Нийслэлийг хогоор “чимсэн” Л.Амгалан Төсвийн тухай болон Авлигын эсрэг хууль зөрчин даварсаар

Нийслэлийн зүрхэнд оршдог Баянгол дүүргийн хог нь дийлдэхээ болиод Баянхог дүүрэг болсоор удаж байна. Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн твиттертээ овоорсон хогны зураг нийтлээд удаж байгаа. Тэрээр саяхан энэ хог 26 дахь хоног дээрээ байж байна гэжээ. Тус дүүргийн Засаг дарга Л.Амгалан хогоо цэгцэлж “амжихгүй” ажилтай байгаа нь учиртай. Тэрээр төсвийн мөнгийг тойрон хүрээлэгчдэдээ зохицуулж, зохицуулах гээд юун хогтой манатай тун завгүй байсан ажээ. Нийслэлийн дүүрэг тус бүрээс улсын төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрүүлдэг. Тэгвэл 2010 оны төсвөөс давсан орлого болох 400 орчим сая төгрөгийг Л.Амгалан дарга Нийслэлийн ИТХ-аар батлуулж дүүрэгтээ үлдээж авчээ.

Л.Амгалан хатагтай хотын дарга Г.Мөнхбаяртай тун нягт холбоо сүлбээтэй нэгэн. 2009 онд хөрнгө орлогын мэдүүлгээ худал өгсөн нь илэрч нэг хэсэгтээ л хэл амны бай болсон тэрээр ажил, албан тушаалаасаа хазайгаа ч үгүй үлдсэн. Уг нь хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн төрийн албан хаагч албан тушаалаа өгөх хүртэл хуулийн заалт бий. Түүнийг томилсон албан тушаалтан нь буюу хотын дарга хуулийн дагуу түүнийг ажлаас халах ёстой. Гэвч хуулийг гууль болгосон эдгээр эрхмүүд хуйвалдан хаацайлсан юм. Хотын дарга Г.Мөнхбаяр хууль зөрчсөн дүүргийн Засаг даргад яагаад арга хэмжээ авахгүй байгаа талаар лавласан сэтгүүлчийн асуултад “Ажлаа сайн хийж байгаа хүнийг жижиг асуудлаар оролдох хэрэггүй” гэж хариулж байжээ. Авлига бол жижиг асуудал, хогондоо дарагдсан дүүргийн Засаг дарга сайн ажилласан хүн гэдэг тодорхойлолтыг хотын дарга өгдөг ажээ. Энэ тодорхойлолтдоо үндэслэн бүх дарга нартаа “Шилдэг авлигач”, “Хотын хамгийн их хогтой дүүрэг” шалгаруулвал таарна.

400 сая төгрөг бол бага мөнгө биш. Энэ хөрөнгийг Иргэдийн хурлын төлөөлөгчиддөө тайлагнахдаа “Дүүргийн тохижилт, үйлчилгээ, эдийн засаг, нийгмийн зорилтыг шийдвэрлэхэд зарцуулна” хэмээн өөрийнхөө мэдэлд эвч үлджээ. 400 сая төгрөгийг дүүрэг тохитой биш юм гэхэд ядаж хоггүй болоход зарцуулахын оронд тойрон хүрээлэгчиддээ орон сууц болгоод тараачихсан. Тус дүүргийн Тамгын газрын 15 ажилтан төсвийн хөрөнгөөр орон сууцтай болжээ. Үүнийг нь дүүргийн ИТХ хожим хойно мэдсэнээс харахад тус дүүргийн төрийн захиргааны байгууллага хэр уялдаа холбоотой ажилладаг нь харагдаж байна. Насаараа хөдөлмөрлөсөн орлогоороо байр авч чадахгүй байгаа гэр бүлүүд өнөөгийн монгол улсын нүүр царай. Орлого нь хоол унд, унаанаас хэтрэхгүй байгаагаас орон сууц байтугай хөл дүүжлэх унаа ч авч чаддагүй гэр бүлүүд  хүн амын олонх. Хоногийн хоолоо ч олж дийлэхгүй байгаа нь түүнээс олон. Амьдрал ийм байхад дүүргийн түшмэлүүд иргэдийн татварын мөнгөөр орон сууц бэлгэнд аваад тансаглаж байгаа нь ёсзүй болон хуульд нийцэхгүй үйлдэл юм.

Засаг дарга ийнхүү байр олгохдоо төрийн албанд ороод нэг ч жил болоогүй, үр дүнгийн гэрээний биелэлтээр тааруухан дүн авсан ажилтан, хорооны Засаг дарга нарт ихэнхэд нь олгожээ. Мөн дүүргийн ИТХТ-ийн дарга Д.Дэмбэрэлдашид байр бэлэглэн долигносон байна. Д.Дэмбэрэлдаш дарга түүнийг байр өгч бялдуучилахаас нь нэг жилийн өмнө дүүргээс байр авчихсан байжээ.

Айлд орохдоо эзнийх нь нэрээр ороод эхнэрийнх нь нэрээр гардаг гэдэг. Амгалан ахайтны удирддаг дүүрэг хог новшиндоо дарагдан байнга хэл ам таталж байдаг нь иймэрхүү хувийн ажлаа хийгээд дүүргийнхээ ажлыг хийдэггүй гэдгийг нь харуулж байна. Уг нь эмэгтэй Засаг даргатай дүүргийн хувьд цэвэр цэмцгэрээрээ бусдадаа үлгэрлэж байх ёстой.

Авлигатай тэмцэх газар хууль зөрчсөнийг нь илрүүлээд огцруулж чаддаггүй, хотын дарга нь хогондоо дарагдчихаад байхад ажлын шаардлага тавьж чаддаггүй ийм нэг айхтар ахайтан нийслэлийн сүр сүлдийг гутааж байна.

Ц.Чинзориг

www.mass.mn


URL:

Сэтгэгдэл бичих