Г.Мэнд-Амар: Шинэ дуу бүтээнэ гэдэг шинэ орчин, шинэ амьдралыг хүнд бэлэглэдэг

Камертон хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан энэ сарын 20-нд “18 нас” тоглолтоо хийхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор тус хамтлагийн гишүүн дуучин Г.Мэнд-Амартай ярилцлаа.

-Дашбалбар найрагчийн наадмын нээлтэн дээр хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж дуулсан. 15 жилийн ойгоо нүргээнтэйхэн тэмдэглэснээс хойш хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр дуулж байхыг харах үзэгчдэд их сайхан байсан болов уу?

-Юуны өмнө ярилцлага маань уншигчдад хүрэх өдрийн мэнд хүргэе. Биднийг ойгоо тэмдэглэх хүртэл үзэгчид тарчихсан гэж ойлгож байсан. Түүнээс хойш дахиад таван жил өнгөрчээ. Мөн л энэ хугацаанд хамтлагийн гишүүд тус тусдаа ажил үүргээ явуулж, гэр бүлдээ цаг зав гаргах гээд завгүй явсан даа.

Харин саяхан Дашбалбар найрагчийн охин Индрагийн хүсэлтээр “Тусгаар тогтнолын ордон”-ы тайзан дээр дууллаа. Сэтгэгдэл маш сайхан байсан. Одоо удахгүй хамтлагийн 20 жилийн ойдоо зориулсан тоглолтоо хийх гээд бэлтгэл ажлаа хийгээд зав муутай л байна даа.

-Энэхүү тоглолт маань өмнөхөөсөө эрс онцгой болно гэж сонсогчид бодож байгаа. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юу?

-Бид зүгээр л нэг хит дуунуудаа дуулаад өнгөрдөг тоглолт хийхийг бодохгүй байгаа. Тиймээс “18 нас” шоу тоглолт гэж зарласан. Зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшинд болно. Энэ сарын 20-нд “Crocus Event Hall”-д фэнүүдтэйгээ уулзахаар болсон.

1995 оноос хойш үнэнч сонсогчдын сэтгэлд зүрхэнд хүрч одоо болтол хүмүүсийн сонссоор байгаа тэр хит дуунууд амьд хөгжимтэй хамт эгшиглэх болно. Тоглолтын хувьд гэвэл бид хамгийн сүүлд “Мартагдашгүй” тоглолтод оролцож ая дуугаа өргөснийг уншигчид мэдэх биз ээ.Харин Эба маань хувийнхаа бизнесийн ажлаар явж байгаад нийслэл рүү ирэх онгоцноосоо хоцорсон учир манай хамтлагийн гурван гишүүн тайзан дээр гарсан.

Харин одоо бол өөрсдийн тоглолтон дээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ байх болно. Хамгийн гол жинхэнэ сонгодог дуугаралттай амьд хөгжим дээр дуулах болохоор хүмүүст таалагдах байх. Мөн байдаг л хэвийн зүйлээс тэс ондоо бэлэгнүүдийг тоглолтынхоо дундуур үзэгчиддээ барих болно.

-Таны хувьд долоон нас ч хүрээгүй байхдаа урлагийн сургуульд орж, сонгодог урлагаар амьсгалсан гэдэг байх аа?

-Тиймээ. Олон сайхан багш нараар хичээл заалгаж, сонгодог урлагаар амьсгалж өссөн дөө. Манай хамтлагийн бусад гишүүд ч гэсэн харьцангуй багаасаа урлагийн тогоонд чанагдсан. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж өвөг дээдсийн минь ярьдаг хамгийн үнэн үг санагддаг.

Сэтгэл зүрхнээсээ ойлгодог, хамгийн сайн хийж чадах, түүнээсээ маш их баяр хөөр авч, амьдралд байдаг аз жаргалын амтыг мэдэрдэг зүйл маань бол энэ дуу хөгжим.

-Бусдад хамгийн их таашаал өгч, сэтгэлийг нь хөглөсөн дуу жинхэнэ уран бүтээл байдаг гэж хүмүүс ярьдаг. Үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Мэдээж хүний сэтгэлийг хөндсөн, уйлуулдаг, эсвэл гэнэтийн их баяр хөөр өгдөг тийм л бүтээлүүд зуун зуун дамжин эгшиглэдэг. Дуу өөрөө ч бас хүнийг ухааруулах, сурган хүмүүжүүлэх, үлгэр дууриалал үзүүлэх үүрэгтэй. Ганцхан дуугаар л нийгмийн сэтгэхүйг өөрчилж болдог шүү дээ.

Ардчилсан хувьсгал хийхэд “Хонхны дуу” гарч хүмүүс нэгэн зорилго дор нэгдэж байсан. Гэхдээ энэ бол жинхэнэ уран бүтээл гэхэд хэцүү. Тиймээс хүний зүрхэнд хамгийн их хүрсэн, таашаал өгсөн бүтээлүүд л жинхэнэ уран бүтээл байдаг гэдэгтэй санал нэгддэг.

Бид нар одоо 18-тай залуус биш. Бүгд өрхийн тэргүүн болцгоосон, тус тусдаа гэр бүл, үр хүүхэдтэй. Дээр нь 30 гарчихлаа. Тэгэхээр одооноос л хийж бүтээх нас минь эхэлж байгаа. Орын үед нэг юм дотрыг минь гижигдээд, нэг зүйлд маш их хүсч тэмүүлэх болоод байгаа.

-Тэр нь юу юм бол. Магадгүй шинэ дуу хийх сэдэл үү?

-Ер нь бол тийм. Ойрд шинэ сайхан цомгууд хийхийг хүсч мөрөөдөх боллоо. Нийгэмдээ бид материаллаг ч юм уу ямар нэг баялаг бүтээх үүрэгтэй хүмүүс. Зүгээр л эцэг хүний ёсоор бодоход бид үр хүүхэддээ бага ч болтугай өв хөрөнгө үлдээх ёстой.

Иймээс хамтлагийн гишүүд өөр өөрсдийн бизнесийн салбарт хүч үзэж байгаа. Тиймдээ бидний уран бүтээлдээ зарцуулах цаг зав маань багасаад ирж байгаа юм.

Өмнө нь жилдээ хоёр юмуу гурван цомог нэг дор гаргаж, 10 клип, видео хийж сонсогчиддоо хүргэдэг байсан маань эрс цөөрсөн нь үнэн. Гэвч бид цаг хугацааг хэрэггүй зүйлд зарцуулаагүй. Харин ойрын өдрүүдэд л уран бүтээлдээ илүү анхаарахыг хичээж байгаа.

-Цомог гэснээс таны хамгийн сүүлд гаргасан “Ми аморе” цомгийн борлуулалт хэр байна даа?

-Борлуулалт сайн байгаа шүү. Би энэ цомогтоо сэтгэл дүүрэн байдаг. Хүмүүс дуунуудыг маань сонссоор л байгаа. Одоо бараг зарагдаад дуусч байгаа болов уу. Гэхдээ цомгийн борлуулалт, мөнгөн дүнгээс илүүтэйгээр хүмүүс цомгийг маань авч сонсож байна гэдэг илүү их тайвшрал, баяр хөөр, цаашдаа өшөө илүү уран бүтээл хийх боломжийг бүрдүүлж өгдөг.

-Энэхүү цомгийг хийхэд олон хүн хамтарч ажилласан болов уу?

-Тэгэлгүй яахав. Их олон хүн бие сэтгэлээ зориулж, үзэл бодлоо хуваалцан хамтарч ажилласан. Хөгжмийн найруулга дээр Баярхүү, “Стар” студийн продюсер Гантөр ах, ая зохиогч Тайванбат, Quiza, “Никитон” хамтлагийн ахлагч Бачка ах нартай хамтарч ажилласан.

Би энэ цомогт орсон дуунууддаа хайртай. Учир нь энэ олон хүмүүсийн зүрх сэтгэл, эв нэгдлийн халуун дулаан уур амьсгал шингэсэн. Бүгд л “За Мэдээгээ тасархай цомогтой болгоно оо” гээд л инээлдэж суусан даа. Тэгээд л бүгд гар бие оролцон хийж эхэлсэн.

-Цомгоо гарчихаад сууж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Шинэ зүйл бүтээсэн хүн баяр­лалгүй яахав. Гэхдээ гаднаа маш тайван байдаг. Анхны цомгоо гаргаад л их хөөрч байсан. Одоо ч гэсэн хүүхэдтэй болсон шигээ л баярладаг. Хүнд нэг зүйлд дасаад ирэхээрээ түүнээс уйддаг гэж ярь­даг даа. Надад тийм зүйл огт бодог­дож байгаагүй.

Дуу хийнэ, шинэ дуу бүтээнэ гэдэг өөрөө шинэ орчин, шинэ амьдралыг хүнд бэлэг­лэдэг болохоор тэр байх. Анх хамтлаг байгуулагдаад “18 нас” тоглолтыг хийж байхад дотор минь багтахааргүй их догдлол хуримт­лагдаж билээ. Яг л түүн шиг мэд­рэм­жийг цомог гаргах бүртээ авдаг.

-Хоёулаа тэгвэл хамтлаг байгуулагдаж байсан үеийг дурсъя. Хамгийн анхны тайз, тоглолтынхоо талаар яриач?

-1995 онд л анх удаа том тайзан дээр гарч билээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын долоон том компани ивээн тэтгэсэн долоон том хамтлагийн тоглолт болсон юм. Биднийг энэ шоунд оролцох боломжийг “Буян” компанийн захирал Жаргалсайхан, тухайн үедээ Улсын филармоний даргаар ажиллаж байсан Ухнаа гуй нар олгож байлаа. Биднийг тус бүрээр нь биечлэн сонсож шоунд оролцуулсан.

Манай хамтлагийнхан тайзны халаалтанд л дуулж байсан даа. Харин анхны тоглолтоо үүнээс нэг жилийн дараа “Соёлын төв өргөөн”-нд хийж байсан. Юу болж байгааг ч мэдэхгүй дуулаад л байж байтал тоглолт маань дуусчихаж билээ. /инээв/ Тоглолт үзсэн хүмүүсийн дийлэнх нь охидууд байсан.

Нэг их нүргэлсэн гоё тоглолт байж билээ. Анх хүн тайзан дээр гарахад айж, багагүй сандардаг даа. Надад бол нэг их айдас төрж байгаагүй л юмдаг.

-Нэг асуулт асуумаар санагдлаа. 1996 он гэхээр өнөөдрийг хүртэл нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Тухайн үед тоглолтын тасалбар хэдэн төгрөгийн үнэтэй байв?

-Нээрэн тухайн үеийг санахаар ч үнэхээр хөгжилтэй байдаг шүү. Тасалбар хэдэн төгрөгөөр зарагдаж байсныг одоо зарим хүмүүст хэлэхэд “пөөх” гэж уулгаа алдаад л “сайхан байж дээ” гэдэг юм. Тухайн үед 500 төгрөгөөр л худалдаалагдаж байлаа шүү дээ. Хамтлаг байгуулагдсаны дараа хамтдаа амьдардаг байлаа. Сингапурт байхдаа ч хамт амьдарч л байлаа.

-Сайн, муу олон ч яриа гарсан хамтлаг өдий хүртэл тарж бутраагүй л байна. Үүнд хамгийн их нөлөөлсөн зүйл нь нөхөрлөл болов уу. Та найз нөхдийн харилцааг юу гэж боддог вэ?

-Бид нарыг нэг хамтлагийн найзууд гэхээсээ илүүтэй өөр өөр айлд өсч, хүмүүжсэн ах дүү нар гэвэл илүү зохиостой. “Камертон” хамтлаг байгуулагдах яриа гараа ч үгүй байхад л бид найзууд байсан. Болдоо бид хоёр нэг анги, Ганаа Эба хоёр маань нэг ангийн сурагчид байсан.

Хөгжмийн хичээл дээр Эба бид хоёр, Ганаа Болдоо хоёр нэг ангид суудаг байсан юм. Тиймээс дөрвүүлээ их ойр дотно нөхөрлөсөн. Одоо ч бараг 28 жил нөхөрлөж байна. Басхүү нөхөрлөлөөс илүү хамтлаг тарж бутралгүйгээр энэ удаан хугацааг туулсан нь урлагтай л холбоотой.

Басхүү бидний зорилго нэг байсан юм. Урлагийн мэргэжил рүү нэг л орсон бол хэзээ буцаж гарч чадахгүй. Орсон хүмүүс гарахыг ч хүсдэггүй байх. Урлаггүйгээр бид өөрсдийнхөө амьдралыг төсөөлөхөд ч хэцүү санагддаг. Энэ л зүйл маш их нөлөөлсөн дөө.

-Ганаа та хоёр мөрий тавьж, жингээ хасахаар өрсөлдөх болсноо цахим хуудсаар зарласан. Үр дүн нь гарсан биз дээ?

-Бид хоёр ч дуу дуулдаг, шинэ дуу хийдэг шигээ зорилгодоо гаргасан уриа шигээ л хүрч чадсан шүү. Ганаа маань 99.4 килограммаас 87 килограмм болсон. Харин би 92.5 килограммаас 77 килограмм болж чадсан. Хүн өөрөө л хичээвэл бодит үр дүн гарна.

Түүнээс биш турах юмсан гээд л суугаад байвал хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл байдагтай яг адилхан. Тиймээс залуус маань өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж, нэг насны анд нөхдөөсөө хэзээ ч битгий урваасай гэж бодож байна. Хүмүүсийн итгэлцэл найзуудын дулаан инээмсэглэл, хөгжилтэй явдлуудаас эхэлдэг. Харин бүгд нэг зорилгод нэгдэж чадвал амжилтад хүрдэг.

Б.Алтанхуяг


URL:

Нэр: nnn. Огноо: 12 November 2015

tom ohin ni ih huurhun tsarailag busgui bolnoo.ih uurhun yuma.jaahan biye bariad bainaa da

Сэтгэгдэл бичих