Махны экспортод анхаарах зарим асуудал
Манай зарим эрх мэдэлтэн 2015 онд100 000 тонн мах экспортлох тухай дэвэргэн мэдэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсаны дараа миний бие “Мах экспортлоход бид бэлэн үү” нэртэй асуудал хөндсөн нийтлэл бичиж төвийн зарим сонинд нийтлүүлсэн билээ.
Сүүлийн жилүүдэд жилдээ 2000 тн хүрэхгүй мах экспортод гаргаж байснаа гэнэт 100 000 тн мах экспортолж, олон зуун сая долларын орлого олох гэнэн мэдэгдэл гарсны дараа Хүнс, хөдөө аж ахуйн салбарт олон жил ажиллаж, энэ ажлыг ямар нэг хэмжээгээр төсөөлдгийнхөө хувьд тэр нийтлэлийг бичсэн хэрэг.
Хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн хяналт улам нарийсч байгаа энэ үед махыг экспортод нийлүүлэх талаарх улс орнуудын дээд удирдлагуудын хооронд хийсэн боломжийн тухай яриа хэлэлцээг манай зарим сайд, дарга нар бүт чихсэн юм шиг андуурч байгаа нь энэ талын мэдлэггүй байгаагийн шинж. Хүнс, эмийн зүйлийн эрүүл ахуй, ариун цэврийн хяналт гэдэг бол хүн төрөлхтний эрүүл мэндийн манаа төдийгүй баталгаа нь юм.
Ер нь мах экспортлох асуудал бол алт, зэс гаргахаас хавьгүй илүүтэй чухал бас зөв зүйл мөн. Энэ талаар өмнөх нийтлэлдээ Өмнөд Америкийн жижигхэн Урагвай улсын жишээг татаж илүү ул үндэстэй хандахыг санал болгосон билээ.
Мах экспортлох асуудал бол мал аж ахуйг хөгжүүлэх бодлоготой салшгүй холбоотой. Монгол Улс уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдгээрээ нүүдлийн соёл иргэншлийг хадгалж байгаа дэлхийн бараг л ганц улс. Энэ хосгүй уламжлалаа гээхгүйгээр мал аж ахуйг хөгжүүлэх бодлогодоо зарчмын өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд малын арьс ширийг боловсруулж, эмээл, хазаар, чөдөр, ногт, буйл, бурантаг, гэрийн эсгий, оосор, бүслүүр хийдэг малчин уламж лал бидний нүдэн дээр гээг-дэж байгааг хараагүй хүн ч харж байна.
Социализмын үед мах үйлдвэрлэлийн талаар авч хэрэгжүүлж байсан бодлогын чанартай арга хэмжээний үр дүнд байгуулагдсан мах боловсруулах үйлдвэрүүд одоо музейн үзвэрт тавих юмгүй болтлоо устсан тухай болон тэр үед 35000 тн мах, 35000 тн амьдын жинтэй мал, 64000 адууг хөлөөр нь экспортод гаргаж байсан тухай өмнө нь нийтлэлдээ бичсэн болохоор энэ тухай бичихээ түдгэлзэж, цаашид хэрхэх талаар өөрийн саналаа толилуулъя.
Хөрш орны дээд удирдлагууд манайхаас мах авах талаар мэдэгдэж байгаа ч амьд мал авах сонирхолтой, бас тийм бодлоготой гэдэг нь тодорхой. Дээр үед ч тийм л байсан. Мэдээж амьд малыг тэд авахад, өлөн гэдэс, дотор мах, өөх, арьс шир, яс, эвэр туурай гээд асар их ашиг унана. Социализмын үед Монголоос мал хөлөөр нь авч боловсруулах зорилгоор Улаан-Үдэд томоохон махны үйлдвэр байгуулсан ч Монголд аймгуудын таван тн-ын хүч чадалтай хэдхэн жижиг мах боловсруулах үйлдвэрийг эс тооцвол томоохон махны үйлдвэр/ Улаанбаатар, Дархан, Дорнодын махкомбинат/-т оросууд хөрөнгө оруулаагүй нь бас үнэн бөгөөд энэ нь тэдний тухайн үеийн төрийн бодлого байсан. Одоо ч энэ бодлого хэвээрээ байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Иймд хөршүүдийн манайхаас мах авах төрийн бодлого тодорхой болохоор малыг хөлөөр гаргахаас эрс татгалзаж, махыг дэлхийн зах зээлд гаргах бодлогын чанартай арга хэмжээг ажил хэрэг болгохын тулд мал аж ахуйгаасаа эхэлж бодлогоо цэгцлэх шаардлага тулгарна. Юуны түрүүнд шүлхий, бур цел лёз, боом зэрэг малын халд варт өвчний голомтыг устгах шаардлагатай. Энэ чиглэлээр дэлхийн мал эмнэлгийн байгууллага, хөгжингүй орнуудын зээл, тусламжийг авахыг хичээх хэрэгтэй.
