500 мянган га газрыг зарсан гэх мэдээллийн мөрөөр…
Дөрвөн зүг найман зовхист нүд алдам тал үргэлжилнэ. Яндаж болохгүй далай шиг, яасан уудам нутагт вэ гэж дуун дээр гардаг шиг зүүн хязгаар Дорнодын тал өөдөөс мэлтийнэ. Зах хязгаар нь хаана дуусах нь үл мэдэгдэх алдарт Мэнэнгийн тал одоохондоо амар амгалан оршино. Харин ард иргэд нь тайван бус байх.
Хараа булаам тал нутагт хааяахан цагаан зээр машины урдуур хурдлахаас өөр амьд амьтны бараа үл харагдана. Гэхдээ энэ “үзэгдэл” Петро Чайна Дачин Тамсаг компанийн газрын тосны хайгуулын талбай хүртэл үргэлжилнэ. Тэнд байдал тэс өөр. Газрын тос ачсан машины тоос манантаж, ойр орчмын зам байтугай урдаа явж буй машинаа ч харахгүй байх жишээтэй.
Наран хамгийн түрүүлж манддаг энэ нутагт өнгөрсөн хавар ой, хээрийн түймэр гарснаас түймэрт өртсөн бэлчээрийн талбай сүүдэртэж харагдана. Дорнод аймгийн Халхгол сум 2.809.000 га нутаг дэвсгэртэй, засаг захиргааны гурван багтай, баруун талаараа Матад сумтай, хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа БНХАУ-ын Хянган, өмнөд талаараа БНХАУ-ын Шилийн гол аймагтай хиллэдэг. Тус суманд Халх, Буриад, Өөлд, Дүрвэд, Казак, Барга, Торгууд, Цахар, дархад зэрэг олон ястан, үндэстний 123 овог амьдардаг юм байна.
Үүнийг дурьдасны учир нь Дорнод аймагт хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоолыг УИХ өнгөрсөн долдугаар 9-нд баталсан билээ. Тогтоол баталснаас хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч буй ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, уг асуудлыг дагасан улс төржилт хэрээс хэтэрч байгаа учир тэнд байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжлахаар Халхгол сумыг зорилоо.
-30 мянган га газар эзэмшүүлэх тогтоол-
Халхгол сумын иргэд хилэнтэй байна. Эцэг өвгөдийн амиараа дэнчин тавьж байж олж авсан газар нутгийг харийнханд зарж үрэн таран хийх гэж байна гэж тэд бухимдацгаах. Харин уг тогтоолын төслийг санаачлан батлуулагчид татварын тааламжтай орчинд чөлөөт бүсийн үйл ажиллагаа явуулж, газар нутгаа уул уурхайд сүйдүүлэхгүйгээр авч үлдэж чадна хэмээн тайлбарлах.
Халхголчууд үүнд итгэл муутай байна. Улс эх орондоо ямар ч ашиггүй, гадныханд 500 мянган га газар нутгаа алдах нь хэмээн халаглаж, Замын-Үүд шиг л болно хэмээж байсан. Учир нь, чөлөөт бүс байгуулаад сайхан болдог бол Замын-Үүд сайхан болох байлаа. “Улаан элс нь хэвээрээ, ард түмэн нь шороотой хоол унд хийсэн, ядарсан улс байна лээ. 75 дугаар тогтоолыг цуцалж өг” хэмээн Халхгол сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2008-2012 онд ажиллаж байсан тус сумын I багийн иргэн Д.Эрдэнэсайхан хэлсэн.БНСУ-ын “Хансолмо” гэх компанид 30 мянган га газрыг эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн гэх үндэслэлээр АТГ-т Халхгол сумын ИТХ-ын тэргүүлэгч асан Ц.Насанхүү шалгагдаж байгаа. Түүнээс энэ талаар тодруулахад “Би 2008-2012 онд Халхгол сумын ИТХ-д ажилласан. 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хансолмо” гэх компанид сумын ИТХ-ын шийдвэрийн дагуу 17 тоот тогтоолоор 30 мянган га газар эзэмшүүлэхээр тогтоол гаргаж өгсөн нь үнэн. Зориулалт нь эрчимжсэн мал аж ахуй эрхлэх байсан. Гэхдээ би ИТХ-д шинээр орсон байсан юм. Тиймээс аймгийн ИТХ-д хүсэлт гаргаж, хийсэн ажилд маань үнэлэлт, дүгнэлт гаргаж өгөөч гэж урьсан.Энэ дагуу 2009 оны аравдугаар сард аймгийн төвөөс шалган туслах групп ирж, бидний ажилтай танилцаж, сумын ИТХ-ын 17 дугаар тогтоолыг хүчингүй юм байна гэж үзсэн. Учир нь, 30 мянган га газар сумын газар зохион байгуулалтын 2009 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Тиймээс үүнийг хүчингүй болго гэсэн. Ингээд 2009 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хүчингүй болгосон” гэлээ.
“Хансолмо” компани нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй аж. Учир нь, 30 мянган га газар олгосон шийдвэрээ цуцалсан учраас гадаадын хүн ирж ажиллаагүй гэх. Харин дотоодын бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зорилгоор дотоодын иргэн аж ахуйн нэгжид тав орчим мянган га газар эзэмшүүлж байгаа юм байна.
-200 мянга яагаад 500 мянган га болов-Яагаад заавал 500 мянган га газар нутаг гэж хэмээн нутгийн иргэд ам уралдан асууж, гайхахын завсар байна. Петро Чайна Дачин Тамсаг буцааж өгсөн талбайгаа дахин ашиглая гэх хүсэлт тавьсан учир ашигт малтмалын лиценз зарлагдахаар болоод байсан юм байна. Тусгай зөвшөөрөл тус талбайд зарлуулахгүйн тулд Хүнс хөдөө аж ахуйн яам уг газрыг тусгай хэрэгцээнд авах шаардлагатай гэж үзжээ. Газрын тосны XXII талбай 783 мянган га газар нутгийг хамарч буй аж. Үүнээс 300 мянгыг нь чөлөөт бүс байгуулахаар оруулжээ.
БНСУ-ын Засгийн газраас 2009 онд Халх гол сумын 200 мянга га газарт төсөл хэрэгжүүлжээ. Үүний 70 мянгыг нь тарилангийн, үлдсэнийг нь бэлчээрийн зориулалтаар ашиглаж чөлөөт бүс байгуулахаар яригдаж байсан байна. Тиймээс эдгээрийг нэгтгээд 500 мянган га гэх тоо гарч ирсэн аж.Халхгол суманд хятадууд малчдын өвөлжөөний өвсийг хадсан, хятад дугаартай хятад жолооч нар Дорнодын талыг хэрэн хэсэж байгаа талаарх мэдээлэл гарах болсон. Бид энэ талаарх сурвалжлагыг дараагийн цувралаараа хөндөх болно.
Үргэлжлэл бий…
С.Батзаяа
eagle.mn
URL: