Интерполоор хайж буй Ч.Ганбат АНУ-ын иргэн болж будилаан тарилаа

Интерполоор хайж буй “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат Америкаас “олджээ”. Тэрбээр Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ нэвтэрсэн болох нь тогтоогдсон байна. Ингэснээр Монголын хилээр гарахдаа л монгол паспорт ашиглаж, цаашаа зөвхөн АНУ-ын паспортоор гарснаас үзэхэд хууль бусаар буюу давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байжээ. Үүнийг хууль ёсны байж магадгүй гээд Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулахаар хүсэлт гаргасан эсэхийг судалж үзэхэд Чулуунхүүгийн Ганбат гэдэг хүн тийм хүсэлт гаргаагүй болох нь ч тогтоогдож. Тэгэхээр түүнд энэ талаар “хууль бус” туслалцаа үзүүлдэг том хүч байдаг бололтой. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнийг Австрали дахь сургуулиас нь ч, оюутны байрнаас нь ч олоогүй тул интерполоор маргаашнаас эхлэн эрэн сурвалжлахаар болсон байна.

Ийнхүү ялангуяа Ч.Ганбатын хувьд АНУ-ын иргэн болсонтой нь холбоотойгоор баривчлан шалгахад хүндрэлтэй болж Б.Хурцын нэгэн адил нутагт нь эргүүлэн авчрахад цаг хугацаа шаардлагатай болох бололтой. Энэ нь цаанаа нэлээд эрх мэдэлтэй, хүчтэй нөлөөллийн дор нарийн зохион байгуулалттай хэрэг болохыг харуулж байна.

Тэдэнд холбогдох гол асуудал бол “Самсунг” компани бөгөөд сонирхолтой нь тус компанийн цахим хуудаст хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн дотор Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын төсөл байгаагүй, зөвхөн Шангри-Ла гэсэн байсан. Гэтэл цагдаагийнхан ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлан шалгаж эхэлснээс хойшхи энэ богино хугацаанд “Самсунг” компанийн вэб хуудасны прожект төсөл гэсэн дэд хуудас дунд уг төмөр замын төслийг “шургуулсан” байна. “Самсунг”-ийн удирдах албаны нэгэн ажилтан энэхүү залилангийн хэрэгт орооцолдсон байх өндөр боломжтой байгаа гэнэ.

Саяхан буюу энэ сарын 4-нд Монгол Улсад айлчилсан БНСУ-ын үндэсний төмөр замуудын сүлжээ KORAIL корпорацийн ерөнхийлөгч хатагтай Чой Ёон Хей Солонгос улсын нэр хүндийг Ази тивд унагааж буй энэ үйл ажиллагааг шалгуулна гэдгээ “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарт мэдэгдсэн аж. Тэгэхээр энэ асуудал улам хурцдаж мэдэхээр байна. Үүнтэй холбогдуулан “Самсунг&СТ” болон “Самсунг СТ” гэх нэрсийг тухайн компанийн гэрчилгээг алдаатай бичээд өгчихсөн гэхэд ч итгэмээргүй боловч “хоёр биш нэг л компани, гэхдээ жинхэнэ нь шүү” гэсэн тайлбар өгдөг. Ийнхүү энэ хоёр компанийн жинхэнэ, эсвэл хуурамч байх нь одоо гол биш болж залилангийн гэмт хэргийг шинжтэй үйлдэл болохыг илчлэх баримтууд олдсоор байна.

С.Мөнгөндөл


URL:

Сэтгэгдэл бичих