Бэлчээрийн мал аж ахуйд таваар лаг малын өсөлтийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаармаар байна. Гадаад зах зээлд үхрийн махыг илүү сонирхдог ч манайх 3,0 сая орчим үхэртэй, дотоодын хэрэгцээнээсээ төдийлөн илүү гарахгүй байх төлөвтэй. Иймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг төрөөс онцгойлон дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлмээр байна. Махны чиглэлийн үхэр, үржил сайтай, өндөр ашиг шимтэй хонины аж ахуйг хөгжүүлэх бодлого баримтлахын зэрэгцээ сүү- махны чиглэлийн хосолмол ашиг шимтэй үхрийн аж ахуйг хөгжүүлэхийг ч эрхэм болговол зохино. Ингэхдээ тэжээлийн үйлдвэрлэлийг хамтад бодолцох нь чухал. Мартсанаас нөгөө УИХ-ын даргын санаачилгаар авчирсан их сүүтэй ямаа маань яаж дасан зохицож байгаа бол, үүнийг ч бас бодолцох нь зөв байх. Одоогоор энэ чиглэлээр ажиллаж байгаа компани “Гачуурт” ХХК-ийг эс тооцвол бараг байхгүй байна. Байдал ийм байгаа болохоор энэ чиглэлийн аж ахуйг хөгжүүлэхэд төрийн дэмжлэг, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай урамшуулах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
Мал аж ахуйн талаар дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн техник технологи бүхий мах боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах талаар дэс дараатай арга хэмжээ авч ажил хэрэг болгууштай. Магадгүй мах боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүү-лэхдээ мал нядалгааны газрыг мах ангилан шулж савлах, өлөн гэдэс, яс боловсруулах зэрэг боловсруулах чиглэлийн жижиг дунд үйлдвэрүүдээс тусад нь байгуулсан ч болохгүй гэх газаргүй. Энэ бол тухайн хөрөнгө оруулагчдын асуудал юм.
Лав л одоогийн мал нядалгааны энэ жижиг газрууд гадаадын улс орнуудын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мах экспортлох эрх авсан гээд байгаа мал нядалгааны газрууд техник технологи, эрүүл ахуй, ариун цэврийн орчноо орчин үеийн дэлхийн зах зээлийн шаардлагад нийцүүлэхэд чиглэсэн дэс дараатай арга хэмжээ авч, энэ талаар хөрөнгө оруулах сонирхолтой гадаа-дын хамтрагч нартайгаа яриа хэлэлцээ хийж, түүнийгээ бодит ажил болгоход анхаараасай.
Энэ онд 100 000 биш 3000 орчим тонн мах экспортод гаргах чимээ саяхнаас сонсогдох болж, бодит хөрсөн дээрээ буусан байна лээ. Махыг экспортод гаргахад гадаад зах зээлээс тавьж байгаа, махыг ангилан шулах стандарт, сав баглаа боодлын асуудлыг хамтад нь шийдвэл зохино. Мах боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад өлөн гэдэс, дотор мах, яс, тос боловсруулах, савангийн жижиг дунд үйлдвэрүүдийг зэрэгцүүлэн байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг ч дэмжвэл зохино.
Мах боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах, хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжихэд анхаарах хэрэгтэй байна. Малыг үйлдвэрийн аргаар няд-лах, мах боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, мэргэшсэн ажилчдыг богино хугацаанд бэлтгэх ажлыг одооноос зохион байгуулах хэрэгтэй. Хорин жилийн өмнө ажиллаж байсан мэргэжилтэй ажилчин, инженерүүд аль хэдийнэ тэтгэвэртээ суусан. Нэгж малаас авах махны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор махны үйлдвэрүүдийн түшиц мал бордох аж ахуйг тэжээлийнх нь үйлдвэрлэлтэй хамт хурдацтай хөгжүүлэх ажлыг өнөөдрөөс эхлүүлэх хэрэгтэй юм.
Эрчимжсэн мал аж ахуйн нэгжүүдэд ажиллах мал эмнэлэг, үржлийн болон инженер техникийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэхэд одооноос эхлэн анхаарч, их, дээд сургууль, МСҮТ-ийн элсэлтэд эдгээр мэргэжлийн чиглэлээр элсэлт авч эхлэх нь зүйтэй.
Ц.Товуусүрэн
/Хүнсний үйлдвэрийн ахмад инженер/
URL: