Монголын хилээр цацраг идэвхт бодистой машинууд оруулж иржээ
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтад байдаг “Материал импэкс”-ийн гаалийн хяналтын талбайд цацраг идэвхт бодис илэрсэн тухай мэдээлэл өчигдөр ирсэн юм.
Японоос ачуулсан машинаа хүлээж авахаар тэнд очсон иргэдэд “Таны машинаас цацраг идэвхт бодис илэрсэн тул өгөх боломжгүй” хэмээн машинтай чингэлгүүдийг нь битүүмжилжээ. Ийм шалтгаанаар бараг 10 гаруй машиныг эзэнд нь хүлээлгэж өгөлгүй хоёр хоногийн турш саатуулж байгаа аж.
Энэ талаар Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Зөрчлөөс урьдчилан сэргийлэх албаны байцаагч Ч.Тамираагаас тодруулахад “Энэ талаар бидэнд мэдэгдсэн зүйл алга. Уг нь хамгийн түрүүнд бидэнд мэдээлэл ирэх ёстой” гэсэн юм. Харин Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хэмжилтийн газрын дарга Х.Дамдинсүрэн “Энэ талаарх мэдээллиг ирж ав” гэсний дагуу уулзахаар очсон боловч тэрбээр ажлын цаг дуусахаас өмнө албан өрөөнийхөө хаалгыг түгжээд гарч явсан байв.
Харин Гаалийн ерөнхий газрын Зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Довчинсүрэн “Ийм зүйл болсон нь үнэн. Арваад машинд цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин илүү гарсан. Яг ямар хэмжээтэй гарсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Цөмийн энергийн газрынхан тэр талаар илүү тодорхой мэдээлэл өгөх байх” гэлээ. Юутай ч Япон улсаас манай ченжүүдийн оруулж ирсэн машинтай хамт хүн амьтан, байгаль орчинд онцгой хортой бодис экспортлогдож иржээ.
О.Халиун
URL: