“Их хотын залуус” олон ангит кино өчигдөөс гарч эхэллээ

IHZposter_o

  • Дурлал, догдлолд нас харгалзахгүй.

Гуч насны босгыг давж, ажил төрөл нь цэгцэрч, аль хэдийн байр сууриа олсон ч гэр бүлтэй болж амжаагүй хүмүүс “одоо ч догдолдог цаг” өнгөрч дээ гэж хэлэхийг олон сонсч байсан байх. 30-аад насыг догдлолгүй, ичингүйрэлгүй гэдэг бодол 30-аад насныхан өөрт нь ч, бусад насныханд ч бодогддог. Гэхдээ 30-аад насны давс чихэртэй амьдрал ч мөн адал явдалтай, илүү сонирхолтой байх нь бий.

Өнөөдрөөс “Боловсрол суваг” телевизээр гарч эхлэх “Их хотын залуус” кинонд романтик учрал гэдэг зөвхөн 20-иод насныханд тохиолддог  зүйл биш, 30-аад насныхныг ч мөн дайран өнгөрдөг гэдгийг харуулжээ.

Кинонд өөр өөр зан ааштай 3 бүсгүй, амьдралд хандах хандлага нь өөр 3 залуугийн түүхийг өгүүлнэ. Тэдний хувьд 20-иод нас хөдөлмөрлөж, бүтээж, сурч боловсрох үе байсан бол харин 30-аад нас үеийнхээ бусад хүмүүсээс ялгаатай нь дурлах нас, догдлох үе байх болно.

  • Нөхөрлөл хамгийн үнэ цэнэтэй.

Гэхдээ мэдээж 30-аад насыг ажил төрөл, хайр дурлалаас гадна бат бөх нөхөрлөлгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ насанд сурагч, оюутан байх үеийнх шиг харих зам нийлдэг биш, харин үзэл бодол, ирээдүй нийлсэн найзууд тунаж үлдсэн байдаг.

“Их хотын залуус” кинонд 20-иод наснаас тунаж үлдсэн сайн найзууд болох Сэргэлэн, Хангай, Түвшөө нарын хэрхэн бие биенээ түшиж, дэмжиж байгааг харуулсан байна. 20-иод наснаас ялгаатай нь 30-аад насанд найзууд үгээр гэхээсээ илүү үйлдлээрээ нэг нэгэндээ дэм болж байдгийг тэдний нөхөрлөлөөс үзээрэй. Сэргэлэнгийн дүрийг жүжигчин, СТА О.Тэмүүжин, Хангайгийн дүрийг жүжигчин Ц.Ганбаяр, тэдний найз Түвшөөгийн дүрийг жүжигчин, СТА Д.Түвшинтөр бүтээжээ.

  • Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ.

Хүнд хэцүү тусламж хэрэгтэй цагт хамгийн түрүүнд бодогдож байгаа хүмүүс бол сайн найзууд байдаг. Өөрөө амжилттай явахаас гадна бие биенийхээ ажил, амьдралыг дэмжих найзуудын сэтгэлийг Хангай, Сэргэлэн хоёрын дүрээр тод томруун харуулжээ. Тэдэнд тохиолдсон алдаа оноо, бэрхшээл болгон нөхөрлөлийг нь улам бүр гүн гүнзгий болгох болно.

  • Эмэгтэйчүүдийн дунд ч жинхэнэ нөхөрлөл байдаг.

Эрэгтэйчүүдээс гадна эмэгтэйчүүдийн дунд ч гэсэн жинхэнэ нөхөрлөл байдаг гэдгийг Ариунаа, Дөлгөөн, Солонго нарын бие биенээ гэсэн сэтгэлээр харуулсан байна. Тэд нэг гэрт амьдардаг, нэгнийхээ сайн, муу бүх зан чанарыг мэдэх ч байгаагаар нь хүлээж авдаг, сэтгэл зүрхээрээ холбогдож чадсан маш сайн найзууд.  Дөлгөөний дүрийг жүжигчин, СТА Г.Нарансолонго, Ариунаагийн дүрийг жүжигчин Д.Ариунцэцэг, Солонгын дүрийг жүжигчин, СТА Д.Оюунтуул нар бүтээжээ.

  • Генералын эхнэр болохын тулд байлдагчтай гэрлэх хэрэгтэй.

Баян хүнтэй гэрлэхийг хүсдэг хүмүүс олон байдгийг нуух юун. Их хотын залуусын дунд ч мөн тийм нэгэн байх болно. Гэхдээ түүнтэй учирсан хайр дурлал энэ бодлыг нь өөрчлөх болно. Бэлэн зүйл хайх бус, хамтдаа бүгдийг бүтээх хэрэгтэй гэдгийг “Их хотын залуус” кинонд мөн харуулах болно.

Нөхөрлөл хүчтэй, дурлал бас хүчтэй, амьдралд дурлах нас, догдлох сэтгэл хэзээ ч ирж болно гэдгийг харуулсан “Их хотын залуус” олон ангит киног өнөө оройноос эхлэн “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзээрэй.


URL:

Нэр: Anonymous Огноо: 12 December 2015

arai bogino.

Сэтгэгдэл бичих