Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халаасанд байгаа АТГ-ын дарга нарын нэрс тодорч эхэллээ
Ч.Сангарагчаагийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан гэх үндэслэлээр Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэргийн мөрдөн байцаалт дуусжээ. Тиймээс уг хэргийг шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Мөн Ч.Сангарагчаад холбогдох гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин тус газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг тагнаж чагнасан гэх хэргийг хяналт тавьж буй прокурор нь шүүхэд шилжүүлэх даалгавартай Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байна. Тиймээс удахгүй Ч.Сангарагчааг төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан, ажилтнаа тагнаж чагнасан гэх хэргүүдийг шүүх нь тодорхой болов. Төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан нь баримтаар тогтоогдсон, Э.Амарбатыг тагнаж чагнасан нь ч нотлогдсон. Тиймээс Ч.Сангарагчаагийн албан тушаалыг хэрхэх тухай яриа дахиад л саарал ордонд яригдаж байна. Улсын Ерөнхий прокурорын газраас Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг удаа дараа өгсөн ч УИХ хүлээж аваагүй. Тиймээс дахин УИХ-ын Тамгын газарт бичиг хүргүүлэхээр зэхэж байгаа аж. Авилгатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагийн хэрэг шүүхэд шилжих сургаар түүний албан тушаалыг хэнд өгөх бол гэдэг асуудал олон хүний анхаарлыг дахиад л татаж эхэллээ.
Энэ суудалд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүн шүүгч Д.Батсайхан, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Ж.Энхнасан нарын нэр хүчтэй яригдаж байна. Шүүгч Д.Батсайхан Авилгатай тэцэх газрын дарга нарын хэргийг илчлэхэд нилээд идэвхитэй оролцсон, бас Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавтай тун ойр дотно холбоотой байдаг нэгэн. Харин Ж.Энхнасан Ц.Элбэгдоржтой эртнээс найз. Тэрээр 1996 онд Эвслийн засгийн газар байгуулагдахад Тагнуулын Ерөнхий газрын даргын үүрэгт ажилд томилогдож байлаа. Гэвч тагнаж, чагнасан хэрэг мандсны дараахан ажлаа хүлээлгэн өгч байсан юм. Олон жил таг чиг суусан Тагнуулын экс дарга Ж.Энхнасан өнөөдөр Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Гэвч Авилгатай тэмцэх газрын даргын суудалд Ардын намынхан ч анхаарлаа хандуулж байгаа аж. Ардын нам Их хурлаа хийж, хөл толгойгоо олох гэж бужигнаж байх үед Ерөнхийлөгч Ерөнхий шүүгчийг томилсон. Тиймээс засаг барьж суугаа Ардын намынхан Авилгатай тэмцэх газрын даргын суудлыг хэн нэгэнд найр тавьж өгч болохгүй гэсэн хатуу байр суурьтай байна.
URL: