С.Бямбацогт: УИХ-ын дарга дахин хүч түрэх юм бол огцруулах асуудлыг тавина
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авах болсон шалтгаан, үндэслэлийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “УИХ бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн жилийн төсвийг хэлэлцэж байна. Улсын төсөв батална гэдэг нь Үндсэн хуульд заасан УИХ-ын онцгой бүрэн эрх. Ирэх жил Монгол Улс хэдий хэр орлого олох, юунд яаж зарцуулахаа нэгбүрчлэн ярьж шийдэх гэж байна. Айл гэрээр яривал ирэх онд өмсөх хувцас, идэх хоол, унтах орон байртай байх эсэхээ л ярих гэж байгаа. Харамсалтай нь УИХ маань өчигдрөөс авахуулаад хоёр дахь хэлэлцүүлэг дээр маш цөөхөн гишүүнтэй байна. АН-ын бүлгийн гишүүд ирээгүй, нэгнийхээ өмнөөс кноп дарж санал өгч эхэлсэн учраас бид хатуу эсэргүүцсэнээр өчигдөр ажлын бус цагаар буюу шөнө дөлөөр хуралдахыг болиулсан. Гэтэл өнөөдөр чуулган эхлэхэд гишүүдээр санал хэлүүлсэнгүй. Ингэж хүч түрч болохгүй. Улсын ажлыг гацаахгүйн тулд бид чуулганы хоёр дахь хэлэлцүүлэгт оролцохоор тохирсон. Зарчмын шаардлага, саналуудаа тавина. УИХ-ын дарга ийм байдлаар хууль зөрчиж хүч түрж явах гэж оролдох юм бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина, шаардана гэдэгт бид санал нэгдсэн” гэлээ.
Мөн тэрбээр “Улсын төсөв хүндэрсэн, өр 1,6 их наядаар нэмэгдэж байна. Монгол Улс Грекээс ч дутахгүй өрийн дарамтад орсон. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд өр зээлийн асуудалд санаа зовсон гишүүдийн асуултад “Монгол Улсын өрөнд та нар юу гэж санаа зовдог юм, зээл өгсөн Хятадын Ардын банк санаа зовохгүй байхад та нар юундаа санаа зовдог юм” гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь хариуцлагагүй явдал” гэж тайлбарлав.
Д.Хаянхярваа: АН хүч түрж байгаа учраас завсарлага авсан
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа МАН-ын бүлэг асуудалд хүлээцтэй хандаж, төсвийг бодит байдалд хандуулахыг хичээж ирснийг онцлов. Тэрээр УИХ-ын даргын авир хэрээс хэтэрч, хүч түрэх байдлаар, олонхиор дийлнэ гэсэн зарчмаар асуудалд хандаж байгааг шүүмжиллээ. МАН-ын бүлгийн хувьд төсвийн тодотголыг тодорхой болгох, тодотгол дээр суурилж 2016 оны төсвөө зөв тооцоололтой болгох саналыг тавьсан ч олонхи хүлээж аваагүй. Хямрал хүндрэлийг даван туулахын тулд, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зорилгоор гадаад дотоод, томилолт, хоол унаа, утасны төлбөр, сургалт семинарын зардлыг хасч төрийн данхайсан бүтцийг цомхон болгох, бүх шатны орлогч даргын орон тоог цомхотгох, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ, ажлын албаны орон тоо, бүтцийг 2011 оны түвшинд оруулах, төрийн өмчийн мэдэлд ашиглаж буй нийт автомашины 20 хувь буюу 1083 жип автомашиныг худалдан борлуулах замаар төсөвт орлого төвлөрүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлсэн ч олонхи хүлээж аваагүйг тодотгов. Мөн сонгуулийн өмнө Төрийн банк, Хөрөнгийн биржийг үнэгүйдүүлэн хувьчлах гэсэн саналыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэж Д.Хаянхярваа гишүүн хэллээ.
Түүнчлэн МАН-ын бүлэг өндөр настны тэтгэвэр, бага орлоготой хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын сан дээр байгаа 25.9 тэрбум төгрөгийн их засвар, барилгын ажлыг тэглэх саналыг тавьсан ч эрх баригчид хүлээж аваагүй. Төсөв хэмнэх, нэг ч гэсэн төгрөгийг үр ашигтай зарцуулах ёстой гэж үзэж байгаа. Төсвийн тооцоо, үндэслэлийг зөв болгох санал шаардлагад АН хүч түрсэн байдлаар хариу өгсөн. Энэ нь завсарлага авах үндсэн нөхцөл болсон гэж Д.Хаянхярваа гишүүн тайлбарлав.
Ч.Хүрэлбаатар: Танай нам, манай нам гэж улстөржүүлж байгаад харамсаж байна
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг шөнө дөлөөр хэлэлцэж, Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр цөөнхийн байр суурь илэрхийлэх эрхээ авсан гишүүдэд үг хэлэх эрх олгохгүй байгаа нь эрх баригчид нүглээ нууж, хулгайгаа хийх гэж санаархаж буйн илрэл хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотгов. Тэрээр “Өнөөдөр ард иргэдийн орлого буурсан, аж ахуйн нэгжүүд дампуурсан. Улсын төсвийн орлого гурван жил дараалан тус бүр нэг их наяд төгрөгөөр тасарсан, гадаадын хөрөнгө оруулалт дайжсан, улсын төсөв дөнгөн данган цалин тэтгэврээ өгч байна. Эдийн засгийн бодит байдалд тохируулан эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ нь эдийн засгийн өсөлтөө зөвөөр үнэлэхээс эхлэх ёстой” гэлээ.
Засгийн газар 2016 оны эдийн засгийн өсөлтийг 4,1 хувьтай байхаар тооцон төсвийн орлого, зарлага, алдагдал, өрийн хэмжээг тооцон УИХ-аар хэлэлцүүлж байна. Гэтэл Олон улсын валютын сан ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлтийг 0.6 хувь гэж тооцсон. Тооцоолол ингэж их хол зөрлөө. Тооцоолол, төлөвлөлтийг үндэслэлтэй, зөв зүйтэй хийж чадахгүй байгаа учраас л улс орны эдийн засаг хямарлаа гэж Ч.Хүрэлбаатар гишүүн онцлов. Тэрээр “Төсвийн тоо болгон үнэн бодитой байх ёстой. Хэлэлцэгдэж байгаа төсвийн тооны 80 хувь нь худлаа. Ийм төсөв, ийм буруу бодлого хэлэлцэгдэхээр эдийн засаг улам цаашаа унана, ард иргэдийн амьдрал илүү хүндэрнэ, гадаадын хөрөнгө оруулагчид зугтана. Үүнийг л манай намын бүлэг засч залруулахыг хүссэн. Харамсалтай нь бидний санал Төсвийн байнгын хороо, нэгдсэн чуулган дээр дэмжигдсэнгүй. УИХ-ын дарга З.Энхболд танай нам, манай нам гэж их ярих боллоо. АН-ын эдийн засаг, МАН-ын эдийн засаг гэж байх ёсгүй. Асуудлыг танай нам, манай нам гэж улстөржүүлж байгаад харамсаж байна. Эдийн засгийн бодлогоо зөв болговол Монгол Улс хөгжих бүрэн боломжтой” гэлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Buyambastogt nad dotroo urvasan baij olon um yariad yaxav Orovdmoor