61 насандаа олимпод аваргалж, 73-тайдаа мөнгөн медаль хүртсэн тамирчны түүх
Шведийн домогт тамирчин Оскар Гомер Сван 1847 оны аравдугаар сарын 20-ны өдөр Гётебург-Бохус мужийн Шербу хотод төржээ. Олимпийн наадамд гурван удаа оролцохдоо мөнгө, 3 алт, хошой хүрэл медаль хүртсэн, түүний хүү Альфред Сван мөн олимпийн гурван удаагийн аварга болж байжээ.
Өнөө үеийн Норвегийн гарамгай цанын буухиач Уле-Эйнар Бьорндален “Сочи-2014” олимпийн наадмаас 40 настайдаа алтан медаль хүртэхэд олон сая хөгжөөн дэмжигчид нь уухайлан баяр хүргэж байлаа. Шведийн тамирчин Карс-Август Кронлунд 1924 онд Франц улсын Шамони тосгонд болсон Өвлийн анхны олимпийн наадмаас кёрлингийн төрөлд 59 настайдаа мөнгөн медаль авч байжээ. Гэтэл олимпийн наадмын түүх илүү баялаг ажээ.
О.Сван олимпийн анхны медалиа 1908 онд Англи улсын Лондон хотод болсон Зуны олимпийн наадмаас 61 настайдаа авч сүүлийн 6 дахь медаль болох мөнгөн медалиа 1920 онд Бельги улсын Антверпен хотод болсон Зуны олимпийн наадмаас 73 настайдаа авсан дээд амжилт нь хэзээ ч эвдэгдэхгүй, мөнхийн байна биз ээ.
Орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен дөнгөж төрж байхад 15 настай О.Сван эцгийнхээ хамт ан хийж явжээ. Шербу тосгонд Сваны гэр бүл хэдэн үеэрээ ан хийж амь зуулгаа залгуулдаг байсан учир Оскар хүү хар багаасаа анд явж мэргэн буудаж сурч байхдаа спортын тухай огт боддоггүй байжээ. Түүнийг 1897 онд 50 настай байхад буудлагын спортын анхны ДАШТ болж байжээ.
11 жилийн дараа Швед улс нь 1908 онд Лондон хотод болох Зуны наадамд оролцох болж тэр үед Сваны мэргэн анчдын гэр бүлийг санаж эцэг, хүү хоёрыг урьж сорилго тэмцээнд оролцуулж түрүүлэхэд нь олимпийн наадамд явуулжээ.
Хар пальто, хар бүрх малгай өмссөн, урт өтгөн сахалтай, нас тогтсон швед эрийг буудлагын талбайд гарч ирэхэд өрсөлдөгчид нь төдийгүй үзэгчид хөхрөлдөж байжээ. Тэгтэл туршлагатай анчин хөдөлж байгаа “гүйж байгаа буга” байнд сум бүрээ шигтгэж ганцаарчилсан төрөлд олимпийн дээд амжилт тогтоож алтан медаль хүртжээ. Дараа нь хүү нь багтсан шведийн дөрвөлийн бүрэлдэхүүнд багтан багийн алтан медаль бас авчээ. “Гүйж байгаа буга” байны 100 м-ийн ганцаарчилсан, хоёрлосон буудалтын төрөлд авсан хүрэл медалиа “голж” үзэгчдийн нэгэнд өгч байжээ.
О.Сваныг 61 настайдаа Олимпийн наадмаас хошой алтан медаль хүртэж байхад нь Ирландын буудагч Жошуа Миллнер буудлагын бас нэг төрөлд түрүүлэхдээ түүнээс хэдэн сараар ах байжээ. Гэвч О.Сван дөрвөн жилийн дараа “гүйж байгаа буга” байны 100 м-ийн дөрвөлийн багийн буудалтын төрөлд алтан медаль хүртэж, 65 настайдаа хамгийн өндөр настайдаа аварга болсон олимпийн дээд амжилт тогтоожээ.
Түүний хүү Альфред Сван өвөө, эцгийнхээ уламжлалыг үргэлжлүүлж мэргэн анчин болж 1912 онд эх орондоо болсон олимпийн наадмын хошой аварга болж байжээ. Мэргэн буудагчдын гэр бүл дараагийн олимпийн наадамд оролцохоор бэлтгэж байсан ч Дэлхийн нэгдүгээр дайн гарч 1916 онд олимпийн наадам болсонгүй өнгөрчээ.
1920 онд Голланд улсын Антверпен хотод болсон Зуны олимпийн наадамд Сваных гэр бүлээрээ оролцож О.Оскар 73 настайдаа хүүгийнхээ хамт “гүйж байгаа буга” байн 100 м-ийн багийн хоёрлосон буудалтын төрөлд мөнгөн медаль авч олимпийн наадамд хамгийн өндөр настайдаа медаль хүрсэн дээд амжилт тогтоожээ. Энэ дээд амжилт мөнхийнх байх. Мөнгөн медалиа бас “голж” тааралдсан нэгэн үзэгчид бас бэлэг болгон өгчээ.
Харин хүү нь гурван хүрэл медаль авч хүртсэн медалийн тоогоор эцгийнхээ амжилтыг давж гарчээ.
Оскар Сван 1924 оны Зуны олимпийн наадамд оролцох хүсэл тэмүүлэл дүүрэн байсан ч биеийн байдлаас болж оролцож чадаагүй байна. Гэхдээ хүү нь мөнгө, хошой хүрэл медальд хүрчээ. О.Сван хүүгийн хамт олимпийн наадмаас нийтдээ 15 медаль хүртэж гэр бүлээрээ олимпийн наадмаас хамгийн олон медаль авсан дээд амжилтыг мөн тогтоожээ.
Зуны олимпийн наадам
- 1908 он. Англи, Лондон хот “гүйж байгаа буга” байн ганцаарчилсан буудалт, алт
- 1908 он. Англи, Лондон хот “гүйж байгаа буга” байн 100 м-ийн дөрвөлийн багийн буудалт, алт
- 1908 он. Англи, Лондон хот “гүйж байгаа буга” байн 100 м-ийн ганцаарчилсан хоёрлосон буудалт, хүрэл
- 1912 он. Швед, Стокгольм хот “гүйж байгаа буга” байн 100 м-ийн дөрвөлийн багийн буудалт, алт
- 1912 он. Швед, Стокгольм хот “гүйж байгаа буга” байн 100 м-ийн ганцаарчилсан хоёрлосон буудалт, хүрэл
- 1920 он. Бельги, Антверпен хот “гүйж байгаа буга” байн 100 м-ийн багийн хоёрлосон буудалт, мөнгө Олимпийн 3 удаагийн аварга О.Сваны 61 настайдаа олимпийн аварга болж 73 настайдаа мөнгөн медаль хүртсэн дээд амжилт мөнхийнх байх.
МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО
URL: