Үндсэн хуулийг өөрчлөх чадамж УИХ-д байхгүй
Бүтэн зунжин Өршөөлийн хууль хэлэлцэж, сандал суудал, эрх мэдлийн хуваарилалт хийхэд хамаг цагаа зарцуулсан парламент эцсийн мөчид “эцэг” хуулиа өөрчлөх төслийг өргөн бариад байна. Хэдийгээр энэ удаагийн парламентад долоон сарын хугацаа үлдсэн ч тэд энэ хооронд Үндсэн хуулийг өөрчилж амжина гэж үзсэн нь хачирхалтай.
Учир нь 2012 оны сонгуулиас хойш гурван ч удаа солигдсон Засгийн газар өдий хүртэл бялуу хуваарилалтынхаа хувийг тэнцүүлэхэд хамаг цагаа барсан болохоос олонд хэрэгтэй асуудлыг нэг тийш болгож байсан нь үгүй. Хамгийн сүүлийн жишээ татахад л, Өршөөлийн хуулийг батлах гэж бүтэн гурван сар сунжирсан.
Гэтэл сар хүрэхгүйн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөхөөр төсөл өргөн барьсан нь ямар ч тооцоогүй шийдэл болж харагдаад байгаа юм. Учир нь сонгуулиас зургаан сарын өмнө буюу ирэх арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө сонгуулийн хуулийг нэг тийш болгож баталсан байх учиртай.
Дээрээс нь “эцэг” хуулийг өөрчлөхийн өмнө Ард нийтийн санал асуулгын тухай төслийг ч мөн өөрчлөхөөр байгаа. Өөрөөр хэлбэл, “Та Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэмждэг үү” гэх асуултад иргэдээс хариулт авах бөгөөд хариулт нь “Тийм, үгүй” гэж байх юм.
Уг санал асуулгын дүнд Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг хэлэлцэнэ. Харин энэ санал асуулгыг энэ сарын 26-нд явуулах учиртай. Гэтэл иргэд 15 хоногийн хугацаанд өнөөгийн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судалж амжих эсэх нь эргэлзээтэй. Тиймээс иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэх шүүмжлэл ч гараад байгаа юм. Ямартай ч бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөллийн байр суурийг сонирхлоо.
Ц.Нямдорж: Энэ УИХ-д Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх байхгүй
Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байна уу гэвэл тийм. Гэхдээ тэр шаардлага жишээ нь Засаг дарга нарыг томилдог системд шилжих ёстой гэж би үздэг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярихын тулд ёс суртахуун, нэр нүүртэй парламент байх хэрэгтэй шүү дээ.
Гэтэл энэ УИХ шиг нэр, нүүрээ барьсан нь үгүй. Гурван сар Өршөөлийн хууль хэлэлцдэг УИХ 20 хоногт Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байхгүй. Дараагийн парламент олигтой бүрэлдэхүүнтэй болно гэдэгт ч итгэдэггүй. Одоо байж байгаа царайг нь хар даа. Сайн дурын жүжигчид л самарч байна. Өөр юу хийж байгаа юм.
Тэгэхээр одоогийн энэ бүх хямралын бурууг Үндсэн хуульд чихээд гарах оролдлого л явж байна шүү дээ. Энэ УИХ олигархижсан бүрэлдэхүүнээрээ цааш явбал Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог зарчмаас татгалзаж болохооргүй зураг харагдаад байна.
Одоогийн өргөн барьсан төслөөр Ерөнхий сайд гэж жигтэйхэн амьтан гарч ирээд бүх сайдаа томилоод, Засгийн газрыг УИХ-ын хяналтгүй болгоод, дургүй нь хүрвэл УИХ-аа тараагаад хаячихдаг дарангуйлагч гарч ирэх нь байна. Мөнгөнд идэгдэж, олигархижсан, гэмт хэргийн үүр уурхай болчихсон Ерөнхий сайд гарч ирвэл яана. Ийм хувилбар байж л байгаа. УИХ нь тарахаасаа айгаад.
Олигархиудын зөрчил тэмцэлд хутгалдсан Ерөнхий сайд гарч ирвэл аюул. Тэгэхээр энэ өргөн барьсан төслийг хэрхэвч дэмжиж болохгүй. Эд нар үүнийг хүчээр шийдээд санал асуулгад оруулах хэлбэрт шилжвэл би “Санал асуулгад битгий оролц” гэж ард түмэнд уриална. Үүнийг дэмжиж огт болохгүй. Бас болоогүй есөн яам, 99 гишүүнтэй болох юм гэнэ.
Гурван ширхэг есийн тоо байгаа биз. Өнгөрсөн жил 888 төсөл гэж нэг юм гаргаж ирээд нурж унасан. Одоо 999 болж байгаа юм байна л даа. Дандаа бөөгийн тоо дотор нь явж байгаа биз. Юм самардаг мэргэжилтнүүд эдийн засгийг гурван жил самраад тартагт нь тулгачихсан. Одоо төр самардаг ажлаа хийж эхэлж байгаа юм байлгүй. Арваннэгдүгээр сарын 6 гэж хачин өдөр боллоо.
Монгол төрийн тогтолцоог орвонгоор нь эргүүлэх Сонгуулийн хуулийн өөрчлөлт л гэнэ. Тэр нь гурван сонгуулийг нэг хуулиар явуулах. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ард нийтийн санал асуулга хийх л юм гэнэ. Гэнэт нэг өдөр л цэлмэг тэнгэрээс бороо ордог шиг л юм боллоо доо. Наадах чинь бүтэхгүй.
Нэгдүгээрт, энэ УИХ-д Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёс суртахууны эрх байхгүй. Нэг нүүрээ ингэж барсан УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж юу байдаг юм. Хоёрдугаарт, наад өөрчлөлтийн төслийг чинь манай намын тухайд Удирдах зөвлөл, бүлгээрээ ч хэлэлцээгүй.
Ялангуяа ард нийтийн санал асуулга явуулахыг. Доторх нарийн ширийнийг нь дөнгөж уншиж эхэлж байна. Дөнгөж бүлгээр хэлэлцэж эхэлж байхад энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулна гээд байгаа юм. Ийм хугацааны хайчинд орчихсон. Нэгэнт оруулж амжихгүй өөрчлөлтөд цаг зарж яах юм. Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байхдаа баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хууль гэж бий.
Тэр хуулийн нарийн дэг журмыг зөрчиж, санал асуулга явуулах луйвар л хийх гэж байна л даа. Ерөнхий том зургаар нь харахаар зүгээр л олны анхааралд байгаа хүнд асуудлаас зайлуулж, цаг хугацаа хожих улс төрийн луйвар явж байна. Ер нь нэгэнт энэ хуулийг батлахгүй учраас зөв, буруу гэх нь утгагүй. Тийм учраас эх орны төлөө Үндсэн хуулийг сайжруулах санал гэхээсээ илүү улс төрийн ээлжит жүжиг.
М.Батчимэг: Дараагийн парламент өөрчлөх баталгаагүй учраас цаг давчуу ч Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай
-Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол агуулга нь УИХ-д байгаа гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлэхэд оршиж байгаа. Ер нь төрийн юмуу компанийн гүйцэтгэх эрх мэдэл ч бай хамгийн гол баталгаа нь хүнээ томилж, мөнгөө мэддэг байх ёстой. Ерөөсөө эрх мэдлийн баталгаа нь энэ шүү дээ.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт байдаг Ерөнхий сайд нь сайд нараа томилох эрх мэдэл, төсвийн эрх мэдэл алга болсон. Дэлхийн улс орнуудад Засгийн газрынх нь оруулж ирснээр л төсвөө баталдаг. Гэтэл УИХ хамаагүй өөрчлөөд үндсэндээ УИХ төсөв хийж байна шүү дээ.
Бид цаашдаа улс орноо, эдийн засгаа зөв авч явъя, ард иргэдийнхээ амьдралыг өөд татъя гэвэл байх ёсгүй газраа оччихоод байгаа гүйцэтгэх эрх мэдлийн хоёр тулгуурыг Засгийн газарт аваачиж өгөх нь л энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол амин сүнс гэж бодож байгаа. Бид сонгуулийн холимог тогтолцоотой улс. Цаашдаа пропорциональ тогтолцоогоор олон намын парламент хэвээрээ байна.
Өнөөдөр нийгмийн санаа бодлыг харахад бүр л олон намын, магадгүй бүр нам бус бие даагчдын төлөөлөл олон багтсан парламент бүрдэх магадлал өндөр байна. Ийм нөхцөлд Засгийн газар эдийн засгаа улс орноо аваад явах баталгааг зайлшгүй бий болгох ёстой. Япон, Солонгосын парламентад гишүүд хэрэлдэх нь бүү хэл зодолдож л байдаг. Тэглээ гээд цаана нь ажлаа аваад явж байгаа Засгийн газар нь байдаг учраас улс орон тарж, эдийн засаг нь хямардаггүй шүү дээ.
Тэгэхээр цаашдаа Засгийн газар тогтвортой ажиллах, Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг бэхжүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байгааг цаашдаа Үндсэн хуулиар шийдэх нь зүйтэй гэдэг нь өмнө нь “давхар дээл”- ний тухай хуулийг хэлэлцэж байхад харагдсан. Гуравны нэгээр хязгаарлах буюу Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох зохицуулалт Үндсэн хуулийн төсөлд багтсан.
Би хувьдаа үүнийг боломжийн гэж харж байгаа.100 хувь салгах, ялангуяа үндсэн чиг үүргийн яамд УИХ-даа байсан цагт энэ хоёр институцийн харицлан ойлголцол сайжирдаг гэсэн ойлголт байдаг. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр есөн яамтай байхаар оруулж ирсэн нь цөөдсөн ч байж магадгүй.
Ямар ч тохиолдолд есөн яам байлаа гэхэд гурван сайд УИХ-д сууж байвал Засгийн газрын үйл ажиллагаанд тийм ч сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болно гэж байгаа сонгодог парламенттай оронд байдаг л зарчим. Хууль санаачлах эрх нь Засгийн газар, парламентын гишүүдэд байдаг жишигтэй. Тэгэхээр энэ удаад улс төрийн зөвшилцөл, ойлголцолд хүрч чадвал болохгүй өөрчлөлт биш.
Мэдээж бид багагүй хугацаа алдсан нь үнэн. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг эртнээс ярьсан. УИХ байгуулагдсан цагаасаа л энэ талаар ярьсан. УИХ-ын гишүүдийн хувьд ч гэсэн энэ бол шинэ асуудал биш. Өнөөдөр цаг хугацааны хувьд хамгийн түрүүнд ард нийтээсээ асуух эсэхээ л УИХ шийдчих хэрэгтэй.
Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол ганцхан заалттай шүү дээ. Тэгэхээр УИХ энэ бүү хэл, олон түвэгтэй асуудлыг батлахаа хүрэхээр маш түргэн хугацаанд баталчихдаг. Тийм учраас ард түмнээсээ асуух эсэхэд нэг их хугацаа шаардахгүй гэж харж байгаа. Тиймээс Ард нийтийн санал асуух тогтоолын төслийг яаралтай баталж чадвал энэ сарын 26-нд ард иргэдээсээ санал асууж болно.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бол олон нийтэд ил болчихсон байгаа учраас энэ сард ард нийтээсээ асуухад болохгүй юмгүй. Үндсэн хуулийн гол өөрчлөлтүүд гурван жил хэвлэл мэдээллээр яригдчихсан. Бүр тэрнээс өмнө ч гэсэн ярьж байсан.
Ер нь сая өргөн барьсан төсөлд цоо шинэ асуудал бараг байхгүй. Хамгийн гол нь цаг хугацаа шахуу байгаа ч энэ парламентын үед Үндсэн хуулийг өөрчлөх нь чухал гэж бодоод байгаа нь дараагийн парламент энэ хуулийг өөрчлөх баталгаа харагдахгүй байгаа юм. Бид өнөөдөр найдвартай гэж хэлэхэд түвэгтэй шүү дээ. Сонгуулийн цикль, улс төрийн орчин нөхцөлөө бодоход магадгүй хийж чадахгүй.
Тэгэхээр бид өнөөдөр ийм их улстөржилттэй, Засгийн газрын асуудлыг УИХ шийдэж байгаа нөхцөлийг олон жилээр үргэлжлүүлэх тусмаа хүмүүсийн амьдрал ахуйд сөрөг нөлөөтэй. Тиймээс бид улс орноо өөд нь татъя гэвэл Засгийн газар нь Засгийн газар шиг ажилладаг болъё гэвэл нэг жилийн өмнө ч гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой.
Манай Үндсэн хуулийн чадамж шавхагдаагүй. Ер нь 1992 оны Үндсэн хууль маш сайн болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй. Бид энэ хуулийг муулах ямар ч үндэслэлгүй. Гагцхүү бидний амьдралаар шалгагдсан сайжруулах ёстой зүйлүүд байна.
Н.Батцэрэг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацааг дахиж ярилцах хэрэгтэй
-Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, зарчмын хувьд манай бүлэг дэмжсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд харьцангуй шахуу байгаа нь үнэн.
УИХ- ын тогтоолын төслөөр арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал, асуулга явуулахаар тусгаад байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Гэхдээ үүнээс өмнө Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг томьёоллыг иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох нь чухал.
УИХ-ын сонгуулийн тухай гурван ч хуулийн төслийг өргөн бариад байгаа. Үүн дээр манай эвслийн бүлгээс дахин тусдаа хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлнэ. Ингэж байж, сонгуулийн хуульд аль аль намынх нь эрх ашгийг тэнцүү хангана гэж үзэж байгаа” гэлээ.
Ямар ч байсан эхний ээлжид санал асуулга явуулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Үүний дараагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэрэгтэй. Эдийн засаг, нийгэм нь ийм хүнд байгаа үед УИХ-ын бүрэн эрх дөрвөн жил байгаа нь арай ойртоод байгаа. Яг нарийн дээрээ өнгөрсөн жилүүдийг аваад үзэхээр зун нь УИХ- ын сонгууль болонгуут намар нь орон нутгийн сонгууль үргэлжилдэг.
Харин дараа хавар нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ингээд үндсэндээ хоёр жилийн хугацаанд бүх нийтээрээ улстөрждөг. Ингээд хоёр жилийн дараагаар дахиад л УИХ-ын сонгуульд нь давхацдаг. Ингээд яг бодит байдал дээр парламентын ажил хийх хугацаа нь 1.5-2 жил болчихоод байгаа учраас хугацааг нь таван жил болгоход буруудах зүйлгүй.
Дээрээс нь УИХ-ын гишүүд 76 байна гэж ярьж байх үед Монгол Улсын хүн ам 2.4 сая байсан. Гэтэл одоо гурван сая давсан хүнтэй болсон. Тиймээс дэлхийн бусад оронд нийт хүн амынхаа тоотой зохистой харьцаатай байхаар парламентынхаа гишүүдийн тоог сонгодог.
Энэ үүднээс нь үзвэл яах аргагүй 100 давсан байхаар харагдаж байгаа юм. Монголчууд маш их бэлгэдэлтэй ард түмэн учраас 99 гэдэг тоонд санал нэгдсэн. Яахав санал асуулга явуулахаар болбол үнэхээр богино хугацаанд сонгуультай дүйх хэмжээний ажлыг зохион байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс хугацааг нь хойшлуулахаас аргагүй. Бид зөвшилцөл хийх хэрэгтэй гэж үзэж байгаа.
Ц.Даваасүрэн: Үндсэн хуульд гар хүрэхийг дэмжихгүй
-Бие даагчид Үндсэн хуульд гар хүрэхийг дэмжихгүй байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадамжгүй гэж бид үзэж байна. Эх орноо худалддаг, авлига авдаг нөхөд Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг сайтар нягталж үзэх шаардлагатай. Ер нь сонгуулиар гарч ирсэн нам бүр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг буруу жишиг тогтохоос эмээж байгаа. Ард нийтийн санал асуулгыг бид сайшаахгүй байгаа.
Энэ бол энэ удаагийн УИХ-ын хийх ажил биш. Ийм ёс суртахуунгүй, гаднын нөхдөд баялгаа үр ашиггүй өгдөг хүмүүс Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл өөрсдийнхөө эрх ашигт л нийцүүлж байгаагийн шинж. Тиймээс ч ирэх оны сонгуулийг хүлээгээсэй гэж хүсч байгаа. Ард түмнийхээ сонголтыг харъя.
Хамгийн гол нь иргэдийн сонголт зөв байвал “эцэг” хуулийг ард түмэнд ашигтайгаар өөрчилж болно. Ер нь нам бүр энэ хуулийг өөрчлөөд байж болохгүй шүү дээ. Хэрвээ ийм байдалд шилжвэл цаашдаа амьдрахад хүнд болно. Тийм учраас энэ хуулийн өөрчлөлтийг би дэмжихгүй.
Би бүх улстөрчийг хэлж байгаа юм биш. Эрх барьж байгаа, улс орноо худалдаж байгаа нөхөд Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Ард түмэн ч бас ийм УИХ-аар Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй байх гэж найдаж байгаа.
С.Оюун: Ард нийтээс санал асууж амжих эсэхээ УИХ шийднэ биз
-УИХ дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юү гэдгийг судлах УИХ-ын гишүүн Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг гарч хоёр жил ажиллаад “Өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад бүх нам Засгийн газарт хамтарсан.
Ингэхдээ тунхаг бичигт гарын үсэг зурсан. Түүний эхний заалт нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулна” гэж байсан. Үүний дагуу УИХ-ын даргын захирамж гаргаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, бүх намын төлөөллийг оролцуулахад нь орж ажилласан.
Бид шийдвэр гаргах төвшинд ямар саад тотгор, асуудал байна гэдэгт анхаарлаа хандуулж, парламeнтыг бэхжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Түүнээс юм бүхэн рүү ороогүй. Анхнаасаа ч тийм үүрэг авсан.
Судалгаанаас ч, Л.Цог даргын дүгнэлтээс ч, бидний ажлын үр дүнд ч засаглалын гол гол институциуд эрх мэдэл, үүргийн давхардал бий болсноос болоод хувь хүн хэн байхаас үл хамаараад хоорондоо зөрчилддөг юм байна гэдэг нь харагдсан. Ард нийтийн санал асуулга амжих, амжихгүйг УИХ өөрөө шийднэ биз.
Манай ажлын хэсгийнхэн нэмэлт өөрчлөлтүүдээ олон түмэнд сайн таниулаад, үзэл баримтлалаар нь бүх нийтийг хамарсан хэлэлцүүлэг сайн өрнүүлээсэй гэж бодож байгаа. Ард түмэндээ сайн ойлгуулаад зөв бурууг нь шүүлгэчихвэл дараа нь УИХ-аар хэлэлцэхэд амар болов уу. Амжуулъя гэвэл ямар ч ажил амждаг.
Уг нь амжуулчихвал дараагийн дөрвөн жилдээ тодорхой зүйлүүдээ цэгцлээд засч залруулаад явбал хөгжлийн зам арай дардан болох болов уу гэж бодож байна. Амжихгүй байсан ч нийгэмд томоохон хэлэлцүүлэг өрнөх нь зөв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дамжуулаад улсын хөгжил, засаглалын тогтолцоонд юу нь болж байгаа, юу нь болохгүй байна.
Монгол Улс цаашид юунд анхаарах юм бэ, төрийн шийдвэр гаргах төвшинд яагаад ийм олон асуудал шийдэгдэж чадахгүй гацаад удаашраад байдаг юм бэ, иргэд яагаад засаглалд итгэл алдраад байна вэ гэдгийг ярилцаасай гэж бодож байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: