Боохой борооноор Ерөнхий сайд С.Баяраар гэж…
Ээ дээ, хүн гээч амьтан амьд ахуйдаа сонин, хачин, жигтэй зүйл олныг үзэж, харах тавилантай л байдаг юм байх даа. Яав нөгөө Бороогийн голыг шалбааг болгож, байгаль орчныг нь үнсэн нурам болгосон алдарт “Бороо гоулд” гээч компани чинь монголын төрд төрөх эмнэлгээр сюрприз барих гэж байгаа юм гэнэ.
Тэр ч бүү хэл төрөх эмнэлэг барих энэ ажилдаа 50 гаруй тэрбум төгрөг зарцуулж, манай талаас сохор зоос ч гаргуулахгүй гэж том дуугарч байгаа юм байх аа. Гэхдээ нэг зүйлийг эргэн тодруулахад, 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Сангийн сайд байхдаа Б.Баабар эл компанитай анх гэрээ хийж, Төмөртийн-Овоо, Бороогийн цайрыг гадны луйварчдад ямар ч хараа хяналтгүй буюу үндсэндээ бэлэг болгон татвар төлбөргүй олгосон байдаг. Энэ талаар одоо ч учир мэдэх нэгэн нь цайны хачир болгож л байдаг. Харин энэ бүхний эцэст манай улс энэ компанийн гавьяагаар өнгөрөгч оны гүйцэтгэлээр буюу таван жилийн хугацаанд 40 тн алт Канад руу ямар ч үнэ өртөг авахгүйгээр тавиад туучихжээ. Уг нь үнэн хэрэгтээ 850 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэсэн үг. Гэвч манай улсын төсөвт 100-гаад тэрбум төгрөг л үлдсэн гэх. Түүгээр ч зогсохгүй “Бороо гоулд”-ынхон манай улстай 15 жилийн гэрээ хийсэн ч тавхан жилийн дотор хамаг баялгийг минь цөлмөөд явсан нь бодит үнэн. Цагтаа Бороогийн гол гэж “Зил-130″ машины хамар өлхөөн давдаг их устай, хэн ч харсан сүрдэж, бахархмаар тийм л хачгүй далай байсан нь өнөөдөр балчир хүү харайгаад гарахаар тогтоол ус болон хувирчээ. Гэвч энэ бүхэнд өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээс авахуулаад хэнбугай нь ямар ч арга хэмжээ авч чадахгүй’ байгаа нь жинхэнэ үндэсний эмгэнэл. Бас төрийн эрхийг атгаж буй олигархиудын “цус ойртсон”-ы шинж биш гэжүү. Ямар сайндаа л тухайн үед УИХ-ын гишүүн байсан О.Энхсайхан “Бидэнд 10 литр сүүнээс пенциллиний шилийг л өглөө” гэж халагласан байдаг юм. Тэгэхээр “Бороо гоулд” гээч энэ компани яагаад гэнэт монголын үрсэд хайр зарлаж, “буяны гараа” сунгах болов. Гэхдээ аливаа асуудал ямагт хоёр талтай байдаг хойно энэ бүхний цаана ямар нэгэн зорилго бий гэдэг нь маргашгүй үнэн. Яахав эдгээрийг сайн талаас нь харвал, сүүлийн хэдэн жилүүдэд төрөлт эрс нэмэгдэж, хүй нь ч цөглөөгүй бяцхан үрсийг эмнэлгээс ганц, хоёр хонуулан хөөж гаргаж байхаар ганц сайхан томоохон төрөх эмнэлэгтэи болчихвол хойч үед маань хэрэгтэй л юм. Нөгөөтэйгүүр, бүхэл бүтэн тусгаар улсын хүн амын тэн хагас нь ажиллаж, амьдардаг нийслэл хотын хэмжээнд хоёрхон төрөх эмнэлэг ажиллаж байгаа нь ч бодит үнэн юмдаг. Тэгэхээр төр нь иргэнээ хайхрахгүй, анхаарч үзэхгүй, тэдний төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа энэ цаг үед харийхан манай улсын эмзэг сэдвийг онилж, дараагийн “сум”-аа тавьж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Учир нь манай олигархиуд сүүлийн үед баяр ёслолын өмнөхөн буюу шөнө дөлөөр гэнэт идэвхтэй ажилладаг зуршилтай болоод байгаа. Хамгийн ойрын жишээ дурьдахад л, өнгөрөгч оны төсвийн хэлэлцүүлгийн хоёр дахь шатыг ажил тарсан хойно буюу шөнийн цагаар хийж, өөрсдийнхөө ханшйг тэрбумаар өсгөж баталсан. Түүнчлэн энэ жил ч гэсэн ирэх оны төсвийг харуй бүрийгээр хийхдээ ч өмнө нь мэдэгдэж байсан дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдлаас хувь илүүгээр баталсан байх жишээтэй. Харин энд нэг зүйлийг сонордуулахад, шинэ жил хаяанд тулж, албан байгууллага, хувь хүмүүс ногоон гацуураа чимэглэн догдлон хөөрч, баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд С.Батболдын толгойлсон танхимынхан нэлээд хөдөлгөөнд орж, Тавантолгойн ордын хувь заяаг түргэвчилж байгаа дуулдана. Тэгэхээр энэ удаагийн Засгийн газар Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг гардан гүйцэтгэлээ гэж бодоход, танхимын тэргүүнд нь ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн баталгаа байна уу. Түүнчлэн хамгийн гол нь 6.420 сая тонн “хар алт”-ны нөөцтэй, наад зах нь 200, цаад тал нь 300 жил ашиглах “настай” энэ орд Оюутолгой болон “Бороо гоулд”-ын араас жагсахгүй гэсэн бүрэн дүүрэн нотолгоо бий бил үү. Учир нь эрхэм Ерөнхий сайдтан гуай цагтаа “Бороо гоулд”-ын хар түүхээс бичилцэж явсан гэдгийг эл хүрээнийхэн шивэр авир хийдэг. Мөн тэрбээр монголчуудаасаа анхлан Тавантолгойн ордын тодорхой хувийг эзэмшиж байсныг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ тэрбээр улс төрд орохдоо Ерөнхий сайд асан С.Баярын толгойлсон Засгийн газрын шахаагаар өөрт ногдох хувиасаа татгалзаж, мундаг эх оронч царай гаргаж билээ. Магадгүй энэ нь олон түмний хэл амнаас дайжиж, нэр цэвэр энэ их айлтай толгой холбох гэсэн бизнесмэн ухаан баих л даа. Харин одоо алдсан хөрөнгөндөө эзэн суух ховорхон боломжийг тэрбээр өөртөө олгоод буй. Ямартай ч боохой борооноор гэдэг шиг Ерөнхий сайд С.Батболд шинэ жилийн уур амьсгалаар Тавантолгойн ордыг намнахаар зэхэж суугаа сурагтай.
О.Сүлд “Нийгмийн толь”
URL: