Сураггүй болсон залуу Хөвсгөл нууранд живж, амиа алдсан байжээ
Энэ сарын 5-нд СБД-ийн аравдугаар хорооны иргэн 27 настай, эрэгтэй Л нь өглөөний 06:00 цагт УБМ улсын дугаартай “Тоёота Приус-120” загварын автомашинаа граждаа хийгээд ороод ирье гэж хэлээд гараад сураггүй болжээ.
Үүний дараа ар гэрийнхэн нь гэртээ орж ирэхгүй байхаар нь сандарч, цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийн албан хаагчид тус иргэнийг орон даяар эрэн сурвалжилахад энэ сарын 11-нд 13:00 цагийн үед автомашин нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоноос 35 км-ийн зайд орших Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч О нь олсон байна.
Улмаар дээрх сураггүй болсон иргэнийг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг тус өдрийн 19:03 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Ингээд өчигдөр буюу энэ сарын 12-ны өглөөний 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэнэ.
Нийслэл хотод амьдардаг иргэн яагаад Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг байгаа тул энэ хэрэгт гадны ямар нэгэн нөлөө орсон эсэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж эхэллээ.
Г.Төмөр
URL: