Нийгмийн ухааны доктор, профессор Э.Д.Дагбаев: Монголын Залуучуудын нийгмийн ухамсарыг судална

5af0d6be-2ade-4819-b256-232c87f4bd2aМЗХ-ны дэргэдэх Сургалт Судалгааны Полиси Төв, ОХУ-н Буриадын Их Сургууль, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтарсан баг байгуулж “Монголын өнөөгийн залуучуудын нийгмийн ухамсар” сэдэвт судалгааны ажил эхлүүллээ. Мөн энэ ажлын хүрээнд хоёр улсын залуучууд судлалыг хөгжүүлэх чиглэлээр Сургалт, Судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, Хамтарсан Судалгааны багийн ахлагч Эрдэм Данзанович Дагбаев нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Хамтарсан Судалгааны багийн ахлагч  Нийгмийн ухааны доктор, профессор Э.Д.Дагбаевтай цөөн хором ярилцлаа.

“Монголын өнөөгийн залуучуудын нийгмийн ухамсар” сэдэвт судалгааны ажил эхлүүлэхээр боллоо. Энэхүү судалгааны ажлын зорилго, ач холбогдол юу вэ?

Монголын залуучуудын нийгмийн ухамсрыг судлах асуудлыг анх санаачилсан Нийгмийн ухаан, улс төр, математикийн чиглэлээр судалгаа хийдэг Буриад Улсын их сургуулийн эрдэмтэн судлаачид. Бид нийгмийн шинжтэй өргөн олныг хамарсан судалгааг явуулах хүсэлтэй байгаа. Нийслэл, хөдөө орон нутгийн 16-39 насны нийт залуучуудыг хамруулах зорилт тавьсан. Залуучуудын холбооны ангилдаг таван насны ангиллаар тогтоосон. Мөн боловсрол, нийгмийн ямар харилцаанд ордог, ямар ажил эрхэлдэг зэргээр нь бас авч үзнэ. Нэг үгээр хэлбэл бүх талаар нь залуучуудыг судлах юм.

Энэхүү судалгааны ажил одоо ямар шатандаа явж байгаа вэ?

Судалгаа хэд хэдэн үе шаттай явагдана. Одоо бол ямар байдлаар судалгааг явуулах тухай анхны шатны ажил бараг дуусах гэж байна. Үүний дараагаар шууд судалгаандаа орно. Тухайлбал залуучуудын харьцаа, бодол санаа, улс төрийн ухамсар, шашин, ертөнцийг үзэх үзэл, дэлхий ертөнцөд болж байгаа янз бүрийн үйл ажиллагаануудад яаж хандаж байна гэдгийг судална. Гуравдугаар шатанд залуучуудад өөрөөс нь болон хөндлөнгөөс ямар нөлөөлөл гарч байна, учир шалтгаан нь юундаа байна вэ, яагаад ухамсар нь ийм байна гэдэг дээр судалгаа дүгнэлт хийнэ.

Та бүхэн судалгааныхаа үр дүнг хэрхэн харж байна вэ?

Бид түүнийг урьдчилан таах аргагүй шүү дээ. Сайн, муу ямар ч зүйл гарч болно.  Харин нөлөөллийн учир шалтгааныг мэдэж авах нь бидний зорилт юм. Эхний судалгаагаар ямар зүйлд, юунд санаа зовоод байна вэ гэдгийг асуухад залуучууд  маань эдийн засгийн хямрал, баян ядуугийн ялгаа, ёс суртахууны хямрал гэсэн зүйлүүдэд түлхүү санал өгсөн. Энэ мэтчилэн тодорхой хэмжээний олон асуултууд байгаа. Хамгийн гол нь залуучууд маань юу бодож сэтгэж явдаг, дотоод сэтгэл нь хаашаа хөгжиж байна, тэдэнд гэр бүл болоод бусад ямар хөндлөнгийн нөлөөллүүд гарч ирж байна гэдэг сонин байдаг. Энэ бол шинжлэх ухаан талаасаа нарийн төвөгтэй асуудлуудын нэг л дээ.

Судалгаа хэдий хугацаанд явагдаж дуусах вэ?

Урьдчилсан судалгаа энэ онд явагдаад дууслаа. Дараагийн гүнзгийрүүлсэн судалгаа ирэх оны эхний хагасаас хийгдэж дуусна. Нэг жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт сая гарын үсэг зурлаа. Ер нь бол гурван жилийн хугацаанд үргэлжлэх байх. Биднийг дэмжигч байгууллага болох Оросын ШУА-ийн нийгмийн ухааны судалгааны фондоос дэмжлэг авахын тулд эхний ажлаа дүгнүүлэх ёстой. Ингээд дараагийн асуудлаа дэвшүүлж ажил үргэлжлэх юм.

Судалгааны үр дүнг олон нийтэд хэрхэн хүргэх вэ?

Урьдчилсан судалгаа одоо он дуустал үргэлжилнэ. Монголын Залуучуудын Холбоо, ШУТИС бидний асуулгын судалгаанд хамтран ажиллаж байгаа. Эрдэмтэд судлаачдын дунд хэлэлцүүлэг, онол практикийн бага хурал хийх, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд бүтээлээ нийтлэх ажлуудыг хийгээд эхэлсэн. Арванхоёрдугаар сард Москвад болох улстөр судлалын онол практикийн хурал дээр энэ тухай танилцуулна. Эцсийн үр дүнг хэлэх болоогүй ч гэсэн судалгааныхаа үйл явцын талаар ярилцана. Түүнчлэн МЗХ-тэй хамтын ажиллагааныхаа талаар танилцуулна. Энэ нь эрдэмтдэд их сонирхолтой мэдээлэл болох бөгөөд МЗХ-ны үйл ажиллагаа ч Орост танигдана гэсэн үг.

Яагаад заавал МЗХ-г сонгож байна вэ?

Бид хэнийг хамтрагчаар сонгож авбал болох вэ гэдгийг хүртэл судалдаг багтай. Тэгэхээр МЗХ-г зүгээр ч нэг сонгож аваагүй юм. Энэ байгууллага 21 аймаг, 9 дүүрэг бүрт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Үндэсний хэмжээний хамгийн том залуучуудын байгууллага. Тэр утгаар нь зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн.


URL:

Сэтгэгдэл бичих