Сүү өргөх ёслол болно

Сүү өргөх ёслол болно

Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс Хамаг Монголын Ижий-Өүлэн эхийн хөшөөний цогцолборыг Монголынхоо бүх эхчүүдэд зориулан Монголын түүхэнд анх удаа бүтээн босгов.

Өүлэн эхийн хөшөөний цогцолборын нээлтэнд зориулсан “СҮҮ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын ажиллагаа Дорнод аймгийн Чойбалсан хотод Их Эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 12-нд зохион байгуулагдана.

Нээлтийн ажиллагаанд:

• Морин хуурын уянгат татлага дээжээс эгшиглүүлнэ.
• Уртын дууны түрлэг өргөнө.
• Сүүн цацал бүжиг бүжиглэнэ.
• Мөнх хөх тэнгэрт 108 ээж сүүн цацал өргөнө.

Энэхүү ёслолын ажиллагааны урилгыг нутгийн зон олон та бүхэндээ хүргэх ялдамд монголчуудынхаа цай, сүүний дээж өргөх зан үйлийн зарим зүйлийг тодруулан өгүүлэхэд илүүдэх юун билээ.

Цайны дээж өргөхдөө хэлсэн ерөөл, билэгдэлийн үгс нь их энгийн хэрнээ тухайн хүнд шинэ эрч хүчийг өгдөг хэмээн монголчууд эртнээс сүсэглэн, зан үйлдээ хэрэглэж ирсэн уламжлалтай.

Айл гэрийн эзэгтэй нар хань ижил, үр хүүхдийнхээ сэрэхээс урьтаж эртлэн босоод үс гэзгээ янзлан, цацал өргөхөд биеэ бэлдсэн байх учиртай. Цацал өргөхөд толгой болон хөл нүцгэн байж болдоггүй. Хэрвээ зайлшгүй тохиолдолд толгой нүцгэн гарахад хүрвэл толгой дээрээ нэг гараа тавиад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж нь хэт халуун байж болохгүй, Хөрсөн, эсвэл бүлээвтэр байвал сайн.

Дээж өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө. Цайны дээжээ өргөхөд муу муухай, болж бүтэхгүй үг хэлэхгүй байх хэрэгтэй. Жишээ нь: “Үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй” гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй. Ер нь үгийн хүч энергийг үргэлж санаж явууштай.

Ямагт сайн сайхан үгээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Тухайлбал: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байна гэж дотроо төсөөлөөд цацлаа нэг удаа өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна гээд бас нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гээд дээжээ өргөнө.

Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэдгийг монголчууд мөн эртнээс уламжилж иржээ. Учир нь бидний өвөг дээдсийн сүнс харанхуй болох үед энэ ертөнцөд ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдаг гэдэг. Тэдний наашаа ирэх замыг сүүн цацлаар гэрэлтүүлэн ундаалж, цангааг нь тайлдаг гэж үздэг ажээ. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойроо хулжаан, өвөг дээдэстээ балга сүү зориулан, тэдэндээ буян үйлдэхийн учрыг танин мэдэхийг хичээж, ахуй амьдралдаа хэвшүүлэх нь чухал юм.

Долоон бурхан одыг тэгшрэх үед сүү өргөж, ажил үйлээ даатган хүслээ хэлдэг сэтгэл зүйн заслыг монголчууд нэн эрхэмд үздэг. Зарим залуучууд маань долоон бурхан тэгшрэх цаг гэхээр сайн ойлгохгүй байж магадгүй юм. Долоо бурхан од тэгширсэн тэгшрээгүйг мөн сайтар ялгахгүй байж ч болох юм. Долоон бурхан одыг бид “шанага долоо” гэж нэрлэдэг шүү дээ. Шанага далий байвал дотор нь сүү хийгээд нэмэргүй, урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлье.

Долоон бурхан од тэгширдэг цаг:
Зун: 02:30 – 04:30
Намар: 21:30 – 23:30
Өвөл: 19:00 – 20:30
Хавар: 0:30 – 02:30
Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө, эсвэл цөөн хэдэн
хүнийг гуйж болдоггүй. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг тул
олон хүн, амьтанд аврал одуулахыг монголчууд эртнээс хичээж иржээ.
Нийт монголчуудын эх хэмээн өргөмжлөгдсөн Өүлэн эх өөрийн хөвгүүддээ “Тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэж явах болтугай” гэж ерөөл айлддаг байсан нь амьдарлын агуу их гүн ухаан ажээ.

Цайныхаа дээжийг өргөхдөө:

Үе үеийн өвөг дээдэс минь
Хөх мөнгөн тэнгэр эцэг минь
Хөрст алтан дэлхий эх минь
Ерэн өсөн /99/ тэнгэр минь
Гучин гурван /33/ хурмаст минь
Уул усны эздүүд минь
Ураг төрлийн онгодууд минь
Өвгөн буурал аав минь
Эмгэн буурал ээж минь
Харсан даасан тэнгэрүүд минь
Хар лусын савдгууд минь
Атаа таван тэнгэр минь

………………..жилтэй ……………………….овогтой ……………………….. гээд цацлын халбагаараа өргөнө.

Ийнхүү манай монголчууд өнө эртнээс сүү, цайгаа дээжилсэн цацлаар мөнх тэнгэртэйгээ харилцаж ирсэн уламжлалтай.

Та бүхнийг минь тэнгэр өршөөж, газар ивээх болтугай.


URL:

Сэтгэгдэл бичих