С.Зоригийн хөнөөгдсөн хэрэгтэй хүртэл холбогдох шахсан Эгийн голын УЦС-ын түүх

Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр мордсон. Түүний айлчлалаар олон чухал уулзалт яриа хэлэлцээр болно. Манайхны хувьд тэр дундаас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал маш чухалд тооцогдож байгаа юм. Тиймээс ч манай УИХ-ын холбогдох байнгын хороод шуурхай ажиллаж, зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ дэмжээд байгаа.

Энэхүү зээлийн тухай БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх үед яригдаж эхэлсэн билээ. Тухайн үед Хятадын тал хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Ингээд Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг нийт 3 удаа солилцож, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон уулзалтаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтоод байгаа юм.

Уг зээлийн нөхцлийн тухайд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх юм.

Энэхүү тэрбум ам.долларын зээлийн хөрөнгөөр эрчим хүчний болон зам барих төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл, Эрдэнэтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих төсөл, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20 гаруй км авто замыг барих төслүүдийг уг зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Уг зээл нь Монгол улсын өрийн таазад нөлөөлөхгүй гэж буй. Учир нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн өрийг өрийн таазад хамааруулахгүй байхаар заасантай холбоотой юм. Харин эргэн төлөлтийн тухайд Эгийн голын усан цахилгаан станц ажиллаж эхлээд олсон орлогоороо зээлийг барагдуулах юм гэсэн. Энэ цахилгаан станц манай улсын хамгийн хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэгч болохоос гадна байгаль орчинд ээлтэй төсөл гэгдэж буй. Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станц санхүүжилтээ бүрэн нөхөхөөр ТЭЗҮ хийгдсэн байгаа. Харин цахилгаан дамжуулах шугам, зам барих төслүүдийн тухайд төсвөөс зээлийг төлж барагдуулах ажээ. Тэгвэл энэхүү УЦС-ын төсөл хэрэгжих дээр тулаад байгаа үед түүхийг нь эргэн нэг дурсвал сонирхолтой байх болов уу.

АРДЧИЛАЛТАЙ ЗЭРЭГ ЯРИГДСАН ТӨСӨЛ

Бүр 1960-аад оны дундуур ЗХУ-ын мэргэжилтнүүд манай улсад УЦС барих боломжийн тухай судалгаа хийхдээ Эгийн голыг оруулсан байдаг. Тэгвэл уг асуудал манай улс дөнгөж зах зээлд ороод байсан үеэс л ажил болж, Азийн хөгжлийн банкны экспертүүд Монгол оронд усан цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос судалж эхэлжээ.

Ингээд урьд нь энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад буцалтгүй тусламж үзүүлэх, цаашид нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлттэй зээл олгож болох тухай саналаа Д.Бямбасүрэнгийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газарт 1991 оны тавдугаар сард танилцуулжээ.

Мөн оны наймдугаар сард төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилт авах тохиролцоонд хүрч, 1992 оны дөрөвдүгээр сард зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. Гэрээ ёсоор 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулсан байна.

Жилд 480 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, 220 МВт-ын суурилагдсан хүч чадалтай УЦС-ын төслийн баримт бичгийг тэр үеийн үнэ ханш, зах зээлийн нөхцөл, байгаль орчны байдлыг үндэслэн судалж боловсруулсан бөгөөд тухайн үедээ эдийн засгийн хувьд ашигтай гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

С.ЗОРИГ ХӨНӨӨГДСӨНТЭЙ ХҮРТЭЛ ХОЛБОГДСОН НЬ М.ЭНХСАЙХАН УГ ТӨСЛИЙГ БУДИЛУУЛСАНТАЙ ХОЛБООТОЙ

Гэвч 1996 онд АХ эвсэл сонгуульд ялж М.Энхсайханы Засгийн газар гарч ирснээр тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын ажлыг хойшлуулсан гэх.

Үнэн хэрэг дээрээ бол М.Энхсайханы Засгийн газар Малайзын талын 330 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг будилуулан Чехийн хэн ч мэдэхгүй “Техно-Арт” ч билүү компанид төслийг даатгах гэснээс болж Эгийн голын УЦС-ын төсөл зогссон гэдэг. Уг асуудалд С.Зориг агсан нарын АН-ын тухайн үеийн зарим нөлөө бүхий гишүүд шүүмжлэлтэй хандан УИХ-аас ажлын хэсэг байгуулан шалгаснаар төсөл нэгэнт бүтэлгүйтснийг тогтоосон гэдэг. Малайзын талын тухайд энэхүү УЦС-ын төслийг санхүүжүүлэх нь тодорхой болж, Ерөнхий сайд Махатхир нь хүртэл манайд айлчилж байхад ийн төслийн хувь заяаг таг гацаасан байдаг юм. С.Зориг агсны амь насыг 1998 онд хөнөөсний дараа зарим хүн Эгийн голын УЦС-ын төсөлтэй холбон хардаж байсан нь бий.

УЦС-ЫН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ СЭРГЭЛТ БУЮУ “ЭРЭЛ” Б.ЭРДЭНЭБАТЫН ХҮЧ ХҮРЭЭГҮЙ ҮЕ

Ийнхүү таг зогссон энэ төслийг 2006 онд тухайн үедээ М.Энхболдын Засгийн газарт түлш эрчим хүч хариуцсан салбарын сайдаар ажиллах болсон “Эх орон нам”-ын дарга “Эрэл”-ийн гэгдэх Б.Эрдэнэбат дахин сэргээн санхүүжилтийг нь олохоор баахан гүйсэн юм даг. Тэр үед БНХАУ Монгол Улсад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор яригдаж байсныг энэхүү төсөлд зарцуулах талаар Б.Эрдэнэбат санаачилга гаргасан билээ.

Эгийн голын усан цахилгаан станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн төсөвт өртгийг Швейцарийн “Пойри” инженерийн зөвлөх компани 2007 онд шинэчлэн хийсэн. Уг тооцоогоор төслийн өртгийг 327.8 сая ам.доллар гэж тооцсон. Гэвч 2007 оны сүүлчээр засаг шинэчлэгдсэнээр шинээр сайдын албанд морилсон Ч.Хүрэлбаатар уг төслийг царцааснаа зарлаж байлаа.

АНХ 300 САЯД БАРИГДАНА ГЭГДСЭН ТӨСӨЛ ЭДҮГЭЭ 800 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАРААР БАРИГДАХ НЬ

Тэгвэл уг төсөл 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсаны дараа гурав дахь удаагаа сэргээд байгаа юм. Энэ удаад Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн үүсгүүр хүчин чадлын бүтцийг өөрчлөн сайжруулж, тогтвортой ажиллагааг нь дээшлүүлэх, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой гэж тооцоолсон юм.

Энэхүү станцыг барьснаар жилдээ 10 сая ам.доллар хэмнэх ба хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх тооцоог гаргаж байсан. 2012 оны сүүлээр Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд Төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргаж даргаар нь УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг томилсон байдаг. Төслийн нэгжийн ажил ч өөдрөг байж энэ удаа УЦС баригдах асуудал шийдэгдэх дөхөж байх шиг. Эгийн голын УЦС-ыг барьснаар жилд 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэхээр ТЭЗҮ нь хийгдээд байгаа юм. Гэвч Эгийн голын УЦС-ын төсөл дээр ОХУ эсрэг байр суурьтай байдаг. Тэд Байгаль нуурын экологид уг станцыг нөлөөлнө гэж үздэг. Гэвч бараг 25 жил яригдсан энэхүү УЦС энэ удаа баригдах нь ойлгомжтой болж байх шиг.

О.Хуяг

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих