Н.Энхбаярт МАХН-ын хууччууд дургүй болж эхэллээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр эвгүй байдалд орж эхлэв. Ганц хүний толгойгоор шийдвэр гардаг энэ намын хувьд гишүүд нь намын даргаа эсэргүүцэх эрхгүй болчихсон. Уг нь бол эрх нь байгаа. Харамсалтай нь намынхаа даргатайгаа маргалдвал намаасаа хөөгдөх дээрээ тулчих учраас гишүүд нь эрхээ эдэлдэггүй байх. Н.Энхбаяртайгаа ойлголцож чадаагүй хүн бол Н.Удвал. Н.Удвал аниа Н.Алтанхуягийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажилласан. МАХН-ыг анх байгуулсан цагаас л Н.Энхбаярыг дэмжиж ажилласан хүн яахын аргагүй Н.Удвал. Тэрбээр энэ намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд ч дэвшиж байсан удаатай. Н.Алтанхуягийн Засгийн газар унаж, Эрүүл мэндийн сайдын суудлаа өгснөөс хойш тэрбээр олон нийтийн өмнө төдийлөн ил гарахаа болив. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах сонирхол байсан ч, намын дарга нь дараагийн ээлжнийхэнд сайдын суудлыг хуваарилсан нь Н.Удвалын дургүйцлийг хүргэсэн биз.
Харин түүний араас УИХ-ын гишүүн О.Баасанхүү орж байгаа. Энэ хүний хувьд Н.Энхбаярт их тус болсон. Үүний хариуд Н.Энхбаяр сайдын суудалд ч түүний суулгаагүй. МАХН хуучин нэрээ сэргээж МАН болсны дараа Н.Энхбаярт МАХН нэрийг авч өгсөн хүн бол О.Баасанхүү. Хууль журмынх нь дагуу МАХН нэрийг авснаараа өнөөдөр Н.Энхбаяр улс төрд нөлөөлж, эрх барьж чадаж байна. Улс төрөөс хаягдаж, хэн ч биш болсон Н.Энхбаярын хувьд МАХН нэрийг авсан нь хамгийн том боломжийг олгосон юм. Одоогоос хоёр жилийн өмнө МАХН нэрийг дор явсан О.Баасанхүү Н.Энхбаяр нарын харилцаа муудаад байгаа. Ер нь бол Н.Энхбаяр тус хүргэсэн нэгнээ өнөөдөр орхигдуулж, хүн чанаргүй хандаж эхэлсэнээс үүдэлтэй. Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбын оронд хэнийг томилох тухай яриа МАХН дотор яригдаж байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүг энэ албанд томилох санал зарим гишүүнээс нь гарсан ч, Н.Энхбаяр түүнд ямар ч албан тушаал өгч болохгүй хэмээн лүндэн буулгасан сурагтай. Намын даргын хувьд О.Баасанхүүг шахах ажиллагааг хийж буй бол гишүүний хувьд даргатайгаа хэрхэн тэмцэх талаар тунгаан суугаа болов уу.
Эхлээд Н.Удвал, дараа нь О.Баасанхүү байсан бол түүний дараа Н.Энхбаяр намынхаа Нарийн бичгийн дарга Г.Дугаржавтай муудалцах нь тэр. Өршөөлийн тухай хуулийг Н.Энхбаярын талд гаргаж чадаагүйгээс болж энэ маргаан үүссэн гэж буй. Ажлаа хийж чадахгүй, өөрийг нь өршөөлд хамруулаагүй нь намынхных нь буруу гэнэ. Үүнээс болж намынхаа нарийн бичгийн даргатай ам мурийж, өөрийнхөө эсрэг дуугарах хүнийг нэгээр нэмчихэж байж мэдэх юм. Н.Энхбаярын гаргаж байгаа авираас болж МАХН-ын хууччууд түүнээс зайгаа барьж эхэллээ. Магадгүй зайгаа баригсад түүний эсрэг юу хийж болохыг таашгүй.
Ц.Энх
Эх сурвалж: http://tsenzurgui.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энхбаяр гуай бол одоо чөлөөндөө амар амгалан сууж байвал дээр юм шиг л санагдах юм. Монгол төрийн оргилд ч гарч үзсэн бүр доошлоод шоронд ч орж үзсэн. Одоо хор найруулаад яваад байх хэрэггүй юм шиг санагдаж байна даа
Чөлөөндөө гарахдаа нарсанд очихгүй наранд байхын тулд Энхбаяр үзээд байгааг ойлгооч хахаха