташов ирэх жил болох Рио-дэ-Жанэйрогийн Олимпод Монголын нэрийн өмнөөс оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Буриадын Улаан-Үдэд төрсөн, өдгөө 26 настай М.Асташов төрөлхийн хөл гаргүй бөгөөд усан спортоор хичээллэсэн ердөө хоёр дахь жилдээ буюу 2013 онд шууд улсынхаа аваргад оролцсон байна.

Эхний жил медальгүй хоцорсон боловч 2014 онд ОХУ-ын АШТ-д түрүүлэн хоёр ч төрөлд алтан медаль хүртсэн төдийгүй улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн үүнээс хойш улсын чанартай хэд хэдэн тэмцээнд тасархай түрүүлэхийн сацуу дээд амжилтуудыг ч дахин шинэчилсэн гэнэ.

Гэвч улсын шигшээ багийн удирдлага болон дасгалжуулагч нь түүнийг хавчин гадуурхаж, гадаадын тэмцээнд оруулахгүй байснаас Олимпод оролцох эрхгүй болоход хүрээд байгаа аж. “Москва муж, Омск, Крым зэрэг хэд хэдэн газраас санал ирсэн боловч бид одоохондоо хүлээж аваагүй байна.

Хэрвээ энэ хэвээрээ хавчин гадуурхсаар улсын шигшээ багт авахгүй гэдэг нь тодорхой болбол бид хөрш Монгол улсад санал тавьж, тэдний пара шигшээ багт багтан Олимпод хүч үзэх бодолтой байна” хэмээн түүний дасгалжуулагч Николай Тетерин Буриадын “Номер Один” сонинд ярьжээ.

 Б.Бат

Эх сурвалж: tonshuul.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 November 2015

Wow yagad bolohgui gej

Сэтгэгдэл бичих