Тэмээ өргөдөг арслан бурхны орондоо буцлаа

УЛСЫН АРСЛАН БЯМБЫН ЖАМЪЯНДОРЖ

Монгол улсын хүчит арслан, олон түмэндээ “тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан Б.Жамъяндорж 2015 оны 11-р сарын 08-нд өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр Булган аймгийн Сайхан суманд 1931 онд төрсөн. Хонь жилтэй.

Тэрээр1958 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч Монгол улсын начин цол, 1959 онд  монголын залуудын оюутны анхдугаар их наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 31 давж Монгол улсын заан цол, 1961 оны улсын их баяр наадамд 8 даванд Монгол улсын арслан цол тус тус авчээ. 1960 онд зургаа давж улам өрнөн өсөх чимэг, 1963 онд зургаа давж харилтгүй жавхлант чимэг, 1962 онд тав давж өсөх идэр чимэг тус тус нэмжээ. Ид үедээ биеийн өндөр 188 см, 110 орчим кг жинтэй байсан бөгөөд гол төлөв бярдаж барилддаг агаад Монгол бөхийн шинж бүрэн төгс бүрдсэн бөх байлаа. Баруун талтай, баруун сугандаа толгойг нь буулгадан дарж зүүн гараараа шуудагдан дарж өргөх, тахимдан суйлах мэхийг голдуу хийдэг. Жамъяндорж арслан 1955 оны майн баяраар өөрийн сумын малчин Маналжавын атан тэмээг цээжин доороос нь өргөн бяр хүчээ гайхуулж  “Тэмээ өргөдөг“  хэмээн  алдаршсан  бөгөөд 1958 онд Улаанбаатар хотын малын зах дээр нэгэн сонины сурвалжлагчийн хүсэлтээр дахин тэмээ өргөж байжээ. Алтан гадас одонтой.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, төлөв даруу, хөдөлмөрч хичээнгүй зан чанар, Монгол бөхийн эгэлгүй сайхан дүр төрх нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО, БӨХ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих