Өв тээсэн Их нүүдэл
Ховд аймгийн Зэрэг сумын эзэд болсон хуучин, хилийн харуул асан Захчин ястан нь анх 1670-аад оны үед Зүүнгарын Галдан бошгот хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн шилдэг албат өрхийг татан улсынхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгалзуулан суулгажээ.
Тийнхүү Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “Захчин” гэж нэрлэснээр, захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн байна. “Захчин” хэмээх нэр нь утгын хувьд тэдний гүйцэтгэж байсан алба үүргийг илтгэдэг.
Тэд нутгийн зах хязгаарт сууж байсан бөгөөд тэрхүү зах хязгаарыг тэмдэглэсэн “зах” гэдэг үгийн үндсэнд ажил мэргэжлийг заадаг “ Чин” дагавар залгаж “Захчин” нэр үүссэн байна.
Уламжлалт ахуй соёл зан заншлаараа Монгол улсын хэмжээнд нэн өвөрмөцөд тооцогдох “Захчин” хэмээх ястан Зэрэг суманд аж төрөн амьдарч байна. Дөрвөн Ойрадын түүхэнд Зэрэг- Алтантээл нутгийн түүх чухал байр эзэлдэг. Энэ нутаг нь үржил шимт хөрстэй, ард түмэн нь ажилсаг, хөдөлмөрч уламжлалтай.
URL: