Ц.Нямдорж: УИХ төсвийг хүчээр шийдэж байна

Чуулганаар яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Тоонуудын маргаан будилж явсаар байгаад батлагдах нь бололтой. Өсөлтийн төсөөлөл чинь 4.1 хувь гэсэн байхад ОУВС 0.7 хувь гэв. Энэ тоонууд чинь эргэлзээ төрүүлж байна. Зардал бууруулах тухай бид ярьж байна. Гэтэл зардал чинь улам л өсч орж ирээд байх юм. Бид чинь 2004 онд улсын төсвийн нийт зардал 300 тэрбум төгрөг байсан. Одоо 7 их наяд болчихсон байна. Гэхдээ төрийн үйлчилгээ сайжирч чадсангүй. Зардлын хөөсрөлт чинь алдагдлыг нэмэгдүүлээд эдийн засгийн хүндрэл авч ирэх юм биш үү” гэж асуусан юм.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Ч.Улаан “Байнгын хороо хурал дээр батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг дагаж мөрдөх нь чухал юм байна гэж үзсэн. Төсвийн орлог, зарлага, хөрөнгө оруулалтын хувийн жин гэх зэргийг нэмэгдүүлэхгүй батлах ёстой гэж үзсэн. Хурал дээр энэ саналууд дээр санал хураахад дэмжигдээгүй. Орлого, зарлага нь нэмэгдсэн. Зардал яах аргагүй өсч байгаа. Орлого ч гэсэн төсвийн хүрээний батлагдсан мэдээллээс өсч орж ирсэн. Зардлыг багасгах тал дээр байнгын хорооны хурал дээр олон зүйл ярьсан. Өмнөх жилүүдийнхээс өсгөхгүй байхыг гишүүд дэмжсэн” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Яагаад Монголбанкны зөвлөмж ирчихээд байхад түүнээс нь зөрж төсвийн орлого нэмж байгаа нь яаж байна. Энэ асуудал дээр санал гаргасан таван гишүүн хариуцлага хүлээх үү. Аль эсвэл УИХ хариуцлага хүлээх үү. Энэ бүгдэд Д.Ганхуяг гишүүн хариул. Таны хийж буй энэ өсгөж буй орлого чинь маш эрсдэлтэй. Бүлгүүд бүгдээрээ иргэний ухамсар гаргаад сонгуулийн жилд хөрөнгө оруулалтаасаа татгалзахаар болоход та нэмчих юм” гэв

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Ч.Улаан ”Батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг нэмэгдлүүлье гэдэг саналыг ЗГ гаргасан. Төсвийн тоо өөрчлөгдөж байгаа нь гишүүдээс л болсон. Гишүүд л тийм санал гаргасан шүү дээ. Ажлын хэсэг эцсийн мөч хүртэл ажилласаар байгаад байнгын хороонд гаргаж өгсөн. Ажлын хэсэг 100 гаруй саналын талаар хариулна” гэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг “Хуулийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Санал нь хураагдах гэж байна. Ямар нэгэн нууц зүйл байхгүй. Дарга нарын цалинг хасъя гэхэд үгүй гэсэн. Бүтцийн өөрчлөлт хийхээр болоход үгүй л гэсэн. Тиймээс зардал нь нэмэгдсэн. УИХ энэ бүх саналыг гаргасан. 120 гаруй сая төгрөгөөр зардал нэмэгдсэн. АСЕМ болох гэж байна ИНЕГ-ын орлогоо нэмэгдүүлье, зарлагаа нэмэгдүүлье гэдгийг нь тусгасан. Энэ ажлыг хийх гэж өдөр шөнөгүй ажилласан ажлын хэсгийг элдвээр хэлэх шаардлагагүй. Би бол яах вэ” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ”Төсвийг УИХ хүчээр шийдэж байна. ЗГ тоохгүй, Аудитын газрыг тоохгүй, Монголбанкаа тоохгүй боллоо. Эдгээрийг яах гэж байлгаад байгаа юм бэ. Яагаад энэ эдгээр газруудын өгсөн саналыг сонсохгүй байгаа юм бэ. Төсвийн дэд хороо санал хэлэх ёстой. Гэтэл тийм юм юу ч алга. Байдал туйлын хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Тэвчиж болох зардлуудыг хасаад энэ хямралыг давах зүйл бодож болохгүй. Дэндүү ажил хэрэгч биш байх юм. Уг нь болдог бол энэ төсвийг цагаар шахалгүйгээр тайван хэлэлцээд асуудлаа шийдмээр байна.

Ингээд байнгын хорооноос оруулж ирсэн саналуудаар санал хурааж байна.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих